Л.Ханджав: Шүүх хурлын дараа сэтгэлээ онгойтол уйлсан

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Л.Ханджав: Шүүх хурлын дараа сэтгэлээ онгойтол уйлсан

Таксины жолооч иргэн Л.Ханджав ажлаа хийж яваад үйлчлүүлэгчтэйгээ маргалдсан нь эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдахад хүргэжээ. Улмаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр хэрэг маргаанаа шүүлгэтлээ сэтгэл зүйн дарамтанд удтал явсан тэрбээр шүүхийн талаарх сэтгэгдлээ ийнхүү илэрхийлж байна.

Би Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг, өмгөөлөгч Сувд-Эрдэнэд баярласан сэтгэгдлээ уламжилмаар байна. Би амьдралын хатуу ширүүнийг сөрж яваа зовсон, ганц бие ээжүүдийн л нэг. Миний нөхөр жилийн өмнө өөд болсноос хойш сургуулийн насны хоёр хүүхдээ тэжээх гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн таксинд явж ар гэрээ тэжээж байна.

Хэрэг болдог өдөр таксинд маань нэг залуу хотын төв рүү орно гэж хэлээд суусан юм. Анх орж ирэхдээ л их уур уцаартай байснаа хэсэг явж байгаад над руу хэрүүлийн үг чулуудаж эхэлсэн. Тэгээд би жаахан явж байгаад машинаа зогсоож, бид хоёр маргалдаад машинаас буухад тэр залуу намайг цохиод гар мушгихад би гарт тааралдсан зүйлээр гуя орчимд нь цохисон. Тэр нь машинд байсан атвёрка байсан ба залуугийн гуя орчимд хатгагдсан. Түүнээс арай хийн салаад, гэртээ ирэхэд бие их хөндүүр, энд тэнд хөх эрээн болсон байсан. Ер нь эмэгтэй хүн таксинд явахад согтуу хөлчүү хүмүүс агсамнаад их хэцүү. Өдөр бүр янз бүрийн л хүмүүстэй таардаг. Намайг эмэгтэй хүн болохоор заримдаа дээрэлхэх хандлагатай байдаг ч арга эвийг нь олоод тэр болгоныг тэсээд л гардаг. Амьдралын эрхээр ийм ажил хийж байгаа болохоор өөр арга ч надад байгаагүй.

Тэр явдлаас хойш хэд хоноод миний бие арай дээрдээд байтал Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудсан. Очиж уулзтал та хүн зодож хөнгөн гэмтэл учруулсан тул таны нэр дээр өргөдөл гаргасан байна гэж өргөдлийг танилцуулсан. Ингээд надад эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж танилцуулсан ба өмгөөлөгчөөс асуутал 3-5 жилийн хорих ялтай хүнд зүйл анги байсан. Тэрийг сонссоноос хойш өнөөдрийг хүртэл унтаж чадахгүй сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтанд хэдэн сарыг өнгөрөөсөн дөө. Ингээд хорих ял аваад явбал хүүхдүүдийг маань хэн харж халамжлах бол хоёулаа сургууль төгсөж байгаа хүүхдүүд хувь заяа нь яаж эргэх бол гээд л бүтэн нойртой хоносон шөнө гэж надад байгаагүй.

Хэрэг маань шүүхэд шилжиж ирээд энэ хүнд зүйл анги нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэсэн хөнгөн зүйл анги болсон. Би шүүгч, прокурор хэнийг нь ч танихгүй, байгаагаараа үнэн мөнөөрөө л явсан үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг ардын үг юутай үнэн гээч. Би хүнээс хулгай хийгээгүй, хүний эд хөрөнгө залилж аваагүй, мөрөөрөө л амьдралын төлөө зүтгэж чаддаг ажлаа л хийж яваад ийм гэмт хэрэгт холбогдчихсон.

Шүүхэд анх хэрэг шилжиж ирээд шүүгчийн туслах Номин гэдэг охин дээр ирсэн. Би дотроо цагдаа дээр байсан шиг их айдас хүйдэстэй, гэмт хэрэг үйлдсэн ялтан шиг л гэмшсэн байдалтай ирсэн. Шүүгчийн туслах намайг хүлээж аваад “Шүүхэд танд холбогдсон хэрэг шилжиж ирлээ. Шүүхийн шатанд та ийм эрх үүрэгтэй байна” гээд л эрх үүрэг тайлбарлаж өгөөд их л албаны байр суурьтай хандаж байсан. Шүүх хурал болоод танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо гэхэд баярласандаа уйлж хамт ирсэн эгчдээ олон сарын турш хуримтлагдсан сэтгэлийн шаналалаас салах тэр мөчид хашгирмаар санагдаж байгаагаа хэлсэн. Би шүүх хурлын дараа эзгүй газар очиж хашгираад, сэтгэлээ онгойтол уйлсан. Өмнө нь би шүүхийн байгууллагаар нэг ч явж үзээгүй анх удаа явж байгаа маань энэ. Шүүхийн ажилтнууд бусад төрийн байгууллагыг бодвол хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлэхгүй их л шуурхай яг л нэг үйлчилгээний байгууллага шиг юм билээ. Шүүх хэргийг шударгаар шийдэж өгсөнд би хувийн зүгээс болон хүүхдүүдийнхээ өмнөөс маш их баярлаж байна. Шүүх шинэчлэгдэж байгаа тухай мэдээллийг би байнга сонсч байсан. Өөрийн биеэр мэдэрч, бусдад шүүхийн талаархи сэтгэгдлээ хуваалцах нь зүйтэй гээд та бүхэнд хандаж байна. Энэ хэргийг үнэн мөнөөр шударгаар шийдвэрлэсэн нь амьдралыг минь аварч, хэдэн хүүхдийг минь өнчрөх аюулаас гэтэлгэж өглөө. Шүүгч, шүүхийн ажилтнуудад баярлалаа. ШҮҮХЭД БАЯРЛАЛАА. Та бүхний үнэнч шударга, ариун цагаан үйлс дэлгэрч явах болтугай.

Б.МӨНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж