Монгол Улс болон Бүгд Найрамдах Унгар Улсын хоорондын гэрээний дагуу Унгарт ажиллаж байсан монголчууд тус улсаас тэтгэвэр авдаг боллоо. Эхний удаад Монгол Улсын есөн иргэн тухайн улсад ажилласан жилдээ ногдох тэтгэврийг Унгар Улсын талаас тогтоолгон авч эхэлжээ.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахын тулд 2012 онд дөрөв, 2013 онд 55, 2014 онд 35, 2015 онд тав, нийт 99 иргэний эх орондоо болон Унгарт ажилласан хугацааны мэдээллийг харилцан солилцжээ. Үүний дүнд сар бүр 100.000 форинтын тэтгэврийг Унгараас дээрх иргэдийн банкны данс руу шилжүүлэх болжээ. Цаашдаа ч хамрагдах хүний тоо ба мөнгөн дүн нэмэгдэх юм байна.
Манай улс БНУУ-аас гадна БНСУ, Казакстан, ОХУ зэрэг орнуудтай хамтын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа юм. Польш, Молдав, Буриад, ӨМӨЗО зэрэг улс орнуудын нийгмийн хамгаалал, тэтгэврийн асуудал хариуцсан байгууллагуудтай түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэлжээ. Ингэсний хүчинд дээрх орнуудад ажил хөдөлмөр эрхэлж байсан монгол иргэд Унгарын нэгэн адил тэтгэвэрт хамрагдах боломж бүрдэх ажээ.
Д.ЦЭЭНЭ