-Төрд гарчихсан худалч, хулгайч нар өөрсдийгөө хоохойлж авч үлдэх гэж янз бүрийн арга хэрэглэж байна. Үүний нэг хэлбэр сонгууль болгоны өмнө хуулиа янз бүр болгож өөрчилдөг-
Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таниар сүүлийн үеийн сонин сайхан юу байна. Утас тань мессеж рууминг үйлчилгээг идэвхижүүлсэн байсан. Гадагшаа яваад ирэв үү?
–Удахгүй Монгол Улсад Азийн залуучуудын чуулган болох гэж байна. Чуулган зохион байгуулахтай холбоотойгоор яваад ирлээ. Дээрээс нь би Дэлхийн залуучуудын асамблейн дэд Ерөнхийлөгчийн ажилтай. Оролцох, ирц бүрдүүлэх шаардлагатай хурал ойр ойрхон болж байна.
-Гадна, дотны хүмүүсийг цуглуулаад багагүй мөнгө, цаг гаргаж хийдэг чуулган, хурал, хэлэлцүүлгийг шүүмжлэх хэсэг бий. Азийн залуучуудын чуулганыг өөрийн улсдаа зохион байгуулахын ач холбогдол нь чухам юу вэ?
-Хамгийн гол ач холбогдол нь Монгол үндэстэн Азийн, дэлхийн үндэстнүүдийн дунд оршин байгаа юм шүү гэдгийг нотлон харуулах явдал. Энэ бол юутай ч харьцуулшгүй үнэ цэнэ. Тэр дундаа энэ улсын ирээдүй болсон залуус ийм хэмжээний чадалтай юм шүү гэдэг хэмжүүрийн асуудал. Гуравт бүс нутгийн болоод олон улсын түвшинд Монгол Улсын өсөн нэмэгдэж буй улстөр, эдийн засгийн нөлөөг баталгаажуулах. Үндсэн гурван том ач холбогдол бол энэ. Үргэлжлүүлээд ярьвал аялал жуулчлал, үндэстний бүтээгдэхүүнээ сурталчлах, залуусаа гадна дотны найз нөхөдтэй болгох гээд мянгаад юм хэлж чадна.
-Таныг эзгүй хойгуур хэсэг залуус “Хар жагсаалтын эхэнд бичигдэх хүн бол А.Мөнхбат гэж мэдээлсэн. Мэдээллийг бол тэр дор нь л авсан биз дээ?
-За яах вэ. Хүүхдүүд учраа олохгүй л явж байгаа байлгүй. Залуучууд санал санаачлага гаргахаар буцаагаад залуучуудаар нь турхируулдаг хуучин хүмүүсийн муу арга байна шүү дээ. Тэр арганд л учраа мэдэхгүй орцгоож байгаа хэрэг. Тоогоод сүйд болсон юм алга. “Хоёр нохой ясаа булаацалдаж байхад эзэн рүүгээ дайрдаггүй” гэж үг бий. Өөрөөр хэлбэл МОХ, МЗХ хоёрын дунд яс хаях гэж байна л даа. Яс хаяж байгааг нь дүү нар маань ойлгохгүй булаацалдаж байгаа нь харамсалтай. Бид учрыг нь ойлгож байгаа учраас тэрэнд нь автахгүй байна ш дээ. Үүнийг яриад яваад байх шаардлагагүй. Хар жагсаалтын өөрийнх нь зорилгыг янз бүрээр харах нь аргагүй. Бид нэлээн амбицтай хэрнээ нэлээд бүрхэг зүйл ярьчихсан. Бүрхэг байгаа зүйлээ удахгүй тодорхой болгоно. Тодорхой болгосон зүйл маань манай нийт ард иргэдийн жинхэнэ нүдийг нээнэ. Монголчууд сүүлийн 90 жилийн сонгуулиа дандаа сохроор өгсөн. Социализмын үеийн 70 жил дандаа үзэл суртлын далбаан дор сонгуулиа өглөө. Тэр үзэл суртал одоо болтол салж өгөхгүй байна. Төрөө барих гэж байгаа улстөрчөө шинжиж мэддэггүй. Тэгсэн мөртлөө бөх, морио шинжээд байдаг. Гэтэл засаг, төр барих гэж байгаа хүмүүсээ шинжиж чадахаа больсон. Тэгээд чихэн дээр нь цэцэг ургуулна тэр хүнийг сонгодог. Уг нь өвөг дээдэс нүд үнэнч, чих худалч гэж сургасан. Гэтэл бид чихэндээ итгэж, уран сайхан амлалтад хууртаж сонголт хийдэг. Бидний гаргах гээд байгаа хар, цагаан жагсаалт ард түмний нүдийг нээх болно.
-Жагсаалтад оруулсан үндэслэл байх юм байгаа биз дээ?
-Мэдээж үндэслэлээ маш тодорхой гаргана. Яагаад хар, яагаад цагаан жагсаалтад орсныг үндэслэлтэй гаргана.
"ХАР ЖАГСААЛТЫГ ЗӨВ ГАРГАХГҮЙ БОЛ МЗХ ТАТАН БУУГДАНА"
-МЗХ Үндэсний залуучуудын зөвлөлийг улсын хэмжээнд байгуулж томоохон сонгуульт ажлыг өнгөрөгч сард өрнүүллээ. Араас нь дахиад л янз бүрийн мэдээлэл гарч байна. Үндэсний залуучуудын зөвлөлийн 5 дэд Ерөнхийлөгчийг сонгохдоо нам намын төлөөлөл оруулсан нь залуучуудын байгууллагыг улстөржүүлж байна гэх зэргээр?
-Асуудал гарч байна гэдэг анхаарал татаж байна гэсэн үг. Хоёрдугаарт зөв юм хийжээ гэдэг эерэг дохио. Нөгөө талаас нам намын залуус адилхан л Монголын залуусын нэг шүү дээ. Үзэл бодлоор нь ялгаад Үндэсний залуучуудын зөвлөлийн гадна үлдээж болохгүй биз дээ. Ялгаагүй Монголын сайхан залуус байна. Нэгдэе, эвлэлдэе гэсэн л залуус шүү дээ.
-Жишээ нь Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг сонгосон нь хардлага төрүүлж байгаа байх?
-Юунд хардаад байгаа юм. Үзэл бодлоороо нэгдэж, хамгийн олноор цугласан хэсгийг нь хаячихаад цөөн хэдэн нацист, үндэстний үзэлтнийг хажуудаа цуглуулах юмуу. Тийм юм байхгүй ш дээ. Үзэл бодлоороо нэгдсэн залуус төлөөллөө Үндэсний залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоон дээр бий болгож байгаа юм. Үүнийг улстөржиж байна, буруу гэж хэлэхээсээ илүү яагаад залуус нэгдэв гэдгийг мэдэхийг хичээх ёстой. Зорьсон зорилго бол ойлгомжтой. Залуудаа сайхан амьдаръя. Бидний өндөр нам, өнгө зүс ялгаагүй сайхан амьдрах уриалгын дор залуус солонгорон нэгдэж байна.
-Дахиад улстөрчдийн хар цагаан жагсаалтыг сөхөх нь. Та хар, цагаан жагсаалт гаргахаа зарласан. Гэхдээ энэ жагсаалтад багтсан хүмүүсийг үнэн шударгаар, элдэв лобби гадны нөлөөнд автахгүй гэдэг ямар баталгаа байгаа юм?
-Ганц л баталгаа байна. Энэ бүгдийг зөв хийхгүй юм бол Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллага татан буугдана. Тийм аюултай нүүр тулна. Энэ байгууллагыг удирдаж байгаа А.Мөнхбат гэдэг хүний улстөрийн амьдралд амьдрах цаг дуусна. Тийм учраас энэ бол хариуцлагатай. Том зорилгынхоо төлөө явж байгаа хүн жижиг зүйлд сатаардаггүй юм гэж л хэлье дээ.
-МОХ залуусын хамгийн идэвхитэй хэсгийг төлөөлдөг. Гэтэл сөргөлдөөд эхэллээ. Ер нь залуучуудын гэх тодотголтой энэ байгууллагууд яагаад хоорондоо зөрчилдөөд байдаг юм бэ?
–Монголын бүх хувьсгал, бүх бүтээн байгуулалтыг залуучууд хийсэн байдаг. Өнөөдөр Монгол Улс ийм олхиогүй байгаа нь үе үеийн залуучуудын байгууллага үүргээ гүйцэтгэж чадаагүйтэй холбоотой. 1990 оны хувьсгалыг залуучууд хийсэн. Тэд хийх юмаа хийчихсэн. Харин одоо бид эдийн засгийн хувьсгал хийх хэрэгтэй. 25 жилийн алдааг засахын төлөө залуучууд ажиллах ёстой. Гэтэл залуусыг хооронд нь хэрэлдүүлэх нь лав Монголын бодлого биш. Таны асуусан асуултын гол гогцоо нь бид хэрэлдэх гэж хэрэлдээд байгаа юм биш. Хэрэлдүүлэх гэж зориуд зохион байгуулаад байна шүү дээ. Сая Орос, Хятад хоёр биднийг хооронд нь хэрэлдүүлчихээд ялалтын баярын үеэр эдийн засгийн ач холбогдолтой гэрээнүүдээ зурчихлаа. Үүний жижигсгэсэн хувилбарыг хэрэглэж байна. Монголыг босоо байлгахгүй гэсэн бодлого явж байна. Босоо байлгах гол хүч залуусыг үргэлж хооронд нь хэрэлдүүлж, авгай хүүхний хэрүүлээр бузартуулж байна. тиймээс залуучууд бүх хүчээ нийлүүлж цааш явах ёстой. Монголын залуучуудын холбоо үүний төлөө л ажилладаг. Тиймээс би дүү нарынхаа алдаан дээр дөрөөлж, бие биерүүгээ шүлсээ үсчүүлэхийг хүсэхгүй байгаа.
-МЗХ дүрэмдээ бие даасан байх гэсэн заалтыг оруулсан гэсэн. Ер нь МЗХ санхүүжилтээ яаж босгож байна?
-МЗХ ажил хийхэд тэгтлээ их мөнгө хэрэг болдоггүй. Зөв юм хийхэд зөв сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэг ирж, зөв мөнгө өөрөө хүрээд ирдэг. Залуучуудыг зөв байгаасай гэж хүсдэг хэсэг нийгэмд бий. Тэр хүмүүс дэмждэг. Залуучуудын байгууллагын нэрийг бариад энд тэнд мөнгө гуйх, залуучуудын байгууллагыг ашиглаж өөрийн нэр хүндийг өсгөх гээд байгаа хэсэг бол бий. Ийм зарчмаар мөнгө оруулсан хүмүүс аль болох аргамжаатай байлгахыг хүсдэг. Бид шинэ үндсэн дүрмийг хийснээр тэр аргамжаануудыг тас цохиж, өөрөө өөрсдөө асуудлаа шийддэг болно. Энэ санаачлага дөрвөн жилийн дараа гэхэд их аятайхан болчихно. Монгол залуу хүн ахуйгаа бүрэн шийдсэн, хэнээс ч царай алдахгүй, өөрийнхөө үнэтэй санал, үзэл бодол, дуу хоолойг хэнд ч худалддаггүй, Монголоо гэсэн есөн ухаантай байх ёстой. Монгол залуу хүний тэр үнэт зүйлийг мартуулж, мохоож байна.
-Залуу хүн ахуйгаа бий болгох хэрэгтэй гэж та хэллээ. Энэ таны санаачилсан залуусыг орон сууцаар хангах ажилтай холбоотой байх. Залуу хүний мөрөөдөл нэг өрөө байр байх ёсгүй гээд байгаа шүү дээ. Энэ санаачлага бодит ажил хэрэг болоход тодорхой хугацаа шаардлагатай байх. Ямар үе шаттай яаж зохион байгуулах вэ?
-Хугацаа гэхээсээ илүү Монгол залуу хүн бүр, шийдвэр гаргаж байгаа хүн бүр үүнийг хүсэх ёстой. Хүсэх юм бол арга нь олдож л таараа. Мянган арга байгаа. Монгол залуу хүн бүр энэ санаачлагыг дэмжиж хүслээ бодит болгоход хувь нэмэр оруулаасай. Төр засгийн зүгээс тодорхой алхам хийгээд явж байгаа. Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал, орон сууцны дэмжлэгийн сангийн асуудал юу болж байгаа та эндээс гараад л Барилга хот байгуулалтын сайд Цогтбаатараас асуух хэрэгтэй. Нөгөө талаар залуус өөрсдөө эхлээд шийдэл санал гаргах тогтолцоогоо бүрдүүлж эхэлж байна. Жишээ нь манайд Орон сууцны хороо гээд энэ чиглэлээр ажиллах бүхэл бүтэн хороотой болж байна. Эхлээд орон сууц гэж юуг ойлгох юм. Монголчуудын ахуйд тохирсон шалгарсан сууц буюу гэр, төв суурин газарт тохирох сууц, хаус хороолол гээд шат дараалсан зүйл бий. Бидний тооцоолж буйгаар хамгийн сонгодог орон сууц бол хаус. Өнөөдрийн олон давхар орон сууц ахуйг бүрдүүлж ерөөсөө чадахгүй байна. Энэ бол өдөр хоногийг өнгөрөөж байгаа зочид буудал шиг болчихоод байгаа юм. Тиймээс ахуйтай болохын тулд хаустай болох хэрэгтэй байгаа. Монгол хүн галтайгаа, нар сартайгаа босго даваад золгочихдог баймаар байна. Үүнийг үгүй хийснээр Монгол хүн Монгол байхаа больчихоод байна. Ахуйгаасаа эхлээд Монгол хүн байхаа больчихоор бусад үндэстнүүдийн тоглоомонд ороод өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхгүйгээр хамаг байдгаа өгөөд дуусч байна. Тиймээс л Монгол хүний амин чанарыг сэргээх ёстой орон гэрийн асуудлыг нэн тэргүүнд шийдэхгүй бол болохгүй.
"УЛСТӨРД ГУРАВДУГААР ҮЕИЙГ ГАРГАЖ ИРНЭ"
-Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулъя. Монголын улстөрд гурав дахь үе орж ирэх цаг болсон гэж та хэлсэн. Өнөөдөр дараагийн сонгуульд хэн тойргоос, хэн жагсаалтаас нэр дэвших вэ гэдэг яриа, тохироо эхэлчихээд байна шүү дээ. Ийм нөхцөлд гурав дахь үе гарч ирэх орон зай харагдаж байна уу?
-Асуулт чинь их ерөнхий юм. Хариулахад олон зүйл ярих шаардлагатай. Би хэдэн зүйл дээр анхаарлаа хандуулахыг оролдоё. Нэгдүгээрт төр барих боловсролгүй хүнийг сонгуулиар гаргаж ирдэг маш муу тогтолцоо бол сонгууль. Үүнээс сайныг олоогүй учраас үүнийг ашиглаж байна гэж хэлэх байх. Гэхдээ үүнээс сайн нь Монгол Улсад байсан. Бидний өвөг дээдэс төр засгаа авч явах хүнээ хаан боловсролтой болгож, тэр хүнээ Чингис гэж дууддаг байлаа. Энэ бүхэн мартагдаж үгүй болсон. Үүнийг сэргээх нь бусад үндэстнүүдийн хувьд аюул дуудсан мэт ойлгогдоно. Гэхдээ энэ уламжлал сэргэх ёстой. Хаан гэдэг төр барих, засаг тогтоох боловсролтой хүнийг л хэлээд байгаа юм ш дээ. Бат өтгөн хөмсөгтэй учраас хаан байна гэсэн үг биш. Эрх боловсролоор л баталгааждаг. Боловсролгүй хүүхдэд төр барих эрхийг өгөх нь тэр чигээрээ дампуурал. Нөгөө хүүхэд алдчихаад эргээд хоёр чих, хоёр нүднээс өөр хөдлөх зүйлгүй зогсч байхад тэр хүнээс юу авах юм бэ. Өөрөөр хэлбэл сонгогдох этгээдийн насыг дээшлүүлэх санаачлагыг МЗХ гаргаж тавьсан. УИХ-ын гишүүний насыг 40-өөс эхлүүлье гэж. Яагаад монголчууд дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж ярьдаг юм. Ядаж л алдаа нь багассан байдаг. Хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвар суудаг үе. Залуус улстөрд ороод бужигнуулмаар л байна ш дээ. Эцсийн дүндээ бидний амьдалд хэрэг болохгүй. Хэрэг болохгүй байгаа учраас л дөч гээд байгаа юм. Хоёрдугаарт төрд гарчихсан худалч, хулгайч нар өөрсдийгөө хоохойлж авч үлдэх гэж янз бүрийн арга хэрэглэж байна. Үүний нэг хэлбэр сонгууль болгоны өмнө хуулиа янз бүр болгож өөрчилдөг. Намын даргадаа хэр долдойсон нь тойргоо авч нэр дэвших, бүр их мөнгөтэй нь тойргоо худалдаж авах юм биз дээ. Нэг ёсондоо чихээрээ сонгууль өгдөг сонгогчдыг шууд бусаар худалдаад авчихаж байгаа үйлдэл. Нэгэнт төлбөрөө төлөөд худалдаад авчихсан хүн сонгогчдын төлөө юу ч хийхгүй шүү дээ. Өөрийнхөө төлөө, эхнэр хүүхдийнхээ амьдрах байр, унах машин, өмсөх зүүх асуудалд л анхаарна. Төлсөн төлбөрөө хэд нугалж авахаа л бодно. Өнөөдрийн байгаа байдал ийм л байна. Ийм болсон төр хүчгүй байх нь аргагүй. Өдөр хоногийг аргацааж худлаа ярьж, хулгай хийж өнгөрөөх нь зүйн хэрэг. Тэгэхээр худал замаар биш үнэн замаар явдаг гуравдугаар үеийг гаргаж ирээчээ гэж хэлээд байгаа юм.
-Тэр нь хэн юм. Залуучууд юмуу?
-Би “Би гарах ёстой, бид залуучууд гарах ёстой” гээгүй. Одоо улстөрд байгаа хүмүүсийн ард үлдсэн, үнэний талд байгаа хүмүүсээ л гуравдугаар үе гэж нэрлээд байгаа юм. Тэр үеийг гаргаж ирэх хүч нь залууст байна. Бид саналаа багцалж тэр хэсэгт нэгтгэхэд л гуравдугаар үеийг гаргаж чадна.
-2016 оны сонгуулиар уу?
-Тийм. 2016 онд. Үүнийг л хийхийн төлөө байгаа. Ямар ч байсан аливаа зүйлийг эхлэх ёстой. Түүнээс ганц хонх дамар тачигнуулаад бүхнийг өөрчлөхгүй, шийдэхгүй. Ганц далайлтаар бүхнийг буулгаж авч чадахгүй. Тиймээс эхлүүлэх ёстой л гэж үзэж байна.
"БИ ЗАСГИЙН ГАЗАР ДОЛДУГААР САРД ДАМПУУРНА ГЭЖ ХЭЛСЭН"
-Та улстөрийн албан тушаал хашдаггүй ч нийгмийн идэвхитэй хэсэг залуусыг төлөөлж ажиллаж байгаа. Энэ утгаараа улстөрийн өнөөгийн нөхцлийг ажиглаж байгаа байх. Яагаад төр тогтворгүй, эдийн засаг дампуурлын ирмэг дээр ирчихэв?
-Би чадна гэж өөртөө хэт итгэсэн, дээрээс нь буруу номоор явагчсад олширохоор зөв юмаа олж танихаа больчихдог юм билээ. Манай өвгөд өнөөдрийг хүртэл энэ улсыг бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Бид энэ улсаа үр хүүхэддээ бүрэн бүтэн үлдээх ёстой. Гэтэл тэр ухаанаасаа гажихаар төр хүчгүй болж байна. Төр хүчгүй болохоор эдийн засаг буюу ахуй нь унаад эхэлж байгаа хэрэг. Тэгэхээр бид эргээд өмнөх үе рүүгээ явах болж байна. Бидний өмнөх түүх юу юм, өвөг дээдсээс үлдээсэн төр барих ёс нь юу юм гэдгээ эргэж харах хэрэгтэй болно. Энэ бүгдийг мэдэхгүй, Орос, Хятадад ном үзсэн нөхдүүд гадны зүйл тулгаад байна шүү дээ. Тулгаад байгаа учраас дургүйд хүчгүй гэдэг шиг бүх юм явахгүй байна. Ард түмэн бол тэсээд л байна. Яг тэсэх зам дээрээ ирчихсэн, бүгд бүсээ чангалчихаад байж байна. Удахгүй зөв хүмүүс нь зөв газраа очноо л гэж харж байна. Үүнийг засахын тулд хэн нэг ухаантныг юмуу, аль нэг улсын дэмжлэгийг хайж гүйх хэрэггүй. Засах ухаан нь бидний өвөг дээдэст бий. Тэр ухааныг хурцалж, залуу хүн бүрт, айл бүрт хүргэх ёстой. Ингэж байж энэ төрийг засна.
-Намууд хамтарч засаг байгуулчихаад дараа нь “Танай намынхаа бодлогыг хэрэгжүүлэх гэж засагт хамтраагүй шүү” гэж байна. Намын төлөө төрийн бодлогод хэт их нөлөөлөөд байна уу?
-Аль ч намын зорилго адилхан байх ёстой. Аль ч намын зорилго Монгол төрийн зорилго байх ёстой. Төрийг гутаах, доромжлох зорилго байж таарахгүй. Нам гэхээр л өөр өөр зорилготой байх ёстой гэдэг буруу ойлголт. Оюун санааны нам байхуу, хатуу бүтэцтэй нам байх уу гэдгээ одоо яаралтай шийдэх хэрэгтэй. Монгол шиг улсад оюун санааны нам байх нь зохимжтой. Оюун санааны нам сонгуулиар арга замууд дэвшүүлдэг, тэрэнд нь ард түмэн саналаа өгдөг, арга замуудыг нь хэрэгжүүлэх андын амин чанартай сор болсон, төр барих боловсролтой хүмүүс нь төрөө барьдаг. Гэтэл бид арга зам, шийдэл биш хүн сонгож байна. Хүн нэг номерт ахуйгаа яаж хангахаа л боддог байхгүй юу. Юун ард түмнээ бодох, төрийн зорилгыг хэрэгжүүлэх. Ийм л байгаа. Одоо Улстөрийн намын хууль, Сонгуулийн хуулиа өөрчлөх гэж байгаа бол өөрчилсөн шиг өөрчил. Битгий өөрсдөдөө тохируулаад бай гэж хэлье.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замуудын талаар улстөрчид дор бүрнээ ярьж байна. Засгийн газрыг огцруулах, Үндсэн хуулиа өөрчлөөд УИХ тарах, ОУВС-ийн Стэндбай хөтөлбөрийг авах гэх зэргээр. Таны хувьд ямар гарц харагдаж байна?
-Түүхэндээ бид төрөө гутааж байсан түүх байхгүй. Төрөө дээдэлж, хүндэтгэж ирсэн. Засгийн газраа огцруулах нь Монгол хүний өөрийнх нь хийж байгаа үйлдэл биш. Энэ бол өөр үндэстнүүдийн л хүсэл. Биднийг дорой байлгах гэсэн хүсэл. Үнэн бол тэр. Өнөөдрийн түвшинд бүх намууд нийлсэн Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулаад дараагийн сайн шийдэл нь юу юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Дараагийн шийдэл бол парламент тараад сонгууль хугацаанаасаа өмнө болох шүү дээ. Хэрэв үүнийг хүсч байгаа бол огцруулаад сонгуулиа наадмаас өмнө зохион байгуулах болно. Би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо долдугаар сард Засгийн газар дампуурна гэж хэлсэн. Хийх ёстой санхүүжилтээ хийж чадахгүй, төрийн албан хаагчдынхаа цалинг нь тавьж чадахгүй дампуурлаа зарлана. Тэгэхээр энэ хүндрэлээс нийлээд гарах уу, эсвэл дампуурсан шиг дампуураад бүхнийг шинээр эхлэх үү гэдэг сонголт дээр ирээд байна. Бүх зүйлд арга зам бий. Бүх айл өрх, Монгол хүн болгон үүний төлөөсийг төлнө. Ямар төлөөс төлүүлэх гэж байгаа юм гэдгийг л сайн бодох ёстой.
-Улсыг дампууруулах нь бидний хүсэл биш юм бол хэний хүсэл юм?
-Би түрүүн хэлсэн. Биднийг хэрэлдэж байх хооронд Орос, Хятад хоёр хамаг юмаа шийдчихлээ гэж. Тавантолгой, Оюутолгойн асуудал шийдэгдэж байж л хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгнө. Эерэг дохио өгөхгүй бол бидэнд эдийн засгийн ямар ч эргэлт үүсэхгүй. Эргэлт үүсэхгүй бол дампуурна. Дампууруулах нь хэний сонирхол юм, тэр сонирхолд нь хэн үйлчлээд байна вэ гэдэг асуудал. Яаж ийгээд дампуурлаас гарвал алдаатай зүйлээ засаад явах боломжтой. Гэтэл яагаад Монголыг ингэж муухай харагдуулах гээд байгаа юм. Ийм л асуудал яваад байна.
-Таныг ийм зүйл ярихаар улстөрөөр хөөцөлдлөө гэх вий дээ?
-Болохгүй байгаа юмыг болохгүй байна гэж хэлэхгүй дуугүй суух юмуу. Бид залуудаа сайхан амьдармаар байна ш дээ. Залуудаа орон байр төдийхөнд дөнгөлөгдөхгүй, том зүйл мөрөөдөж ажиллаж амьдармаар байна. Энэ бүхэнд тээг болоод байгаа учраас ярихгүй яах юм. Ярих байтугай үүний эсрэг үйлдэл хийнэ. Тэр бүхнийг улстөржиж байна, улстөрд орох гэж байна гэх нь хамаагүй. Хийх ёстой юмаа л хийж байгаа. Эд нар өөрсдөө л мэддэг, чаддаг гэдэг гортиг татчихаад далдайж суухаа болих хэрэгтэй. Эд нараас малчин хүн хавь илүү төрийн ажлыг хийчихнэ. Ядаж л улсаа, ах дүүгээ, айл аймгаа бодно. Хамаг нүүрээ барчихсан зүйл хийхгүй. Одоо бол буруугаа зөв гээд, зөвөө буруу гэж ярьж байна. үүнийгээ хэдэн төгрөгөнд худалдагдчихдаг хүмүүсээр дамжуулж тархи угааж байна. Тархиа угаалгахгүйн төлөө үг хэлэхээр улстөржлөө гэж байгаа юмуу.
"МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛАХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ГЭДЭГ СОНИН"
-Хамтарсан Засгийн газар байгуулаад хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд хийх боломжтой байсан, эдийн засгаа аврах ажлуудад зориуд саад тавьсан гэдэгтэй санал нийлэх үү?
–Хэн ажлыг явуулахгүй байгааг ард түмэн харж байна шүү дээ. Засаг нь ажлаа мэдээд хийх юмаа хийх ёстой ш дээ. Явуулахгүй байгааг нь та нар бэлээхэн харж байгаа биз дээ.
-Тэгэхээр санал нийлж байгаа гэж ойлголоо?
-Тэртээ тэргүй ард түмэн харж байхад би нэг нэр хоч өгөөд байх хэрэггүй л дээ. Ард түмэн харж байгаа шигээ сонгуулиар Засгийн эсрэг байгаа, Монголыг дампууруулах гээд байгаа хүмүүсийн өмнөөс харж байгаад эсрэг саналаа өгөх хэрэгтэй. Нэг зүйлийг хэлээд байгаа юм. сонголтоо харж хий. Битгий сонссоноор санал өг. Үүнийг л бид хар, цагаан жагсаалтаар хийж өгнө.
-МАН Засгийн газрыг орхиж гарч магадгүй гэх яриа яваад эхэлчихэж. Энэ нам хаяад гара эрхтэй ч бас хариуцлага хүлээх ёстой юм биш үү?
-МАН-ын юу хүсээд байгааг, эсвэл МАН еэ еэ бөөвөө гэж ярих нь зохимжгүй. Нийт улстөрчид л гэж ярьж байгаа. Ард түмэн ямар дүгнэлттэй үлдэх вэ гэж салгавал “Андын чанаргүй юм даа” гэж хэлнэ. Андын чанаргүй хүнтэй дахиж ханилдаггүй биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
С.ОТГОНСҮРЭН