-ОХУ-ын иргэн С.В.Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тодорхойгүй байна. Энэ талаар албан ёсны хариулт өгөхгүй юу?
-Алтандорнод Монгол компанийн захирал асан С.В.Паушок 2007-2008 онд нөхөн төлбөр, хүү торгууль, алданги тооцсон 75.3 тэрбум, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 52.4 тэрбум, нийт 127.4 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр УМБГ-т шалгаж эхэлсэн. Тус компани нь нийтийн өрийн асуудлаа татварын тайландаа тусгаж, тухай бүрт нь татварын байгууллагад хүргүүлж байсан. Мөн татварын улсын байцаагч нарын мэдүүлэг, энэ хэрэг дээр ажилласан шинжээч нарын дүгнэлтээр Алтандорнод монгол компани манай улсад 127.4 тэрбум төгрөгийг төлөх нь үнэн гэж гаргасан байдаг. Тус компани манай улсад төлөх санхүүгийн баримтаа ил тод үзүүлсэн. Үүнээс гадна зарим бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу 68 хувийн татварыг төлөхгүй гэдэг асуудлыг олон улсын арбитрийн шүүхээр шийдүүлж, шийдвэр манай талд гарсныг мэдэж байгаа. Тэгэхээр татвараас зайлсхийх, орлогоо нуух, санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэх зэрэг үндэслэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байх ёстой. Гэтэл Алтандорнод монгол компани татвартай холбоотой санхүүгийн баримтаа ил тод болгосон нь шинжээч нарын дүгнэлтээр батлагджээ. Өөрөөр хэлбэл, шинжээч нарын дүгнэлтээр татвараас зайлсхийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Тиймээс энэ хэргийг прокурорын байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.
-Бас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна гэх үндэслэлээр шалгаж байсан. Энэ асуудал нь хэрхэн шийдэгдсэн бэ?
-Шүүхийн долоон шийдвэр бий. Шүүхийн xүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэх хэргийг энэ хэрэгтэй хамтатган шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэдэг нь тогтоогдоогүй. Төлөх ёстой 9.4 тэрбум өр төлбөрөө Алтандорнод монгол компани тодорхой графикаар барагдуулж байгаа. Одоогоор дөрвөн тэрбум төгрөгийн өр төлбөрийг хууль ёсны дагуу барагдуулаад байна. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй гэж үзсэн.
-Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрийн дараа С.В.Паушокын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь олны анхаарлыг татаж байна л даа?
-Проукурорын байгууллагын зүгээс уг хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн хүрээнд ажилласан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосноор манай улсад өрөө барагдуулах боломж бүрдэж байгаа гэж хэлж болно. Прокурорын байгууллага улс төр, бизнесийн хүрээнийхний нөлөө байгаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
-С.В.Паушокийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь манай улс хохирлоо барагдуулахад хүндрэл үүснэ гэж зарим эх сурвалж хэлж байсан л даа?
-Одоогийн цугларсан баримт материалыг үндэслэн Засгийн газар хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. Тус компанийн зүгээс ч өр төлбөрөө барагдуулахаа мэдэгдсэн. Паушокийн хэрэг эцэслэн шийдэгдсэнээр хохирлоо барагдуулах, цаг хугацаа хожих боломж бүрдэж байгаа юм.
-Тэгэхээр Засгийн газар хаанаас хохирлоо барагдуулах болж байна?
-Ямар журмаар, хаана хандах нь Засгийн газрын мэдэх асуудал.