Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хулан нарт холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцжээ. Б.Хулан нь Н, Э нарыг хил давуулан худалдаалах санаа, зорилготой байсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэж чадаагүй тул түүний үйлдлийг хил давуулан хүн худалдаалахыг завдсан гэж үзэж, хуульд заасны дагуу ялыг таван жил хорих болгон хөнгөрүүлсэн байна. Мөн бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар улсын хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт бусдаас хуурамч бичиг баримт олж авах, уг гэмт хэргийг зохион байгуулах зэргээр оролцсон гэм буруутай гэж үзсэн байна. Харин Н, Э нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Хэргийг сануулахад Б.Хулан нь ашиг олох зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны өдөр Н, Э нарыг “БНХАУ-ын Эрээн хотын сауны газарт сард 600 мянган төгрөгийн цалинтай массажистын ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн, тэдний гэр бүлийн таагүй орчин, эдийн засгийн болоод амьдрал ахуйн хүнд байдал зэрэг эмзэг байдлыг далимдуулан элсүүлж, галт тэргээр тээвэрлэн авч явж, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хил давуулан худалдаалсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна. Харин энэ хэргийн хохирогч болох Н, Э нар нь хуурамч бичиг баримтаар Дорноговь аймгийн Замын- Үүд боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн шүүх анхан шатны шүүхээс Б.Хуланд 10 жил нэг сарын хугацаагаар хорих ял ногдуулсан ч Дээд шүүх ялыг таван жил болгон хөнгөрүүлсэн байна.
Б.Сайн