УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн пүрэв, баасан гаригт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж чадалгүй дахин анхны хэлэлцүүлэг хийлгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна.
Уг хуулийн төслийг 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад 1 хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчийн 1 хувийн татвар ногдуулахаар болгож зорилтот татвар болгон өөрчилсөн аж. Гэвч энэхүү заалтууд нь УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч чадалгүй унаад байна. Ажлын хэсгийн саналыг дэмжихгүй байгаа шалтгаанаа гишүүд “Эдийн засгийн хямралтай үед татвар шинээр бий болгох нь ачааллыг нэмнэ. Давхар татвар төлөх нөхцөл байдал үүсгэнэ” гэсэн асуудлыг хөндөж буй. Харин ажлын хэсгийнхний зүгээс “УИХ-аар дөрвөн сарын өмнө уг төслийг хэлэлцэхэд бүгдээрээ дэмжсэн. Ажлын хэсгийн хувьд гишүүдээс хэлж байсан саналыг төсөлд тусгасан. Хэрвээ ажлын хэсгийн санал дэмжлэг хүлээхгүй бол нийслэл хотын татварыг бүхий л ажил, үйлчилгээ, худалдаанаас авах нөхцөл үүснэ” гэж үзэж байна. Талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын байр суурийг VS буландаа онцоллоо.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин