“ЭСЯ-ны ажилтнууд шаардлага хангахгүй байгаа нь үнэн”
Сайдын цаг уулзалтад өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож Монгол Улсын гадаад харилцааны салбарт хийсэн ажил, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гадаад хэргийн сайд мэдээллийнхээ эхэнд төрийн өндөр түвшний олон айчлал дараалан болж байгааг онцолсон юм. Тухайлбал
Мьянмарын гадаад харилцааны сайд өнөөдөр айлчилж байгаа бол нөгөөдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд анх удаа айлчилна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдЭмират руу албан ёсны айлчлал хийхээр явж байгаа бол Ерөнхийлөгч Япон руу ажлын айлчлал хийхээр төлөвлөснийг дурдсан.
Тэрбээр “Би Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын гадаад бодлогын зөвлөхөөр 10 жил ажилласан. Тэр хугацаанд олон хүн “Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл юу байна вэ” гэж асуудаг байсан. Хүмүүс голдуу буруутнаа гаднаас хайдаг. Орос уу, Хятад уу аль нь илүү аюул учруулдаг вэ гэж асуудаг. Би нэг л зүйлийг хэлдэг. Энэ хоёроос хамаарахгүй. Нэгдүгээр зэргийн нөлөөлөх зүйл бол дотоодын эв нэгдлийн асуудал. Дотооддоо эв нэгдэлтэй байж, гадаадад нэг цонхоор, нэг амаар ярьж байж гадаад бодлого маань амжилттай болно. Өмнөх засгийн газар биш, тэрний өмнөх, өмнөх засгийн газрууд ч гэсэн гадаад бодлогыг нэг цонхооор явуулах асуудалд алдаа гаргаж байсан. Ялангуяа хоёр хөрштэй харьцдаг асуудал дээр ихээхэн хэмжээний алдаа, дутагдал гарч байсан. Гадныхны олз болно гэсэн үг шүү дээ. Сайд нар нь өөр юм ярина, УИХ-ын гишүүд нь өөр, өөр байр суурь илэрхийлнэ. Иймэрхүү алдаа гарч байсан учраас нэг цонхны бодлогыг баримтална гэсэн зорилтыг ажлаа аваад эхний өдрөөсөө тавьсан” гэсэн юм.
Тэрбээр бидэнд нэгдсэн бодлогогүй явж ирсэн гашуун туршлага байгааг сануулсан. Тодруулбал, Хятадаас авсан 300 саяын иенийг Монголын тал юунд авах вэ гэдгээ таван удаа өөрчилсөн удаатай нэг. Өөрөөр хэлбэл шинэ сайд, шинэ Засгийн газар гарахаар өмнөхөө үгүйсгээд, Хятадын тал сүүлдээ ойлгохоо больсон гэнэ.
Тиймээс салбарын сайд хамгийн их алдаа гарч байсан Орос, Хятад хоёр дээр анхаарч Монгол, Орос, Монгол Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нь хуучин шадар сайд байсныг өөрчилж Гадаад хэргийн сайдад өгсөн байна. Мөн орон нутгийн түвшинд аймаг, сумын дарга нар гаднаас санхүүжилт авч айлчлал хийдэг байдлыг хумиж эхэлжээ. Мөн Гадаад бодлого, гадаад харилцаанд хийгдэж байгаа гол, гол мэдээллээр төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг хангах, яамны шийдвэр гаргаад гадаад харилцааны гол, гол ажлууд, дэлхий дахины чиг хандлагыг тогтмол мэдээлдэг мэдээллийн сүлжээг бий болгосон байна.
Гадаад бодлогыг цогцоор нь явуулах нь чухал гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцолсон юм. Гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого гэсэн гурван зүйлээс бүрддэг байна. Анхдагч нь соёлын гадаад бодлого. Дипломат харилцаа тогтоогүй байхад аливаа ард түмэн соёлоороо дамжуулж бие биенээ танин мэддэг байсан. Дипломат харилцаа тогтоод улс төрийн харилцаанд орсноороо цаашаа эдийн засгийн бодлого яригддаг. Тийм учраас энэ гурвыг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн үндсэн дээр Гадаад харилцааны яамны бүтцэд өөрчлөлт хийсэн гэж байлаа. Үүний хүрээнд Эдийн засгийн гадаад харилцааны газрыг байгуулсан байна. Эдийн засгийн талаар нэг цонхны бодлогоо хэрэгжүүлж, зохицуулалт хийж байгаа аж. “Өмнө нь Соёлын маш том газартай байсан. 1990 оноос хойш байхгүй болсон байсан. Тэрийг Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар гэж шинэчлэн байгуулсан. Дэлхий дээр Монгол Улсын нэр хүндийг өргөх, зөв имиж бүрдүүлэх, зөөлөн хүчний бодлогод анхаарч байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 46 дипломат төлөөлөгчийн газар, консулын газар 32 нь элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж байна. Гадаад хэргийн яам 142 хүний орон тоотой юм байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Намайг 26 жилийн өмнө Москвагийн олон улсын харилцааны сургууль төгсөөд гадаад яаманд шинэ ажилтнаар орж байхад 130-140 хүний орон тоотой л байсан. 1990 оны гадаад харилцаатай харьцуулахад одоо бидний гадаад харилцаа бол хэд дахин томорсон. Гэтэл хүн хүчний тоо хэвээрээ байна. Төр засаг энэ дээр анхаарах ёстой. Гадаадад элчин сайдуудын яаманд 340-өөд хүн ажилладаг. Дэлхийн жишгээр бол нийт дипломатуудын 3/2 нь гадаадад 3/1 нь дотоодод ажиллах ёстой. Бид яаманд 170 хүний орон тоотой байж ажлаа хэвийн явуулах болов уу гэж үзэж байгаа. ЗХУ-ыг хуучин дагаж байж боловсон хүчний бодлого дээр алдаа гаргасан байдаг. Том гүрнүүд бол орон дамнасан мэргэжилтэн бэлтгэдэг. Хүн хүч багатай манай орны хувьд дипломатууд нь аль ч орон ажиллах боломжтой чиглэл рүү барьж байгаа” гэлээ.
Салбарын сайд Элчин сайдын яамдын ажилтнууд шаардлага хангахгүй байгаатай санал нэг байгаагаа хэлсэн юм. Тэрбээр “Гадаад хэргийн яам, дипломат алба бол төрийн тусгай алба байдаг. Төрийн тусгай албаны шалгалт өгч байж ордог. Гэтэл 142 орны орон тоон дээр 157 хүн ажиллаж байсан. Яаж санхүүжүүлж, яаж цалинг нь өгч байсан юм мэдэхгүй. Засгийн газраас 15 хувийн цомхотгол хий гэсэн чиглэлийг өгсөн. Тэрний дагуу боловсон хүчний бодлогод сайд оролцохгүй. Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хоёртоо хэлсэн “Тэтгэвэрт гарах боломжтой хүмүүсийг гарга гээд 7-8 хүн тэтгэвэрт гарсан. Дээрээс нь илүү орон тоог нь хуульд бариулах ямар арга байна вэ гэсэн. Төрийн үйлчилгээний ажилтны статустай өөрөөр хэлбэл төрийн тусгай албаны шалгалтаа өгөөгүй юмуу эсвэл өгөөд уначихсан, зарим нь 3-4 удаа шалгалтад тэнцээгүй. Тэгсэн мөртлөө төрийн тусгай албаны дипломат ажлын орон тоон дээр ажиллаж байгаа 20-иод хүн байна. Эдгээрийг чөлөөлж, дахин шалгалт авч, тэнцснийг нь авах боломж байна гэсэн. Энэ дагуу би зарчмыг батлаад, боловсон хүчний асуудлаа шийдье гэсэн чиглэлийг өгсөн” гэсэн юм.
-Гадаад харилцааны яаманд халаа сэлгээ үргэлжилсэн гэх мэдээлэл нэлээд гарсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-40 гаруй хүн халсан гэх ор үндэслэлгүй мэдээлэл гарсан. Төрийн тусгай алба,дипломат ажил гэдэг хуулийн хүрээнд ажилладаг, тангараг өргөдөг онцлогтой. Нууцтай харьцдаг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Тиймээс энэ байдлыг харгалзаж хуулиа баримталж ажиллах ёстой. Хуулийг сахиулах нь ардчилсан засгийн нэг чухал зүйл. Гадаад хэргийн яаманд очоод мөн л үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Элчин сайдын яамдад төрийн байгууллагад нэг ч удаа ажиллаж үзээгүй, тухайн үеийн удирдлагууд нь томилчихсон, компьютер дээр ажиллаж үзээгүй, мэргэжлийн дипломатын шалгалт өгөөгүй 70-аад хүн ажиллаж байна. Тиймээс энэ хүмүүсийг дипломат албаны болон хэлний шалгалтад оруул гэдэг шаардлагыг тавьсан. Шалгалтандаа тэнцвэл үргэлжлүүлэн ажилла, тэнцэхгүй бол зайгаа тавьж өг гэдэг зарчим барьж байгаа. Ирэх зургадугаар сард амралтаа зохицуулаад Монголдоо ирж шалгалтаа өгөөрэй гэсэн. Элчин сайд нарт хүмүүсээ шалгалтад бэлдүүлж, аль болох тэнцүүлэх талаас нь ажилла гэдэг үүргийг өнгөрөгч нэгдүгээр сард өгсөн.
-Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, туслалцаа үзүүлэх асуудал манай яамны гол үүргийн нэг. Нөгөө талаас иргэдээс нь өөрсдөөс нь шалтгаалах зүйлүүд их бий. Өнгөрсөн жил гэхэд 297 гэмт хэрэгт холбогдсоноос 89 хүн амиа алдсан. Он гарсаар 38 иргэн хилийн чанадад амиа алдсан тоо байна. Мэдээж үүн дотор золгүй байдлаар юмуу өвчний улмаас нас барж байгаа тохиолдлууд бий. Өнгөрөгч хоёрдугаар сард Францад дөрвөн Монгол залуу авто ослоор амиа алдсан. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр шөнөжин ажиллаад хол замд нойргүй машин жолоодсоноос зүүрмэглэж, том оврын ачааны тэрэгтэй мөргөлдсөн. Малайзад 4 Монгол эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэг нь цонхоор үсэрч амиа алдсан гээд олон тохиолдол байна. Хилийн чанадад Монголчууд нэг нэгнийхээ эрхэд халдах, хоорондоо маргалдаж асуудал үүсгэх тохиолдлууд гарч байна. Монголчууд хоорондоо зодолдоод нэгнийхээ аминд хүрсэн бол гадны хуулийн байгууллага төдийлөн авч хэлэлцэхгүй байх нь бий. Гадаад хэргийн яам өөр улсад асуудалд орсон иргэндээ туслалцаа үзүүлэх сантай. Өнгөрсөн жил энэ сангаас 230-аад сая төгрөгийн тусламж үзүүлсэн бол он гарсаар 40-өөд сая төгрөгийн тусламж үзүүлээд байна. Дээрээс нь хилийн чанадад зорчихдоо асуудалд орохоос сэргийлэх асуудал их чухал. Гэтэл манайхан ямар ч бэлтгэлгүй явчихдаг. Энэ нь эргээд бичиг баримтын болон бусад асуудлыг үүсгэдэг. Гадаад улсад очсон иргэн болгон ЭСЯ-даа бүртгүүлдэггүй. Ингээд асуудалд орохоор ЭСЯ-ных нь утасны дугаар ч байдаггүй. Арга буюу ар гэрийнхэндээ хэл дуулгаж, албаны хүмүүст мэдээлэл хугацаа алдаж ирдэг.
-БНСУ-д жуулчны визээр гараад харлах, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэн гэх мэдээлэл байна?
-Өмнө нь манайхан Солонгост жуулчны визээр очоод хууль бусаар хөдөлмөр эрхлэх тохиолдол их байсан. Одоо байдал харьцангуй дээрдсэн. Хууль ёсны дагуу ажиллаж байгаа хүмүүсээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Солонгост төлсөн даатгалын мөнгийг нь нөхөн олгох зэрэг ажлыг хийж эхэлж байна. Нөгөө талаас визний асуудлаа хөнгөвчлөх асуудлаар олон жилийн турш ярилцаж байгаагийн үр дүнд Монголын топ аж ахуй нэгжид тогтвортой ажиллаж байгаа хүмүүсийн визэнд хөнгөлөлт үзүүлж байна. Өөрөөр хэлбэл ямар нэг барьцаа шаардахгүйгээр виз гаргаж өгч байна.
-Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд ямар тодорхой ажил хийгдэж байна вэ?
-Саяхан Хятадаас нэг, Казакстанаас хоёр иргэнийг шилжүүлэн эх оронд нь ял эдлүүлэхээр болоод байна. Өнөөдрийн байдлаар 19 оронд Монгол Улсын 165 иргэн хорих ял эдэлж байна. Боломжтой хэмжээнд иргэнээ шилжүүлэх асуудал яригдаж байна. Одоо бид цаазын ял сонссон хүнийг ч эх оронд нь авчирах эрхзүйн боломж бүрдсэн. Хэдэн жилийн өмнө Хятадад хар тамхины хэргээр цаазын ял сонсоход Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадын Ерөнхийлөгчид захидал бичиж байж цаазын ялыг нь бүх насаар хорих болгон өөрчлүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд Ганц модны гарцаар Хятад руу хар тамхины хольцтой байж болох зүйлийг биедээ нуун нэвтрүүлэх гэж байгаад дөрвөн иргэн саатуулагдлаа. Одоогоор нэг нь Өвөрмонголд хоригдож байгаа бол нөгөө гурав нь гадуур байцаагдаж байна. Гадуур шалгагдаж байгаа гурван иргэнээ шилжүүлэн авчрахаар хөөцөлдөж байна.
-Гадаад хэргийн яамны ажил Төрийн нарийн бичгийн даргын асуудлаас болоод гацаж байна гэх мэдээлэл гарсан. Та Төрийн нарийн бичгийн даргатайгаа ойлголцож чадахгүй ийм асуудал үүсээд байгаа юмуу?
-Төрийн нарийн бичгийн дарга бид хоёр таарахгүй байгаа асуудал биш л дээ. Би Болдбаатартай олон жилийн өмнөөс танил. Төрийн албан зөвлөлөөс манай яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль зөрчин томилсон учраас эрхзүйн чадамжгүй гэдэг албан бичгийг Засгийн газарт өгсөн юм билээ. Энэ утгаараа зарим тушаал шийдвэр гаргахад хүндрэлтэй асуудал үүсч байгаа зүйл бий. Боломжоороо зохицуулаад явж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.
-Монгол Улс дэлхийн хэдэн улстай дипломат харилцаа тогтоосон байдаг вэ. Цаашдаа хэдэн дипломат харилцаа тогтоохоор ярилцаж байна?
-НҮБ 198 гишүүнтэй. Монгол Улс 1990 онд 98 оронтой дипломат харилцаатай байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох уриалга гаргасны дагуу Гадаад хэргийн яам Л.Болд сайд маш идэвхитэй ажилласан. Одоо дипломат харилцаа тогтоогоогүй 10-аад орон үлдсэн байна. Аливаа тусгаар улс өөрийн төлөөлөгчийн газартай байх ёстой. Манай улс 46 оронд дипломат төлөөлөгчийн газартай. Хэдийгээр интернэт хөгжсөн ч тухайн улсад төлөөлөгчийн газартай байх нь дипломат шугамаар хийгддэг ажлыг амжуулах, нарийн мэдээлэл авах ажлыг технологийн хөгжил сольж чадахгүй.
-Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцлээ, хасах руу орлоо. Гадаад хэргийн яам энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн ажил байна уу?
-Гадаад яам дангаараа хөрөнгө оруулалт оруулаач гэж болохгүй. Гадаад харилцааг эдийн засагжуулах асуудал дэлхийн олон улсад яригдаж байна. Үүнийг бид хийсвэр ойлгож, эдийн засгийн зөвлөх нэртэй хэдэн хүн томилоод явж байсан үе бий. Гадаад хэргийн сайдын хувьд би Засгийн газарт “Дотооддоо нэгдсэн нэг амтай” байх асуудлыг тавьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт хасах руу орсон. Яагаад бүгд гараад явчихав гэхээр “Танай хууль эрхзүйн орчин тогтворгүй байна” гэдэг. Норвеги улс газрын тосондоо 78 хувийн татвартай. Гэтэл тэнд хөрөнгө оруулалт байсаар л байна. Гадны хөрөнгө оруулагчид татвар өндөр байна гэж ерөөсөө хэлэхгүй байгаа шүү дээ. Бидний хамгийн том алдаа бол улстөрийн тогтворгүй байдал. Нэг Засгийн газар нь нэг зүйл эхлүүлэхээр нөгөө Засгийн газар нь үгүйсгэдэг. Би Гадаад хэргийн сайдын ажлаа аваад ганцхан Хятад улс руу айлчлал хийсэн. Өөр айлчлал хийхгүй гэсэн. Төр засгийнхаа бодлогыг тодорхой болгож байж л Гадаад хэргийн сайдын хувьд ажил ярина уу гэхээс шийдэгдээгүй асуудлын талаар юм яриад яахав дээ. Энэ үүднээс олон талт арга хэмжээнүүдэд л оролцож байна.
С.ОТГОНСҮРЭН