өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн
бонд гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсантай холбоотойгоор
УИХ-ын нэр бүхий гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн
газраас 300 тэрбум төгрөгийн бонд гаргаснаар үндэсний үйлдвэрүүд, мөн
малчдаа дэмжээд зогсохгүй 50 мянгаас 60 мянга хүртэл ажлын байр шинээр
бий болно гэж үзэж байна. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг
дэмжих хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгийн
зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоход 12 мянган ажлын байр шинээр
бий болсон байдаг аж.
Засгийн газраас гаргах 300 тэрбум төгрөгийн
бондын 150 тэрбум нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд зээл болж
иргэд, аж ахуйн нэгжид хүрнэ. Ингэхдээ Засгийн газраас боловсруулсан
төслийн хүрээнд аль аймагт, ямар чиглэлийн үйлдвэр барих нь оновчтой вэ
гэдгийг гаргасан бодлоготой уяж, зээлийг олгох болж байгааг УИХ-ын
гишүүн Д.Балдан-Очир онцоллоо. Мөн энэхүү тогтоол нь өнгөрсөн жил
УИХ-аар баталсан “Монгол мал” хөтөлбөр, өчигдөр баталсан Түүхий эдийн
биржийн тухай хуультай уялдсан гэдгийг тодотгож байна.
Ингэснээр
сүүлийн 20 гаруй жилийн турш орхигдсон байсан мал аж ахуйн салбарыг
үндэсний үйлдвэрлэгчидтэй нь холбох тэр дундаа мал аж ахуйгаас гарах
түүхий эдийг үйлдвэртээ хүрдэг байх тэр тогтолцоог бий болгоход чиглэсэн
гэж хэлж байна. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлснээр бол Монгол
Улсын хувьд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх салбарын тэргүүнд сайн
чанарын дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, барилгын салбар
жагсаж байгаа аж. Эдгээрийг төрийн зүгээс бодлогоор дэмжин хөгжүүлэхдээ
өрсөлдөх чадварыг нь сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд ажил хийж
байгаа хүмүүсээ төр дэмжих нь чухал гэж үзсэн. Тийм ч учраас ноолуурын
салбарыг дэмжих хүрээнд 100 тэрбум төгрөгийг зээлээр олгоно. Хэдийгээр
12 үйлдвэр энэхүү зээлд хамрагдах боловч утас ээрдэг үйлдвэрүүдэд
олгогдох учраас цаагуураа өрхийн үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэлээ дэмжих
боломж олгож байгааг онцоллоо.
Цаашид УИХ үндэсний
үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэх юм байна. Энэ хүрээнд мах,
арьс шир үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлогыг УИХ батлах аж.
Хэвлэлийн
бага хуралд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын
гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, А.Тлейхан нар мөн оролцлоо.