О.Гүндэгмаа &#34Дэлхийн цом&#34-д аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа &#34Дэлхийн цом&#34-д аваргаллаа

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод өчигдөр эхэллээ.

"РИО-2016" олимпийн 24 эрх олгох энэхүү тэмцээнд 76 улсын 600 буудагч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ч.Нарантуяа,ОУХМ Ц.Мөнхзул нарын 11 тамирчин оролцож байна.

Тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгал өнөөдөр болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа эл дасгалд түрүүлэн, алтан медаль хүртлээ. Түүний дараагаар Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Бонева Антонита, Хятадын буудагч, Дэлхийн аварга Зиан Жинжин нар удаалж, мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.

"Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 584 оноогоор 7-р байраар финалд шалгарч, улмаар хагас финалд 17 оноо авснаар 2-р байраар алтан медалийн төлөө буудах эрхээ авч, алтан медалийн төлөө буудлагадаа 7:1 харьцаагаар Болгарын буудагч Бонева Антонитаг ялжээ. Эл дасгалд өрсөлдсөн Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 8-р байрт, ОУХМ Т.Баярцэцэг 15-р баярт, ОУХМ Ц.Мөнхзул 31-р байрт тус тус шалгарсан байна.

Риогийн олимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн "Хангарьд" спорт хорооны тамирчин Отрядын Гүндэгмаа ийн олимпийн өмнөх чухал тэмцээнүүддээ амжилттай оролцсоор байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж