&#34Гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

&#34Гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй&#34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр санал, санаачилга гаргаж, анхаарлаа хандуулж байгаад олон нийт таатай хандаж байна. Зарим талаар ажлын үр дүн гарч байгаа гэж үзэж болох уу?

Тантай санал нэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нэлээд эртнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарч, бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 2013 оны 12 дугаар сард “Хүчирхийлэл эсрэг нэгдэцгээе” уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө түүнд оролцсон. Төрийн болон ТББ, эрдэмтэн, судлаачид,  иргэдийн төлөөллийг оролцуулсан тэр уулзалтын үеэр  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд баримталж байгаа байр сууриа Ерөнхийлөгч тодорхой илэрхийлснийг та бүхэн санаж байгаа байх. Юуны түрүүнд хууль эрх зүйн орчноо эргэн харж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байсан. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч бусад төрийн болон ТББ, эрдэмтэн, судлаачид, иргэдтэй хамтран ажилласны дүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд энэ 2015 оны 4 дүгээр сард өргөн мэдүүлээд байна.

-Өнөөдөр Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин ямар байгаа вэ?

-Уг нь Улсын Их Хурал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бүр 2004 онд баталсан шүү дээ. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан гэж хэлж болно л доо. Энэ хууль хэрэгжээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Эргээд харахад бид нэлээдгүй хол замыг туулжээ. Гэтэл өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох нь нэн тэргүүнд анхаарах шаардлагатай, тулгамдсан асуудал болчихоод байна.

Тухайлбал, 2014 оны судалгаанаас харахад нэг жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг 2013 оныхоос 2.6 дахин, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 3.5 дахин өсч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шалтгаанаар 5 гэр бүл тутмын нэг гэр бүлээ цуцлуулсан дүн гараад байна. Мөн 2009-2014 хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 3048 хэрэг гарч, хүнийг санаатай алах гэмт хэрэг 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 2727 гарсан байна шүү дээ. Энэ бол аюулын харанга.

Энэ нөхцөл байдал нь өнөөгийн үйлчилж байгаа хууль эрх зүйн орчинг эргэн харах цаг нэгэнт болсныг харуулж байна. Энэ бол бидний хүссэн үр дүн биш. Үүнд цэг тавих цаг болсон.

-Ийм нөхцөл үүсч байгаагийн шалтгаан чухам юунд байна. Бид юуг анхаарах ёстой вэ?

-Янз бүрийн л шалтгаан дурдаж болно л доо. Гэхдээ шуудхан хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, хууль эрх зүйн орчноос шууд хамааралтай байна. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх том зорилго тавьсан ч түүндээ хүрэх үр нөлөөтэй тогтолцоог өнөөдрийг хүртэл бүрдүүлж чадаагүй юм байна. Өнөөгийн бодит нөхцөл байдлыг харвал хохирогчийг хамгаалах бус шийтгэдэг, хашраадаг тогтолцоог бүрдүүлчихсэн байна шүү дээ.

Ийм нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ, таслан зогсооно, урьдчилан сэргийлнэ гэж ярих нь утгагүй, үр дүнгүй, зардал үрсэн ажил болоод байна шүү дээ. “Хагас саажилттай” гэмээр, эрэг шураг нь таг гацчихсан энэ тогтолцоо гэр бүлийн хүчирхийллийг улам гааруулж, бүр далд хэлбэрт шилжүүлж, хүчирхийлэгчийг өөхшүүлж, эцэс сүүлдээ хохирогч өөрөө шоронгийн хаалга татахад хүрээд дусч байна.

Бидний дурдаж байгаа тоон мэдээллээс илүү олон хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрх нь ноцтой зөрчигдөж, айдас хүйдсээр баглуулж, боолчлогчийн хараа хяналтаас гарч чадахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Ийм нөхцөл байдал бодитой, амь бөхтэй оршин байгаа учраас бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай болсон. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийгмийн захиалгаас төрсөн гэж хэлмээр байна. Төрийн хүрч чадахгүй байгаа тэр үйлчилгээ, хамгааллыг иргэнд хүргэхэд энэ хуулийн төсөл чиглэгдэж байгаа. 

-УИХ-аас 2004 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ялгаа нь юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь одоо үйлчилж байгаа хуулиас ач холбогдол, үр нөлөөний хувьд харьцуулашгүй, олон дэвшилтэт зохицуулалтыг тусгасан  гэж хэлж болно.

Тухайлбал, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэгд, хохирогчийн эрхийг хамгаалах асуудлыг хамгийн түрүүнд тавьж, эрх хамгааллын тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарсан. Хоёрт, 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухайхуулийг батлахдаадагалдах хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулаагүй, байгууллагуудын эрх хэмжээг хэт ерөнхий, хоорондын уялдаагүй тусгаснаас болж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого тарамдаж, одоо үйлчилж байгаа хуулийг үр нөлөөгүй, өөрөөр хэлбэл, сүнсгүй болгосон гэж хэлж болно.

Энэ бодлогын алдаа, хийдлийг засах зорилгоор шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бүхэлд авч үзэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх, үүргийг тусгайлан зааж, байгууллага болон салбар хоорондын уялдааг тодорхой болгож өгсөн. Гуравт, Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах асуудлыг энэ төслөөр тусгайлан нэг бүлэг болгон зохицуулж байгаа. Уг зохицуулалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, гарсан зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, тусгай хамгаалалтаар яаж хангах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг оруулж өгсөн. Нэмж хэлэхэд энэ хуулийн төсөлд хүний эрхийг хангахад чиглэсэн олон шинэлэг, ололттой зохицуулалтууд байгаа гэдгийг хэлмээр байна.

Та сая хохирогчийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйлчилгээнүүдийн талаар яриандаа дурдлаа. Ямар үйлчилгээнүүд үзүүлэхээр хуулийн төсөлд заасан юм бол?

-Хуулийн төсөлд нийт 7 төрлийн үйлчилгээг гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон этгээдэд үзүүлэхээр заагаад байна. Тухайлбал, аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хууль зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ зэрэг үүнд багтаж байгаа. Жишээ нь, аюулгүй байдлын үйлчилгээгээр дамжуулан хохирсон этгээдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална.  Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг аюулгүй байдлыг нь бүрэн хангасан түр хамгаалах байранд байрлуулж, эрхийг нь хамгаалах арга хэмжээ авахаар заасан. Хохирогчид үзүүлэх бусад үйлчилгээ ч үүний нэгэн адил тэдний эрхийг хамгаалахад чиглэгдсэн байгааг хуулийн төслөөс харах боломжтой.

-Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдэд ямар хариуцлага оногдуулах вэ гэдгийг олон нийт харж байгаа шүү дээ?

-Гэр бүл бол хүний эрхийг хамгаалах, хангах, анхдагч бөгөөд үндсэн орчин.  Гэр бүлийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байхгүй. Тиймээс орчин цагийн боолчлол гэр бүлийн хүчирхийллийг бид яав ч хүлээн зөвшөөрч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдог үр нөлөөтэй хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. 2004 онд батлагдсан хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг зөрчил гаргасан гэж үзээд эрүүгийн хариуцлага оногдуулдахгүй байгаа. Харин шинэ хуулийн төслөөр эрүүгийн хариуцлага ногдуулах ерөнхий зохицуулалтыг оруулж өгч, өргөн баригдсан Эрүүгийн хуулийн төсөлд гэмт хэрэг болгон зааж өгөөд байна. Гэр бүлийн хүчирхийллийг зөрчил, гэмт хэрэг гэж үзсэнээр хариуцлагын тогтолцоо боловсронгуй болно гэж харж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна гэж байсан. Хуулийг хэзээ батлах бол?

-Харамсалтай нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр хуулийн төслийн хэлэлцүүлэг жаахан удаашраад байна. Гэхдээ гишүүд маань дэмжиж байгаа. Тийм болохоор хаврын чуулганд багтаагаад батлах байх гэж итгэж хүлээж байгаа.

Г.ДАРЬ

         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж