Дархан хот орох засмал зам ялигүй нарийныг эс тооцвол толь л гэсэн үг. Аль эрт тавиад оны үед дуулиант “505”-ийн цэргүүдийн оролцоотой тавигдсан энэ замд энхэл донхол, оорхой цоорхой гэж алгаа. Зам дагуу “Урьхан” “Буугаад мордъё” гэсэн сонин нэртэй, тохилог зоогийн газар байх юм. Тэдний гадаа аян замд яваа том жижиг машин арав, хориороо зогсож байхыг бодоход чамгүй орлоготой бололтой. Харин өндөрлөж өрсөн тавцан дээр осолд орсон машины сэг тавьж “Үхэл” гэж томоор бичсэн нь зорчигчдод богоомжлуулсан тэмдэглээ юм. Эргэлт тойролт, даваа гүвээ олон, ачаалал ихтэй энэ замд осол аваар цөөнгүй дуулддаг нь ингэж болгоомжлуулахад хүргээ биз.
Харин Жаргалант орохоор Дарханы замаас салвал далан долоон цоорхойтой хар замархуу юм тосдог байгаа. Хорь гаруй км энэ замаар Жаргалантынхан будаа тариа, ногоо, цагаагаа зөөдөг гэхэд сэтгэл эмтэрмээр. Улс орноо хүн ардтай нь тэжээж байгаа тариаланчиддаа энэ ахархан замыг нь засаад өгчих төр засаг алга уу гэж тааралдсан тариачнаас асуувал “Өө манай дөрвөн гишүүн долоон жил амлаад, долоон жил засаад нэг метр ч байхгүй л байна” гэдэг байгаа. “Дөрвөн гишүүн гэдэг чинь?” гэж асуувал “Хоёр Энхболд, Дондог, Су. Батболд…” гээд урсгачихав. “Дөрвөн тэрбум төгрөг нь 23 км зам засчихад хүрдэггүй л юм байх даа” гэж тэр тариаланч гайхширч байгаагаа нуусангүй. Уул нь дөрвөн тэр бум чинь нэг л жилийнх нь мөнгө. Долоон жил гэхээр хэдэн төгрөг байх билээ, сэтгэл байвал 23 км замыг нөхчиихөж болмоор доо.
…Жаргалантынхныг говийн хүний нүдээр ажвал ажилсагийн туйл юм. Ер нь шөнө унтдаг улс уу, үгүй юү гэмээр. Хар үүрээр ажилдаа гарцгаана. Тариа, ногооныхоо талбайг бөөцийлнө. Бага даацын Пронтер, Вонго машинууд ийш тийш ачаа бараа зөөн хурдална. Тэдэнд өдөр, шөнийн ялгаа алга. Тариа, ногоогоо тарьчихсан болохоор жаахан амсхийсэн ч ажил мундахгүй аж. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээний нэлээд хувийг долоон мянган хүнтэй Жаргалант хангадаг гээд бодоход энэ сум руу төр засаг анхаарахгүй байхын аргагүй санагдана. Айлууд нь ногоо, цагаагаа борлуулах дэлгүүртэй, дэлгүүрүүд нь орлого ч чамгүй, Улаанбаатараас гэхэд долоо, арав хоногтоо л нэг тоннын даацтай машинаараа бараагаа татдаг гэхээр бараа нь долоо, арав хоногийн эргэлттэй гэсэн үг. Тийм бага даацын машингүй, трактор, тариа ногооны дүүжин машингүй айл гэж энд байхгүй л болов уу. Жаргалантын долоон мянган хүн зах зээлийн жам хуулиар аж төрж, амьдралын төлөө ажиллаж хөдөлмөрлөж , бас улс орноо ч хооллож ундалж явна.
Тэдний нэг том төлөөлөгч нь тариаланч Ш.Содномынх юм. Дөч гаруй жилийг тариан талбайд үдсэн энэ эрийн амьдрал тэр чигээрээ Жаргаланттай холбоотой. Энэ нүсэр Сангийн аж ахуйн тариаланч байхдаа цагаан сарын дараа талбайдаа гарч техникийн засвар үйлчилгээ, чийг хаах борнойдолт, үрэлгээ… гэж эхлээд намар тариагаа хураахад цаг наргүй зүтгэж өвлийн хэдэн сар амсхийдэг байснаа тэр дурсаж байна. Харин намрын ажил дууссаны дараа аж ахуйн удирдлага нь амралтанд явуулдаг байж. Амралтанд ажлын алжаал тайлж бүжиглэнэ гэдгийг үзүүлж өгч байснаа ч дурслаа. Тэр үеийн эндхийн тариаланчид амралтнаас бүжгийн хорхойтнууд л буцаж ирдэг байж.
Тэд амралтаас Жаргалантдаа ирээд аж ахуйн клубын шалны будгийг халцартал бүжиг эргэдэг байсан гэгдэх. Тариаланч Ш.Содномынх социализмын үед ч, өнөөдрийн өнгөн дээр ч сумынхаа “Соёлч өрх”- өөр шалгарч гэрчилгээ, өргөмжлөл хүртсэнээ “ Манай эхнэрийн гараа цэврүүттэл шал арчсаны үнэлгээ юм даа” гээд хөхөрч сууна. Эднийх гурван охин, хоёр хүүтэй. Одоо хүргэн, бэр, ач, зээ гээд хорь гарчихсан ам бүл. Биднийг уулзахад охин Лхагвадулам нь Унгараас ирээд байлаа. Унгар дахь Монголчууд Лхагвадуламыг анх очиход “Хошин шогийн жүжигчин Туяатай яасан адилхан юм гэсээр байгаад Унгар дахь нэр нь Туяа болчихсон гэнэ. Унгар дахь Монголчууд жинхэнэ нэрийг нь одоо мэдэхгүй “Туяа” л гэлцэнэ. Тэнд арван гурван жил болчихсон, мажаар хэлийг эзэмшчихсэн нэгэн аж. Анх Унгар явахад хоёр настай үлдсэн охин нь одоо аравдугаар ангид сурч бас ч гэж сургуульдаа нэртэй бүжигчин болчихож. Аавынхаа биеийг чилээрхлээ гэсэн хэл аваад ум хумгүй ирээд байгаа нь тэр. Эднийх найман нэрийн дэлгүүртэй. Эхнэр Норжин нь насаараа сангийн аж ахуйн нярав хийсэн, мөнгө төгрөг, эд баялгийн тооцоотой “Ноцолдсон” болохоор дэлгүүрийнхээ барааг татна, худалдаа наймаагаа хийнэ, ногоо цагаагаа борлуулна… гээд борви бохисхийхгүй ажилтай. Содном “Би чинь дэлгүүрээс улаан тамхиа ч авч үзээгүй хүн. Бүхнийг манай хүн зохицуулсаар өдий хүрсэн” гэж үнэнээ хэлнэ лээ.
Намартаа ногоогоо хурааж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхээр Улаанбаатарт нээгддэг “Намрын ногоон өдрүүд” яармагийг зорино. Бас хэдэн гэрийнхээ бүтэн жилийн хүнсний ногоог нөөцөлнө. Эдний хашаанд гэхэд хэд хэдэн “Мазда” “Вонго”, бас анжис чирээстэй трактор дэнхийтэл зогсож харагдана. Эднийхэнд машин, трактор хөдөлгөж чадахгүй хүн гэж үгүй бололтой. Шөнө 21 цаг өнгөрч байхад Норжин зэргэлдээ Борнуураас дэлгүүрийн бараа татахаар зээтэйгээ хоёул машин асаан хөдлөнө лээ. Тэд лав шөнийн нэг, хоёр цагт амжиж ирвэл дээд нь биз. Үүнийгээ оройтлоо яана, ийнэ гэхгүйг бодоход ингэж цаг наргүй ажиллаад сурчихсан улс шигээ. Эргэн тойрны уул нь алтны ордууд, Тэндээс цианит натри алдагдлаа энэ тэр гэж шуугиулаад байсан уурхай ч ойрхон ил харагдана. Манай говийхон зах зээлд хүн яаж хөлөө олдгийг, хэрхэн цаг наргүй хөдөлмөрлөдгийг Жаргалантад очиж судалмаар санагдсан.
Энд газар дээрээ хүнсний ногоо хачин хямдхан. Говийн бизнесменүүд намартаа эндээс наймааны ногоогоо татдаг нь ч аргагүй юм. Түлшний мод газар дээрээ шуудай нь 500 төгрөг гээд боддоо. Улаанбаатарын зах дээр 1200 төгрөг хүрч байгаа энэ мод говьд бол бүр ч хадаж өгнө шүү дээ. Энд аргал түлэх тухай ойлголт алга. Мод, гишүү дан түлш нь. Намартаа эднийх жимсний орон гэнэ. Жил жилийн ургац адилгүй ч өнгөрсөн намар дэндүү сайхан ургажээ. “Газар ягаартал ургасан гүзээлзгэнэд гэхэд машин, тракторын дугуй улаанаар будагдаж байсан” гээд ярихад арааны шүлс асгарах шиг болно. Бор зүрхээрээ зүтгэж яваа тариаланчид шинэ трактор худалдаад авчих бэл тэр бүр байхгүй, олдоц ч ховор болохоор энэ тэрийг нийлүүлээд трактор “Босгочихоод” тачигнуулж гарна. Өнгөрсөн жил эндхийхэн хаа байгаа Завханаас зургаан тракторын сэг ачиж ирээд “Босгочихсон” байна.
-Энд тэнд явахаа байчихсан, моторгүй ч хамаагүй трактор байвал хэл дуулгаарай. Дөрвөн талаас нь зургийг аваад явуулаарай. Говийхон трактороо явахаа байхаар төмрийн хогт ачихаас өөрөөр ашигладагүй юм билээ. Сайндаа л моторыг нь худаг дээр тавих, гэрэл асаах төдийд хэрэглэдэг гэсэн. Гэтэл тариаланч бидэнд тракторын эд анги, эрэг боолт болгон хэрэгтэй шүү дээ гэж эндхийн тариаланчид ам уралдуулж байна.
Аян замд дайраад өнгөрөх төдийд Төв аймгийн Жаргалант суманд сонссон дуулсан, ажиж харсан зүйл гэвэл ийм бүлгээ.
Жаргалантынхан гэж цаг наргүй ажилтай, үлгэр дууриалтай ард түмэн ажээ.