Шинэ хуульд хориг тавиулахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Шинэ хуульд хориг тавиулахыг хүсч байна

Нэгдсэн хоёрдугаар клиникийн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Энхсайханаас Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ямар заалтуудыг эмч нар эсэргүүцэж байгаа талаар тодрууллаа.

-Шинэ хуулийн төсөлд хариуцлага алдсан эмч нарт авах арга хэмжээ, тодруулбал, торгуулийн хэмжээ өссөнийг эсэргүүцэж байгаа юм байна. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ажилладаг хүмүүст хариуцлагыг нь чангатгахад яагаад эсэргүүцэж байгаа юм бэ?

-Юуны түрүүнд энэ хуулийг түүхий түргэн хуумгай баталсан гэж хэлэх байна. Ерөнхийлөгчийг хугацаанд нь амжиж хэсэгчилсэн хориг тавихыг бид хүсч байгаа. Шинэ хууль есөн бүлэг, 46 зүйлтэй. Үүний найман заалтыг бид эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан 1-8 төрлийн захиргааны шийтгэл хүлээлгэхээр заажээ. Энэ зүйлд заасан шийтгэлийн хэлбэр болох торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, 10-25 болон 25-50 дахин нэмэгдүүлэхээр тогтоосон байгаа юм. Энэ торгуулийн хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хэмжээтэй адилхан байгаа нь хэтэрхий чанга гэж бид үзэж байгаа.

-Эмч эмнэлгийн ажилтнууд торгуулийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг алдаа хариуцлага их гардгаа нөгөөтэйгүүр хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдож байна?

-Шинэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т зааснаар үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоож, оношилгоо, эмчилгээ, урьдчилсан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах тухай заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор байгаа юм. Энэ нь өвчний түүх бичих стандарт болон бага зэргийн үг үсгийн алдаа гаргасан ч дээрх хэмжээгээр торгуулах болно гэсэн үг.

Эмч нар өнөөдөр өдөрт хэдэн хүн үзэж, оношилж, эмчилж байгаа билээ. Нэг хүнд ногдох үйлчлүүлэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа ийм үед ачааллыг нь хөнгөлөх талаар ажил зохион байгуулахгүй байж яллах, торгоход ийм өндөр торгууль тогтоож байгаад харамсалтай байна.

Бид энэ суултаараа хариуцлагаас зугтах гэсэнгүй. Өндөр хариуцлага дор ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд салбарын удирдлага зөв менежмент хийх хэрэгтэй байгаа юм. Харин ч эсрэгээрээ эмч нарыг гэсгээн цээрлүүлэх маягтай байх бол эмч, эмнэлгийн ажилтнууд мэргэжлээрээ ажиллахаас татгалзах болно. Нөгөөтэйгүүр хүнд нөхцөлд ажиллахдаа гаргасан алдаагаа нуух, худал мэдээлэх тогтолцоо бий болж болзошгүй.

-Эмч нар зэрэг дэв, мэргэжлээсээ хамаараад өдөрт хэдэн хүнийг оношилж, хэдэн хүнийг эмчлэх нормтой байдаг юм бэ?

-Шинэ хуульд энэ тухай ерөөсөө заагаагүй байгаа. Гэтэл эмнэлгээр өдөрт хэдэн зуун хүн үйлчлүүлж байна. Улаанбаатар хотын иргэд бараг хоёр саяд хүрэх гэж байхад эмч, эмнэлгийн ажилтны тоо ерөөсөө нэмэгдээгүй. Тэгэхээр бидний ажиллах орчин, байр сав, техник, тоног төхөөрөмжийг сайжруулж өгөөгүй байж бидэнд ямар хариуцлага тооцохоо урьтал болгож байна шүү дээ.

Гэтэл өдгөө манай эмч, эмнэлгийн ажилтнуудын дундаж цалин 235 000-368 000 мянган төгрөг байгаа. Багахан алдаа гаргахад иймхэн цалинтай эмч хүн хоёр жилийн цалингаараа торгуулах нь.

-Эмч, эмнэлгийн ажилтны гаргасан яг ямар зөрчлүүдийг Эрүүгийн хуулиар зохицуулахгүй байх юм бэ?

-Харин яг ямар зөрчилд нь шүүх, аль зөрчилд нь улсын байцаагч арга хэмжээ авахыг ялгаж заагаагүй байгаа юм. Мөн арга хэмжээ авахуулсан эмч, эмнэлгийн ажилтнууд дээд байгууллага, шүүхэд гомдол гаргаж эрхээ хамгаалуулах эрхийг хуульд заагаагүй нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

-Шинэ хууль өвчтөнүүдийг эмчлэх, хүлээн авахад ямар нэгэн өөрчлөлт тусгасан уу?

-Зориулалтын бус авто машинаар авчирсан өвчтөнийг хүлээж авахгүй байх утгатай заалт байгаа юм. Өнөөдрийн Улаанбаатарын нөхцөлд тийм боломж байхгүй ш дээ. Түргэн тусламжийн эмч, машиных нь хүрэлцээ хэр байгаа билээ. Яаралтай түргэн тусламж авах хүний ар гэрийнхэн өөрсдөө хүнээ аваад ирвэл хүлээж авахгүй байх юм шиг байгаа юм.

-Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн томилгоонд улс төрийн оролцоо байх талаар яриад байгаа. Энэ нь яг ямар учиртай заалт юм б
э?

-Тус хуулийн 17-р зүйл нь улсын үйлчилгээтэй гурван шатлалын эмнэлгүүдийн удирдлагуудыг эрх мэдэлгүй болгож, Эрүүл мэндийн яамнаас томилогдох “Удирдах зөвлөл” гэгчээр эмнэлгүүдийг удирдуулах болжээ. Харин энэ удирдах зөвлөлийг гишүүнийг гурван жилийн хугацаатай эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно гэж байгаа. Засгийн газрын гишүүн бол аль нэг нам, улс төрийн л хүн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яалт ч улс төрийн томилгооны хүмүүс байдаг болох нь ойлгомжтой байгаа биз дээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж