Amjilt.com-ийг хаасан нь хууль зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Amjilt.com-ийг хаасан нь хууль зөрчжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Том-Амжилт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох хэргийн хяналтын  шатны шүүх хурал болсон байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн  шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлан “Том-Амжилт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Amjilt.com “ сайтын дотоод хандалтыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус сайтын хандалтыг нээхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгаж шийдвэрлэсэн бол  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  хэргийг өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн  юм. Нэхэмжлэгч “Том-Амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижир “2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр манай сайт “Монгол Улсын Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гэсэн нэртэй мэдээллийг өөрийн сайтад байршуулан олон нийтэд мэдээлсэн. Ийнхүү мэдээлэл гаргаснаас нэг хоногийн дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос манай сайтыг хар жагсаалтад оруулан дотоодоос хандах хандалтыг хаасан. Харилцаа холбооны зохицуулах хороо Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журамд заасны дагуу асуудлыг шийдвэрлэлгүй манай сайтын хандалтыг шууд хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг хорооны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад байсан юм.

С.СҮРЭН

            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж