“Үгүйлэгдсэн хайр” юу шивнэв?

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

“Үгүйлэгдсэн хайр” юу шивнэв?

Ганц сандлаас өөр хогшилгүй хоосон тайз. Ханыг нь хүртэл цагаанаар будчихсан байх нь амьдралын олон нугачаа, бартаан дунд бүдэрч, боссоор сэтгэлийнхээ түмэн өнгийг алдаад, цулгуй цагаан цаас мэт болчихсон хүмүүсийн дотоод мөн чанарыг илтгэх мэт.

Хэлтсийн дарга Базар, гэрийн эзэгтэй Төгсөө нар архичин Отгоолойгийн талаар маргалдсанаар хачин жигтэй нам гүм байдалд “амь оруулав”. Төгсөө бурхны орноо одсон хадам ээжийнхээ захиасыг биелүүлэх гэсэндээ нөхрийнхөө архичин дүүг зогсоо зайгүй өмгөөлж хамгаална. Харин Базарын хувьд төрсөн дүү нь ердөө л архичин төдий.
Тэднийг ийнхүү хоёр талцаж байх зуур “Би ээжийнхээ сандлыг засчихлаа, ах аа” гэсээр орж ирэх Отгоолой. Энэ ганцхан өгүүлбэр түүнийг яадгаа алдсан архичин биш гэдгийг батлав.

Өмнө нь энэ гэрт дайнд үрэгдсэн эцгийнх нь орон зай хоосон байжээ. Харин одоо өвчнөөр насан эцэслэсэн ээжийнх нь зай эзгүйрч үлдсэн байна.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжиг ийнхүү эхэллээ. Амнаас нь гарах үг бүртэй хамт ухаарал урсаж байдаг эрхэм зохиолчийн 30 жилийн өмнө бичсэн энэхүү жүжгийн гол дүрүүд ч бас зохиогчтойгоо тун төстэй юм. Тэдний хэлсэн өгүүлбэр бүр төгс утгатай байсан нь хэтэрхий энгийн үг, өгүүлбэрээр ярьдаг болсон орчин цагийн жүжгүүдээс ялгарах нэгэн онцлог байлаа.

Харин үзэгчид гол дүрийн жүжигчдийг “Хэтэрхий сул тоглоод байна” хэмээн шүүмжилж байв. Үнэндээ ч гол дүрийг бүтээсэн ардын жүжигчин С.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар, Б.Болормаа, Ц.Цэрэнжамц, Д.Баттөмөр нараас хүмүүс арай илүү зүйл хүлээж байсан биз ээ. Тэдний хувьд онцгойрсон ч зүйлгүй, дутуудуулсан ч зүйлгүй дүрээ яг л алтан дундаж гаргасан. Харин Отгоолойн дүрд тоглосон залуу жүжигчин Б.Золжаргалд онц тавих нь зүйтэй болов уу. Тэрбээр зохиогч, найруулагч хоёрын хүссэнээр дүрээ “хүн” хэмээн харж, тэр л оюунаараа үзэгчдэд ч бас Отгоолойн дотоод мөн чанарыг харуулах гэж хичээсэн.

Энэхүү хичээл зүтгэл нь ч талаар болоогүй юм.
Тэртээ 30 жилийн өмнө найруулагч Э.Санчигдангийн тайзнаа амилуулсан энэхүү жүжгийг энэ удаа найруулагч Ч.Найдандорж “дахин” амьдруулахаар зориг шулуудсан юм. Харамсалтай нь, тэрбээр энэ удаа тийм ч онцгой тавилт хийсэнгүй. Дурсамжийн жим татуулах сэтгэлийн нандин сэжмийг зүрх мэт улаан зүйлээс уяатай урт улаан утсаар төлөөлүүлсэн нь даанч болхи зүйрлэл мэт санагдсаныг нуух юун. Жүжгийн үзэгдлүүд нэгээс нөгөөд шилжихдээ өөр хоорондоо уусч өгөхгүй байгаа талаар ч үзэгчид шивнэлдээд амжина лээ. Магадгүй үзэгчид “айхтар” найруулагчаас хэтэрхий том зүйл хүлээсэн байх л даа.

Гэвч адал явдалт кино шиг хурц үйл явдалгүй ч гэлээ хүмүүсийн сэтгэлд шивнэх гэсэн санаа, үг бүр нь төгс утга илэрхийлэх харилцан ярианууд үзэгчдийг хөтлөөд явчихна лээ.

Хамгийн гол нь хүн бүрийг өөр өнцгөөс харсан нь хамгийн том олз байв. Өөрөөр хэлбэл, энд гарах бүх дүрийг зохиогч “хүн” гэдэг талаас нь харуулахыг хичээжээ. Харин энд хүн биш нэгэн л хүн байв. Тэр бол хэлтсийн дарга Базар. Тэрбээр жүжгийн дунд үе хүртэл Хэлтсийн дарга хэвээрээ л байлаа. Харин жүжгийн төгсгөлд тэрбээр “хүн” болж хувирсан. Ганцхан тэр ч биш, жүжгийн төгсгөлд бүгд “хүн” дүрээ олсон юм.
Архичин Отгоолойд тэтгэврийн дэвтэртэйгээ хамт итгэл найдвараа өвөртлүүлэх ахмад дайчин Жамсран. Угтаа бол тэрбээр архичин нөхөртэй охиноо түүнд даатгаж орхисон нь Отгоолойгийн архичин хэмээх багны цаана нуугдаж байсан “хүн” дүрийг илчилсэн.

Өөд болсон ээжтэй нь гадаад төрхөөрөө дэндүү адилхан ч дотоод сэтгэлээрээ тэс өөр үл таних эмэгтэй хэлтсийн дарга Базарт албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө “арилжсан” хүн төрхийг нь авч ирж өгсөн.
Харийн оронд сурахаар одоод хөл хүнд болоод ирсэн Базарын эрх охины ээждээ хэлсэн хатуу үг нь түүний гээгдэж байсан хүн чанарыг эргүүлж өгсөн.

Өөд болсон андынхаа өнчирч хоцорсон эхнэр, хүүхдүүдээс сүүлчийн ганц зоосыг нь ч булааж авахад бэлэн байсан Ням дайчин нөхдөөсөө ганцаархнаа үлдэж хоцорсон нь түүнд “хүн” гэдгийг нь сануулсан.
Харь иргэний хүүхэд тээгээд төрсөн гэртээ эргэж ирсэн бүсгүйн дүр огт ач холбогдолгүй мэт санагдсан талаар зарим үзэгч гомдоллож байв. Харин сэтгүүлчийн нүдээр харахад энэ дүр хамгийн том зангилаа мэт санагдсан. Учир нь, сэтгэлд эзгүйрч үлдсэн хэн нэгний орон зайг бид өрөөл нэгнээр нөхдөг.

Гэвч эзгүйрсэн зай нэгээр нөхөгдөхөд, дахиад л хэн нэгний хоосон орчин бий болдог юм. Бүр тодруулбал, хүний сэтгэлийн орон зай хэзээ ч бүтэн болтлоо нөхөгддөггүй гэдгийг зохиогч энэ бүсгүйн дүрээр илэрхийлсэн бололтой.
Мөн ахмад дайчин Жамсран архичин нөхрийнхөө гарын чилээг гаргагч болж хувирсан охиндоо “Би үхүүлж хагацснаас биш амьддаа салж сарниж үзсэн биш дээ” хэмээсэн. Энэ бол өнөөгийн залууст шивнэх бас нэгэн чухал шивнээ. Харамсалтай нь залуус энэ жүжгийн тэрхүү шивнээг сонссон юм болов уу.

Жүжгийн үеэр ард суусан хоёр залуу зогсоо зайгүй шивнэлдэж, “Ойлгохгүй байна, уйтгартай байна” хэмээн үглэж сонсогдсон. Үнэндээ ойлгоё гэж хичээхгүй байх шиг санагдсан. Өмнө минь суусан дөрвөн хос ч мөн зав зайгүй утсаараа оролдоод, завсар гарвал “үнсэлцээд” харагдсан. Үүгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэж үү?
Хэдхэн жилийн өмнө манайхан театрт очдог, драмын жүжиг үздэг хүмүүс алга хэмээн гомдоллож байлаа. Одоо харин хүмүүс театрыг олноороо зорьдог болж. Харамсалтай нь бидэнд театрын соёл алга.

Товлосон цагаас хоцорно. Жүжгийн дундуур гар утас нь хангинана. Гэртээ диван дээр суугаад кино үзэж байгаа мэт чанга чанга ярьцгаана. Инээх юу ч болоогүй атал дүрийг нь шоолоод байна уу, эс бөгөөс жүжигчнийг нь өөчлөөд байна уу гэлтэй, тас тас хөхөрнө. Нүдэнд халгаатай, чихэнд чийртэй, сэтгэлд сэвтэй иймэрхүү үйлдлүүдийг орчин үеийн соёлтой залуус хэмээн өөрсдийгөө тунхагладаг 20-30 насныхан гаргаж байгаа нь даанч харамсалтай санагдсанаа энд дурдахгүй өнгөрч чадахгүй нь.

“Үгүйлэгдсэн хайр” тайзнаа амилахаас хэдхэн хоногийн өмнө найруулагч Ч.Найдандоржоос “Элэрч баларсан социалист нийгмийн үеийн жүжгийг өнөөгийн залуус сонирхож үзэх болов уу?” гэж асуусан. Тэрбээр “Ямар ч цаг үед хүний сэтгэлд хайр үгүйлэгдэж байдаг юм” гэж хариулсан.

Тийм ээ, энэ бол өрх бүрийн гэрийн өнцөг буланд хоргодсон хоосон. Хүмүүний сэтгэлийн мухарт эзгүйрсэн орон зай. Үгүйлэгдсэн хайр.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж