8000 тракторыг зээлийн хүрээнд шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

8000 тракторыг зээлийн хүрээнд шийдвэрлэнэ

Засгийн газрын цаг үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үед малчид банкны зээлээ Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгээр барагдуулах хүсэлтэй байгаагаа тогтмол илэрхийлдэг аж. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар хэзээ УИХ-д оруулж ирэх. Мөн малчдыг пад пад трактороор хэзээ хангах боломжтой талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонирхлоо.

Ерөнхий сайд хэлэхдээ “Малчдын банкны зээлийг Хүний хөгжлийн сангийн хуультай уялдуулах тооцоо судалгааг Засгийн газрын төвшинд хийж байна. Ойрын хугацаанд асуудлыг УИХ-д танилцуулна. Жижиг оврын тракторыг гадны зээл тусламжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Хятад улстай байгуулж байгаа 500 сая ам.долларын зээлийн бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарыг үйлдвэржүүлэх хүрээнд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд малчдыг, тариаланчдыг бага оврын 8000  трактороор хангах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн хариулт өглөө.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Бэлчээрийн тухай хуулийг батлахад анхаарахыг хүслээ. Малын тоо толгой өсч, мянгат малчдын тоо өсч байгаа нь сайн хэрэг боловч бэлчээрийн даац хэтэрснээс гарах үр дагавар их болжээ.  Бэлчээр их хэмжээгээр эвдэрч цөлжих болсон төдийгүй газар нутаг эзэнгүйдэж байгаа гэнэ. Малчдын хувьд ч Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар даруй батлахыг хүсч байгаа аж. Түүнчлэн малчдын эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлага бий болжээ. Хорт хавдраар өвчлөгсдийн 57 хувь нь хөдөөгийнхөн эзлэх болсон бөгөөд хамгийн эцсийн шатандаа оношлуулдаг байна. Тийм учраас эмнэлгийн үйлчилгээг хөдөөд цаг хугацаа алдалгүй хүргэх чиглэлээр Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлж буйг лавлалаа.

Ерөнхий сайд С.Батболдын тайлбарласнаар бол БНСУ-аас авах зээлийг орон нутагт хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх хүрээнд  зарцуулах аж. Тодруулж хэлбэл, Алсын зайн оношлогооны төвтэй болох асуудлыг дээрх зээлийн хүрээнд шийдвэрлэхээр хэлэлцээр хийж буй юм байна. Эхлээд бүсүүдэд алсын зайн оношлогооны төв ажилуулна, улмаар аймаг бүрт ажиллуулж, хүрээг нь өргөжүүлэх бодлого барьж буй гэнэ.

Түүнчлэн иргэдээ аюулгүй эрүүл хүнсээр хангахтай холбоотойгоор энэ зун мал сүргээ вакцинжуулалтад хамруулна, мөн туулгалт хийж, угаалганд оруулахаар болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж