Коутиньо: Ээжүүдийн минь захидлыг Рожерс бидэнд уншиж өгч, сэргээж байлаа
Английн “Ливерпуль”-ийн бразил хагас хамгаалагч Филиппе Коутиньо өнгөрсөн улиралд дасгалжуулагч Брэндан Рожерс багийнхандаа ээжүүдийнх нь захидлыг уншиж өгч, сэтгэл зүйгээр сэргээж, урам хайрлаж байсныг ярьжээ. Өнгөрсөн улиралд “Ливерпуль”-ийнхэн тун сайн тоглосон нь Рожерсийн энэ аргатай шууд холбоотой байсан ажээ.
“Миний ээжийн захидлыг дасгалжуулагч хэзээ уншихыг би тэсэн ядан хүлээж байлаа. Хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан. Дасгалжуулагч багийнхаа хөлбөмбөгчдийн бүх ээжүүдтэй нь утсаар ярьж, улмаар тоглолт болгоны өмнө хэн нэгийнх нь захидлыг бидэнд уншиж өгч байлаа. Тэгээд тэсэн ядан хүлээсэн тэр ээлж ирж, миний ээжийн захидлыг уншсан.
Эхэндээ дасгалжуулагч миний ээжийн захидлыг уншиж байгааг би ойлгоогүй, гэтэл ээжийн минь нэрийг дурьдахад би үнэхээр сэтгэл их хөдөлсөн. Ээж минь захидалдаа надаар бахархдаг, надад хичнээн их хайртайгаа өгүүлж, үргэлж санадагаа дурссан байлаа.
Тухайн үед ээжийн минь тэр үгс л надад хамгийн эрхэм, чухал байсан. Тэр үгс намайг сэргээж, урам өгч, намайг жигүүртэй болгосон. Бусад тоглогчид ч ээжийнхээ захидлыг уншаад сэтгэл нь хөдөлж, сэргэж байлаа. Иймэрхүү байдлаар бид долоо хоног болгон, тоглолтын өмнө дахин дахин сэргэж байв. Тэгэхэд дасгалжуулагчийн уншиж өгсөн ээжүүдийн минь захиа биднийг улам эрч хүчтэй тоглоход их дэм болсон юм” гэж Коутиньо өгүүлсэн байна.
Р.Гэгээ