Зургаан компани махан бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортолно

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Зургаан компани махан бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортолно

Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д  дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ.  

Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны  дагуу 2014 оны зургадугаар сард  БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж  мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Тухайн  үед  эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч  зарим  нэг  шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан,  манай  талаас 2015 оны гуравдугаар   сард Хятадын талд  аж ахуй  нэгжүүдийнхээ  мэдээллийг   хүргүүлсэн юм. 

Үүний  дагуу Хятадын  Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас  энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд  мах  экспортлох  зөвшөөрөл олгожээ.  


Үүнд: 

1.Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг  БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”,  “Монгол эко мах”  ХХК-д, 

2.Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх  нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”гэсэн 4 компанид ,

3.Адууны махан  хөлдөөсөн  бууз,  банш  экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг  “Хаан хүнс”  ХХК-д, 

4.Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд”  ХХК-д тус тус олгосон байна. 

Одоо харин дээрх зөвшөөрөл нь баталгаажсан нэр бүхий компаниудын бүтээгдэхүүн экспортлох албан ёсны гэрчилгээ нь гарчихвал, экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон аж.


Дундаж тооцооллоор дэлхийн нэг хүн жилд 44 килограмм мах иддэг байна. Жишээлбэл, БНХАУ-ын нэг иргэний жилийн махны хэрэгцээ 3.23 килограмм байгаа юм. Иймээс манай улсын махан бүтээгдэхүүний экспорт цаашид нэмэгдэх боломжтой.

Дээрх зургаан компаниар экспортоо зогсоохгүй. Ингэхийн тулд дотоодынхоо мал, маханд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай тэр тусмаа төрийн байгууллагуудын уялдаа холбоогоо сайжруулж, малынхаа эрүүл ахуйд онцгой анхаарах шаардлага болжээ.

Мөн удахгүй Монгол улс мах, махан бүтээгдэхүүнээ Вьетнам улс руу экспортлох боломж нээгдэх юм. Учир нь энэ сарын 20-30-ний өдрүүдэд Вьетнам улсын төлөөлөгчид манай дотоодын 20 махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, давхар технологийн шалгалтыг хийх юм. Тухайлбал үйлдвэрүүдийн боловсруулсан махан бүтээгдэхүүн ямар үе шат дамжлагатайгаар, ямар технологийн аргачлалаар эцсийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж байна вэ гэдэгт онцгой анхаарч, хяналт тавих  юм байна.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж