Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран нийслэлийн ногоон бүсэд
хууль бусаар мод бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийн
санг удахгүй ашиглалтад оруулах талаар өчигдөр уулзалт зохион
байгууллаа. Уулзалтаар Ойн газар, НБХГ, НМХГ, НЦГ-т өөрийн байгууллагын
холбогдох байцаагч, ажилтнуудын мэдээллийг нэгтгэх, бүртгэх ажилтан
томилох, сар бүрийн эцэст мэдээллээ оруулж байх үүрэг хүлээлгэв.
Уг
мэдээллийн сан нь DotNet технологи дээр суурилсан вэб хандалтат систем
байх ба нийслэлийн ногоон бүс төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрийг
бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бий болгох гэнэ. Мэдээллийн
санд иргэд, ТББ-ууд мэдээлэл өгөх, санал илгээх, хариу авах, тайлантай
танилцах, мэдээллийн мөрөөр авсан арга хэмжээг хариу мэдээлэх, холбогдох
асуудлуудыг шийдвэрлэх гэх мэтээр оролцох юм байна. Мөн зөрчил гаргасан
этгээдийн талаарх бүрэн мэдээллийг бүртгэж байхыг улсын байцаагч,
байгаль хамгаалагч, цагдаагийн ажилтнуудад албан ёсоор танилцуулахыг
үүрэг болголоо. Тус мэдээллийн санд гурав ба түүнээс дээш бүртгэгдсэн
этгээдэд ногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах асуудлыг Ойн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, журам гаргах байдлаар шийдвэрлэх талаар
санал гарчээ. Мөн цаашид үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал
олгох журам хэрэгжүүлэх механизм бүрдүүлэхээр болсон тухай “Өнөөдөр”
сонинд мэдээлсэн байна.