Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий ассамблей “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн Улаанбаатар хотноо болно. Тавдугаар сарын 20-ны өдөр тохиох уг чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол Улсын залуучуудын төлөөлөл оролцоно. Нэг улсаас 10 төлөөлөгч оролцох юм байна. Азийн залуучуудын ассамблейн индрээс УИХ-ын гишүүн Л.Болд “Улаанбаатар энхтайван аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавих бол “Улаанбаатар яриа хэлэлцээнд Зүүн хойд Азийн залуучуудын оролцоо” сэдвээр Стратеги судалгааны хүрээлэнгийн Хятад, зүүн хойд Азийн судлалын төвийн эрхлэгч Н.Доржсүрэн илтгэл тавих юм. Гадаадын илтгэгч нарын сэдэв ч мөн тодорхой болжээ. “Сенкаку (Дяоюйдао) арлуудын маргаантай асуудал” сэдвээр МУИС-ОУХНУС-ийн магистрант Ван Пэн, “Монгол Улсын дамжуулах хоолойн бүтээн байгуулалт” сэдвээр Олон судлалын эрдэмтэн доктор Ким Жин Мин нар илтгэл бэлтгэжээ.
Симпозиум тавдугаар сарын 20-ны өдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно.
Д.ЦЭЦ