Бороо орж, түймэр бүрэн унтарчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Бороо орж, түймэр бүрэн унтарчээ

2015 он гарснаас хойш улсын хэмжээнд нийтдээ  136 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Өнөө өглөө ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр Сэлэнгэ аймагт гурван газарт, Увс аймагт түймэртэй өнжсөн байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар тавдугаар сарын 8-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраажээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 18 албан хаагч, нутгийн 78 иргэн гэхчилэн өргөн бүрэлдэхүүнээр ажиллажээ. Заставын орчим буюу хойд хэсгээр түймрийг  цурамд оруулаад байтал өчигдөр 18 цагийн үед бороо орж, түймэр бүрэн унтарсан байна.

Мөн  Сэлэнгэ аймгийн Ерөө сум  Бугант  багийн  “Ходоод” гэдэг газарт гал түймэр гарчээ. Түймрийг унтраахаар 36 хүн ажиллаж байгаа гэнэ.  Бугант багт яг одоо бороо орж байгаа ажээ. Сэлэнгийн Цагааннуурын Нүхтэд гарсан түймрийг онцгой байдлынхан болон нутгийн иргэд унтрааж, цурамд  оруулсан байна.

Харин Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан эрэг” гэдэг газарт ой, хээрийн түймрийг унтраахаар нийт 81 хүн ажиллаж,  цурамд оруулжээ.

Д.ЦЭЭНЭ

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж