Өмнөх УИХ-ын
үед парламентын ордон барих газрын асуудлыг УИХ-аар хэлэлцэж билээ.
Төрийн эрхийг ард түмэндээ өгсөн ардчилсан Монгол Улсыг дэлхий нийтийн
өмнө нүүр улайхааргүй парламентын ордонтой болоосой хэмээн Кувейтийн
сангаас 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт амласан ч манайхан
“Шаазгай зүү олоод хийх газар олддоггүй”-н зовлонг эдэлж, ордон
байгуулах газрынхаа асуудлыг шийдэж чадаагүйн улмаас хөрөнгө
оруулалтын асуудал зогсоод байлаа. Тэгээд арга ядахдаа хууль тогтоох
засаглалынхаа төвшинд асуудлыг ярьсан нь тэр. Хотын захиргаанаас тэдэнд
хэд, хэдэн газрыг санал болгосон байдаг юм.
Одоо
Тагнуулын ерөнхий газар байрлаж байгаа байшин, Төрийн тусгай албан
хаагчдын эмнэлгийн барилгууд нэгэнт ашиглалтын хугацаа дуусч,
барилгыг сууриар нь шинэчлэхээс өөр аргагүй гэдэг актыг мэргэжлийн
хяналтынхан тавиад удаж байсан тул энэ барилгуудын аль нэгийг нурааж,
буурин дээр нь парламентын ордон барих, эсвэл Их тэнгэрийн аманд шинээр
газар олгох, үгүй бол Төрийн ордны зүүн талд байрлах хуучин
Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн ашиглагдахаа болиод удаж байгаа
барилгыг буулган газрыг чөлөөлөх гэсэн дөрвөн ч хувилбар яригдаж
байсан санагдана. Тэгээд ярьж, ярьж ашиглагдахгүй байгаа хэвлэх
үйлдвэрийн барилгыг буулгахаар шийдэлд хүртэл уг газар хэн нэгний
хувийн өмчид шилжсэн тухай асуудал дэгдсэн юм. Тэгээд цаад эзэн нь
газрынхаа үнэд гурван тэрбум төгрөг нэхсэн ч гэдэг билүү.
Гэтэл
мөнгө манайд биш, кувейтүүдэд байсан учраас газрын үнэд төлөх гурван
тэрбум төгрөг байхгүй гээд энэ асуудал үндсэндээ зогссон.
Харин
саяхнаас, УИХ-ын намрын чуулган завсарлаж, улс төрийн амьдрал ажин
түжин болсон үеэр парламентын ордны барилгын асуудал дахин яригдаж
эхэллээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас захиалан
барилгын зураг төслийн ажлыг бэлэн болгож, Засгийн газрын хуралдаанаар
оруулан дэмжүүлээд байгаа тухай өмнө мэдээлсэн. Нийт 3146 ам.метр
талбай бүхий 15 давхар барилгын эхний дөрвөн давхарт УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны танхим, 528 ам.метр,
236 ам.метр талбай бүхий хоёр ч том хүлээлгийн танхимтай. Парламентын
архивын өрөө, парламентын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах 364
ам.метр талбай бүхий танилцуулах танхим, телевизийн дамжуулах өрөө
гээд дутуу юмгүй энэ ордны хамгийн дээд давхарт биеийн тамирын заал
байхаар зохион байгуулжээ.
Парламентын
засаглалтай улс орнуудын дотроос парламентын ордны хамгийн
сонгодог хэлбэр нь ХБНГУ-ын Бундестагийн ордон юм гэсэн. Сонгодог
хэлбэр гэдэгт гурван зүйлийг чухалчилж үздэг аж. Нэгдүгээрт, барилгын
уламжлалт байдал, хоёрдугаарт, олон нийтэд нээлттэй байдал, гурав
дахь нь ардчиллын мөн чанарыг илэрхийлж буй байдал гэх мэт.
Бундестагийн ордон гурван хаалгатай. Эхний хаалгаар дурын иргэн дуртай
цагтаа ороод парламентын үйл ажиллагааг сонирхох боломжтой. Хоёр дахь
хаалгаар бүлгээрээ буюу албан байгууллага, анги хамт олноороо яваа
хүмүүс ордог. Гурав дахь нь гадаадын зочид төлөөлөгчдөд зориулсан
хаалга. Хэн ч, хэдийд ч орсон 14 хүнийг нэг бүлэг болгож, тайлбарлагч
гаргаж өгөөд парламентынхаа үйл ажиллагааг танилцуулдаг. Харин
Монголд дээрх байдлыг хэрхэн шийдсэнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан
УИХ-ын гишүүд лав шинэ ордны талаар ямар ч ойлголтгүй л яваа юм билээ.
Жил ирэх тутам ард иргэдээсээ холдож, хашаа хайсаа хүртэл хана хэрэм
болгоод байгаа манай нөхдүүд үүн дээр санал санаачлага гаргаж байгаа
гэхэд би лав итгэхгүй.
Барилгын зураг төслийн
ажил нэгэнт бэлэн болсон гэдгийг дээр хэлсэн. Харин газрын асуудал
одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. ЗТБХБЯ-наас гаргасан зургаар бол
одоо байгаа Төрийн ордонтой залгаад арын цэцэрлэг дээр шинэ ордны
зургийг хийсэн байдаг. Тийм учраас зураг төслийг дэмжсэн гэдэг нь
газрын асуудлыг бас давхар шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Уг нь анх шинэ
ордны газрын асуудлыг ярьж эхэлсэн цагаас л хотын төвд үлдээд байгаа
ганц цэцэрлэгээ дайруулах биш, тойруулж ирсэн юм. Аль бидний багаас
л энд зуны дэлгэр цагт хүүхэд шуухад нарлаж, ээж нар хүүхдээ
салхилуулж, оюутан сурагчид хичээл номоо бариад энд ирдэг, олны
хөлд дарагдсан сайхан газар байлаа. Харин ардчиллын жилүүдэд энэ
цэцэрлэг тэднийгээ үгүйлсэн шиг, хайс хашаа нь хана хэрэм болтлоо
өндөрсөөд өдөр шөнийн 24 цагийн турш төмөр цоож зүүлттэй, ард түмэнд
хаалттай цэцэрлэг болж хувирсан. Гэвч “уушиггүй” болоод байгаа
Улаанбаатарын төвд үлдсэн ганц цэцэрлэг юм болохоор нь хэн хүнгүй л
хайрлаж харамладаг. Харин парламентын шинэ ордонтой болох
дүйвээнээр энэ цэцэрлэг нэгмөсөн арчигдах нь бололтой.
Дахиад
л цэцэрлэгээ тойруулъя л даа. Тагнуулын ерөнхий газар, Төрийн
тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг буулгахын тулд дээрх
байгууллагуудад дахиад тэр дайны барилга барьж өгөх хэрэгтэй болно.
Тиймээс эхний удаад энэ барилгуудыг мөрөөр нь орхиё. Тэгэхээр Их
тэнгэрийн аманд шинэ ордонг аваачих уу, Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн
ашигладаггүй барилгыг буулгах уу гэдэг сонголт үлдэнэ. Дархан цаазат
Богд хан ууландаа хууль зөрчиж олгосон өч төчнөөн газрын
зөвшөөрлийн улмаас энэ хавийн экологийн тэнцвэр алдагдаж, хэл ам
татлаад байгаа ийм үед парламентын ордонг Их тэнгэрт байгуулбал энэ
хавийг олны хөлд талхилах бас л нэг шалтаг. Тэгээд өдөртөө нэг удаа
ирж очих гэж Зайсангаас Төрийн ордон хүртэлх замыг бүхэлд нь хаан
иргэдээ чирэгдүүлдэг манай томчууд Засгийн газрын ордон /одоо байгаа
төрийн ордонг Засгийн газрын ордон болгож үлдээхээр ярилцаж байгаа/
парламентын ордон хоёрын дунд явах гэж мөн ч их юм болох байлгүй.
Тэгээд ч парламентын ордон бол парламентчидаас гадна гадна ард иргэдэд
үйлчлэх ёстой учраас төрийн гурван өндөрлөг амьдардаг харуул
хамгаалалт, хаалттай бүсэд аваачих нь тийм ч оновчтой шийдэл болж
чадахгүй.
Үлдэж байгаа ганц сонголт нь Сүхбаатар
хэвлэх үйлдвэрийн байшин. Үүнийг газрыг чөлөөлүүлэхийн тулд
эзэмшигчид нь гурван тэрбум төгрөг төлөх хэрэгтэй гэдгийг өмнө хэлсэн.
Тэр тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэр бүхий гишүүд ам
алдсан учраас худлаа гэж мэлзэх аргагүй. Харин энэ газрын үнэ яагаад
гурван тэрбум төгрөг гэж тогтсон тухайд ихээхэн сонирхолтой яриа
байдаг юм. Хотын мэр асан Ц.Батбаяр хэдэн жилийн өмнө энэ газрыг Өмнөд
Солонгосын нэг компанид гурван сая ам.доллараар зарахаар гарын үсэг
зурчихсан байсан гэдэг. Харин хэвлэх үйлдвэрийн барилгыг тухайн үед
худалдаж аваад байсан Монголын нэг компанийн ТУЗ-д Ерөнхийлөгч асан
Н.Энхбаярын дүү ордог юм байна. Тиймээс л энэ газрыг экс
Ерөнхийлөгчийн ээж Бүдханд гуайнх хэмээн барин тавин ярьдаг аж.
Хотын мээр асан ч Өмнөд Солонгосын компанитай хийсэн энэ гэрээнээсээ
болж огцрох өргөдлөө өгсөн гэдэг юм билээ. Харин хэвлэх үйлдвэрийн
байшин мэдээж экс Ерөнхийгчийн дүүгийн нэр дээр одоо болтол байдаг
байлгүй.
Тиймээс хүний юмыг дээрэмдэх нь хаашаа
юм. Нэгэнт тухайн үедээ энэ хүмүүс хуучин барилгыг хууль журмынх нь
дагуу, газартай юутай хийтэй нь хувьчлаад авсан нь үнэн л юм бол төр ч
гэсэн мөнгийг нь төлөөд худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуучин
ордон, шинэ ордон хоёрынхоо хооронд газар доогуур нүхэн гарц хийчихээд
УИХ, Засгийн газрын гишүүд нь хоорондоо зөрөлдөж байхад буруу юм ч
алга. Дээр нь Ерөнхий сайд маань сүүлийн үеэс “Их дээд сургуулиудыг
цогцолбор байдлаар хөгжүүлнэ, хотоос гаргаж, оюутны хотхон
байгуулна” гэж яриад байгаа. Хүмүүнлэгийн их сургууль, МУИС гээд
оюутан олонтой томоохон сургуулиуд хотоос гараад эхэлбэл энд
ирээдүйдээ энд төрийн байгууллагуудаа төвлөрүүлээд, төр нь иргэндээ
жинхнээсээ “нэг цэгээс” үйлчилдэг болох юм билүү, хэн мэдлээ.
УИХ-ын
гишүүн бүрт “Тойргоо тордоорой” гээд нэг тэрбум төгрөг өгчих бэлтэй улс
чинь бүхэл бүтэн парламентын ордныхоо газрыг худалдаж авахад
гуравхан тэрбум төгрөг хаяж яагаад болохгүй гэж. Ардчиллын нэг ололт
бол төр нь иргэнийхээ өмчийг дээрэмдэхээ больсон явдал. Тэр утгаараа
Н.Энхбаяр ч гэсэн Монгол Улсын нэг л иргэн шүү дээ.
Б.СЭМҮҮН