Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өнөөдөр Гадаад хэргийн яаманд болж буй “Монгол Болгарын бизнес форум"-д үг хэлсэн юм.
Тэрбээр “Манай хоёр улс төрийн түвшин дэх 65 жилийн харилцаагаа улам бэхжүүлэх айлчлал болж байна. Хэдийгээр бид 8000 км-ийн хол ч улс төр, эдийн засгийн хувьд найз нөхөд, үнэнч түнш байх боломжтой.
Болгарын бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ хил хязгааргүй хөгжүүлэх амбийцтай байна. Бид аль болох зардал багатай, үр ашигтай бизнес хийхийг чухалчилдаг. Тиймээс Монголын компаниуд энэхүү нээлттэй зах зээлд хөл тавих боломж байна.
Болгар улс гадаад харилцаагаа тэлсээр байгаа. Болгар-Хятад, Болгар-Солонгос, Болгар-Япон улсуудын бизнесийн харилцаа хөгжиж байна. Харин одооноос Болгар-Монголын хооронд томоохон туршилтын төслүүд хэрэгжинэ.
Бид Монгол улстай ухаалаг тээврийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Болгар улсад уул уурхайн чиглэлээр тэр дундаа алт, зэс, цайрын олборлолтоор маш их туршлагатай. Тиймдээ ч “Болгар гео” компани уул уурхайн төслийг Монголд хэрэгжүүлж байна.
Түүнчлэн манай улсын мэдээллийн технологийн компаниуд газар доогуур байгуулж буй гарааж, метро барих туршлагаа солилцох, эмийн үйлдвэрлэлийн чадавхиа нэмэгдүүлэх замаар хамтарсан үйлдвэр байгуулах боломж бий.
Би Монгол Улсыг өргөн уудам газар нутагтай, маш их байгалийн баялагтай гэдэг талаас нь харахгүй байна. Харин хоёр улсын байршлын хувьд стратегийн ач холбогдолтой гэдэг талаас нь цаашдын боломжуудаа харж байна. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах замаар Орос, Хятадын зах зээлд гарах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах талаар ярьж байна.
Манай улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2020, 2030 он гэхэд нэг хүнд ногдох эрчим хүч үйлдвэрлэлтээрээ дэлхийд давамгайлах зорилт тавьсан. Монгол Улсад иргэний нийгэм буюу твитер, фейсбүүк эрчимтэй хөгжиж байна. Тиймээс цаашдаа цахим сүлжээний чиглэлд хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн манай улс бага өртгөөр европын стандартыг хангасан метрог байгуулсан. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.
Өнөөдөр Софи хотод байрлах метрогоор 500 мянган хүн зорчиж, онгоцны буудлуудыг холбож чадсан. Бид олон улсын жишгээс гурав дахин бага өртгөөр метро барьсан туршлагатай, Монгол Улсад найдвартай түнш болж чадахуйц гэж бодож байна. Би айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж хүнсний чанар, стандартыг дээшлүүлэх талаар ярилцлаа. Цаашдаа хоёр улсын харилцааг бодитоор өргөжүүлэх чиглэлд анхаарч хотуудын дарга нар, Эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайд нараа айлчлуулна. Энэ мэт өөдрөг бодолтой байна. Мэдээж энэ процесс амаргүй байж магадгүй. Болгар улсын Засгийн газар хоёр улсын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжинэ” гэсэн юм.
Болгарын Ерөнхийлөгчийн албан ёсны арга хэмжээ үүгээр өндөрлөж байна. Тэрбээр маргааш нутаг буцах юм.
Монгол-Болгарын бизнес форумын талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
“Болгарын 20 гаруй компани Монголд бий”
Форумын үеэр Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхлантбаатартай уулзлаа.
-Сая Ерөнхий сайд Болгартай бизнесийн салбарт хамтран ажиллах гарцыг ярилаа. Энэ форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Бизнес форумд Болгарын талаас 30 орчиж бизнесийн төлөөлөл ирсэн. Бүтцийг нь харвал мэдээллийн технологийн салбарын төлөөлөгч нэлээд олон ирсэн байна.
Болгар улс газар тариалан, хүнсний технологиор дэлхийд дээгүүрт ордог. Форумд бас уул уурхайн салбарын төлөөлөл оролцож байна. Болгар Монголын харилцаа социализмын үеийн уламжлалтай. Энэ утгаараа өнөөдөр томоохон хэмжээний бизнесийн харилцаа хөгжөөгүй байна.
Одоог хүртэл Болгарын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. 1990-ээд оны дундаас хойш өнөөг хүртэл 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсан байдаг. Энэ форумаар тоо болон чанарыг нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа. Саяын дурдсан салбаруудаас ирсэн төлөөлөгчид маань Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, гаргалгаагаа гаргах байх. Хөрөнгө оруулалтын газар бүх талаар дэмжиж ажиллана.
-Мэдээллийн технологийн салбарт Болгар улстай хамтран ажиллах ямар боломж байна вэ?
-Мэдээллийн технологийн хувьд хоёр улсад ямар давуу тал байгаа талаар ярилцаж байна. Болгар улс өөрөө европт аутсорсинг маш сайн хийдэг.
Тэгэхээр багаас нь эхлээд электрон хаус зэргийг жижигрүүлсэн хэмжээгээр нь аутсорсинг хийх талаар түншилж болох юм. Мөн тодорхой салбаруудын технологийг Монголд нэвтрүүлэх талаар ярьж байна.
Мөн Тээвэр ложистик, хүнсний үйлдвэрлэлд Болгарын технологийг нэвтрүүлэх талаар яригдлаа.
“Зөв цагт Монголд ирсэн байна”
Форумд оролцсон Болгарын Ажил олгогчдын холбооны төлөөлөгч Борислав Тодоровоос цөөн асуултад хариулт авсан юм.
-Болгарын бизнес эрхлэгчид Монгол Улсад аль салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?
-Мэдээж Монгол Улсад олон салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Монгол Улсын хууль, нийгэм, эдийн засгийн байдлыг судалж үзэхэд бид зөв цагтаа энэ форумд оролцож байгаа юм байна гэж хэлж болохоор байна. Манай Ажил олгогчдын холбоонд Болгарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л компаниуд хамаардаг.
-Хамтарсан үйлдвэр байгуулах, Хятад, Оросын зах зээлд нэвтрэх боломжийг хэрхэн харж байна вэ?
-Би хувьдаа Монгол Улсын санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг их сонирхож ирсэн. Манай Болгараас ч банкны салбарын төлөөлөл ирсэн.
Хамгийн гол нь Монгол Улсад хөрөнгө оруулах, ингэснээр цаашид хоёр хөрш Орос, Хятадын зах зээлд нэвтрэх зорилготой. Өнөөдрийн зорилго бол Монгол Улсад хэрхэн хөрөнгө оруулах, хамтран ажиллах вэ гэдгээ тодорхойлж байна. Эргээд Монгол Улс Болгарт хэрхэн хөрөнгө оруулах боломж, бизнесийн төлөөлөлтэй байх нь зөв гэж ярилаа.
С.ОТГОН