15 саяын үнэтэй “амбаар”

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

15 саяын үнэтэй “амбаар”

Нийслэлийн төв зам дагуу “Тамхи татах цэг” гэх цоожтой шилэн хорго байрлаад гурван сарын хугацаа өнгөрч байна. “Бөмбөгөр” худалдааны төв, “Бөхийн өргөө”, Сансарын тунель, Халдвар судлалын үндэсний төв, Жуковын ойролцоо гээд нийт 20 газарт уг цэгийг байрлуулаад байгаа талаар албаныхан онцолж буй. Ороод тамхи татах боломжгүй атлаа нэг бүрийг нь 15 сая төгрөгөөр захиалж мөнгийг нь төсвөөс гаргуулсан гэх энэхүү шилэн хоргыг хэн, ямар зориулалтаар, хэний зөвшөөрлөөр хотын төв гудамжуудад байрлуулсан нь одоог хүртэл эргэлзээтэй хэвээр байна.

Гудамжаар алхах иргэдэд зориулж тамхи татуулахаар “амбаар” бэлдэж өгөхийн оронд хогийн савны тоогоо хангалттай нэмээд өгчихвөл жинхнээсээ “good job” болно гэдгийг албаныхан ч хэлж байгаа юм.

УИХ-аас Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулснаар “Тамхи татах цэг” байгуулах шийдвэр аль өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Энэхүү шийдвэр гарсны маргааш шахуу шөнийн цэнгээний газар, үйлчилгээний төв, пааб, ресторан зэрэг газрууд үүдэндээ хогийн сав байрлуулаад өнөөх “Тамхи татах цэг”-ийг хялбар бас хямд төсөр шийдчихсэн. Гэтэл хялбархан ажилд ч гэсэн заавал ч үгүй багагүй мөнгө зарцуулж, олон гарын үсэг зурах цуглуулах дуртай төрийнхөн одоо болтол тамхи татах цэгээ шийдээгүй байгаа нь энэ. УИХ-аас гаргасан шийдвэрээр бол “Тамхи татах цэг”-ийг байгуулах ажлыг харъяа дүүрэгт нь хариуцуулаад өгчихсөн. Гэтэл энэхүү тамхи татах зориулалттай гэх шилэн хоргыг харъяа дүүргийн удирдлагууд нь огтхон ч мэдэхгүй байгаа юм. “Жил гаруйн өмнө татан буугдсан “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийнхөн энэхүү цэгийг захиалж хийлгэсэн” гэдгийг нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга О.Нарантуяа хэлсэн. Ямар учраас жил гаруйн өмнө татан буугдчихсан байгууллага, тамхи татах цэг байгуулахыг хориглосон үед төсвийн мөнгөөр/нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мөнгийг нь шийдсэн/ ийнхүү тамхины цэг бариулчихсан болохыг мэдэх албан тушаалтан нэг ч алга. Тодруулахад, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар нэгтгэл, нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа дүүргийн удирдлагууд бүгд л энэ талаар бараг ойлголтгүй, яг хэзээнээс ажиллуулж эхлэхээ ч сайн мэдэхгүй байсаар л.

Гудамжаар алхах иргэдэд зориулж тамхи татуулахаар “амбаар” бэлдэж өгөхийн оронд хогийн савны тоогоо хангалттай нэмээд өгчихвөл жинхнээсээ “good job” болно гэдгийг албаныхан ч хэлж байгаа юм. “Цэг байгуулж байна гэж мөнгө зарахын оронд хогийн савныхаа тоогоо хангалттай нэмэгдүүлэх хэрэгтэй. Бидний хийсэн судалгаагаар тамхичдын ихэнх хувь нь гадуур явахдаа явуут дундаа тамхиа татдаг нь нотлогдсон тул хогийн сав нь хамаагүй үр дүнтэй байсан юм” гэж нийс­лэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Г.Цэцэгдарь хэлж байна. Мөн сошиал ертөнцөд иргэд “Ажилдаа яарч байгаа иргэд шилэн хоргонд орж “амьд үзвэр” болж тамхи татна гэж байхгүй. Тусгай цэгт орж тамхи татчихаад гарах соёлтой хүн цөөхөн шүү дээ” гэцгээж байгаа юм.

Нэгэнт төсвөөс 300 гаруй сая төгрөг гаргаад бариулчихсан юм чинь яаралтай энэхүү “Тамхи татах цэг”-ээ ашиглалтад оруулж, үүдийг нь нээвэл ямар вэ?

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж