График, дизайны чиглэлээр суралцдаг оюутнуудын чадварыг сорих зорилготой “Алтан хулгана” наадам ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд 261 оюутны 141 бүтээл наадамд иржээ. Жил бүр өөр өөр уриатайгаар зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд “Би чи бид соёлын өв” уриан дор оюутнууд бүтээлээ туурвисан. Энэ ч үүднээс оюутнуудын бүтээлээс монгол ахуй, соёл уламжлал “үнэртэж” байсан юм.
ШУТИС-ийн дизайны салбарын эрхлэгч Д.Түмэнболдын хэлж буйгаар “Алтан хулгана” наадмын анхны жилүүдэд оюутнууд бичгийн цаасан дээр бүтээлээ гаргахаас эхлээд, учраа нэг л олж чаддаггүй байжээ. Харин жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, бүтээлийн агуулга, чанар нь сайжирч эхэлсэн байна. Ер нь жил бүрийн наадамд ШУТИС, Политехникийн коллежийн оюутнууд амжилттай оролцдог гэдгийг онцолсон юм. Энэ үеэр наадамд бүтээлээрээ оролцож байгаа зарим оюутнуудтай уулзлаа.
Г.Халиун (ШУТИС-ийн компьютер график дизайны 4 дүгээр курсийн оюутан) – Өнгөрсөн жил ангиараа энэ наадамд хоёр бүтээлээр оролцож түрүүлсэн. Улмаар Япон улс руу оюутан солилцоогоор яваад ирсэн. Өөрсдийн бүтээлээ Японы оюутнуудад дэлгэн харуулсан. Японы Технологи дизайны сургуультай танилцах аяллыг хийсэн. Бидний хувьд постер дизайнаар бүтээлээ туурвисан. Мөн ангиараа “Алтан хулгана” гэдэг кино бүтээлээр оролцсон. Наадамдаа энэ жил ч оролцож байгаадаа баяртай байгаа.
А.Ренчиндорж (ШУТИС-ийн компьютер график дизайны 3 дугаар курсийн оюутан) -Байгаль гэдэг нэртэй комик номоор энэ удаагийн наадамд оролцож байна. “Алтан хулгана” наадам эхлэх үеэс санаагаа бодож эхэлсэн. Байгалийг хүнээр төлөөлүүлэн, үзэсгэлэн гоогийн илэрхийлэл болгон хийсэн. Байгаль хэрвээ хүн байсан бол бид хэрхэн хандаж байгаа вэ. Түүнд учруулж буй хор хохирол, муу муухайг харанхуй гэх зүйлээр төлөөлүүлсэн. Түүнийг хайрлах хэрэгтэй гэдэг үүднээс бяцхан хоёр хүүхдээр төлөөлүүлж хийсэн.
Г.Нарантуяа (ШУТИС-ийн компьютер график дизайны 3 дугаар курсийн оюутан) -Миний хувьд энэ наадамд хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд Гоо маралын тухай бүтээлээр оролцож байгаа. Хэдийгээр Гоо марал нь домогт гардаг ч гэсэн миний хувьд цаашид юу болох вэ гэдэг дээр онцолсон. Энэ бүтээлээ потошоп программаар зурж хийсэн.
Өмнөх жилүүдийн “Алтан хулгана” наадмын ялагчдыг Япон улс руу аялуулдаг уламжлал тогтжээ. Энэ жилийн ялагчийг ч Япон улсын Технолгийн дизайны сургуулиар аялуулж, бүтээлийг нь дэлгэн сурталчлах юм байна. Одоогоор наадамд оролцогчдын бүтээлээр ШУТИС-ийн компьютер график дизайны сургуульд үзэсгэлэн гаргаад байгаа юм. Ирэх баасан гарагт наадмын шагнал гардуулах ёслол Тэнгис кинотеатрт албан ёсоор болж шилдгүүдээ шалгаруулна.
Б.ЗАЯА