Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. 2010 онд батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоотой эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томьёо, ойлголтыг оновчтой зөв болгох, зохицуулагдаагүй үлдсэн тулгамдсан асуудлуудын эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. 2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дээрх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14,6 хувь нь стандартын бус болох нь тогтоогджээ. Нийт эмийн үйлдвэрийн дөнгөж 1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж байгаа нь өнөөгийн мөрдөж байгаа хуулинд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бүртгүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчинг зохицуулаагүйтэй холбоотой.  Эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хуурамч эмийг илрүүлэх зорилгоор эм үйлдвэрлэгч, импортлогч, бүртгүүлэгчид өөрийн импортлосон, үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байх, эмийг зах зээлд нэвтэрсний дараах чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийж, үр дүнг мэдээлэх, шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн 4 жилд эмийн импортын үнийн дүн гурав дахин өсч, эмнэлгүүд хэрэгцээт эмээ олон улсын жишгээс 2.4 дахин өндөр үнээр тендерээр худалдан авах боллоо. Техник, технологи хөгжихийн хирээр шинэ, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл эмчилгээ, оношлогоонд нэвтэрч, нийт хэрэгцээт эмийнхээ 80 гаруй хувийг импортоор хангадгаас валютын ханшийн өсөлт эмнэлгийн төсөвт шууд дарамт үүсгэж байгаа болон эмийн худалдан авалтын зохион байгуулалт оновчгүй зэрэг нь эмчилгээ, оношлогоог доголдуулах нөхцөл болж байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх бүхий байгууллагаас эм,эмнэлгийн хэрэгслийн үнийн талаарх хараат бус бодит мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгож, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар болон зарим шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг тогтоох хууль, эрх зүйн орчин бүрдэх юм. 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай  хуулийн төслийг эцэслэн  боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. Өнөөдөр улсын 660 гаруй, хувийн хэвшлийн 2000 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэж байгаа бөгөөд хүн амд ногдох эмнэлгийн болон хэвтэн эмчлүүлэх орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Эрүүл мэндийн тухай хууль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулах суурь хууль хэвээр байх бөгөөд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь тусламж, үйлчилгээний шатлал, төрөл, зохион байгуулалт, санхүүжилт, стратегийн болон гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийг зохистой бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хуулийн төсөлд оновчтой тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, гүйцэтгэлд суурилсан  санхүүжилтийн тогтолцоог бий болгох асуудлуудыг зохицуулахаар тусгажээ.

Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчилэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа Ариун цэврийн тухай хууль нь цаг үеийн шаардагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хууль батлагдснаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоож салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулна. Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл ахуйд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон дүрэм, журмыг боловсронгуй болгох нөхцөл хангагдана. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага дээшилнэ гэж тооцсон байна.

Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.  Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр нь Энэтхэгийн дунд боловсролын ерөнхий зөвлөл ба Монгол Улсын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын шилдэг туршлагуудыг тусгах юм. БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн сургуулийн барилга болон бусад дэд бүтцийг барьж байгуулах бөгөөд Монголын тал тус сургуулийг барих газрыг олгож, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 30,3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна. Аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байгаа юм. Экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өссөн ч бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байна. Энэ нь цаашид боловсруулах үйлдвэрийн чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатайгаар нэг удаа олгох, өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгох зэрэг заалт тусгагдсан байна.

2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоолоо

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418 671 иргэн 44659,73 га газрыг өмчилж авчээ. 2014 онд 46693 иргэн газар өмчилж авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 онд улсын хэмжээнд нийт 6357,39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 520,88 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлан, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.

Олон Улсын  Цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм болон конвенцийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл боловсруулна

Олон Улсын  Цахилгаан холбооны байгууллагын 2010 оны Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаар хэлэлцэн баталсан “Олон Улсын  Цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм болон конвенц”-ийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад даалгалаа.

Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаар хэлэлцэн баталсан  Үндсэн дүрэм болон конвенцид орох нэмэлт өөрчлөлтийг Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтын дагуу УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай юм.

Манай улс тус байгууллагад гишүүнээр элссэнээс хойш хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мэдээллийн технологийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, хүний нөөцийг чадавхижуулах, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага судлах, интернэт, хөдөөгийн холбоо, алсын зайн сургалт, эмчилгээ, харилцаа холбооны технологийн туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллаж иржээ.

Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно

Монгол Улс “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн Конвенц”-д нэгдэн орохыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан 7 оронтой хоёр талт гэрээ байгуулжээ. Манай улс ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэн орсон бөгөөд тус конвенц өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай энэ асуудлыг дипломат шугамаар дамжуулан тухай бүрд харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай болдог.

Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд манай иргэд олноор зорчдог АНУ, Австрали, Япон зэрэг улсууд багтаж байна. Тус конвенцид нэгдэн орсноор конвенцийн гишүүн улсуудад ял эдэлж байгаа иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 36 улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд 37 дахь хэлэлцээрийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулахаар тогтлоо. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай оронд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохирч, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийн хүрээнд тал тус бүрээс нэг агаарын тээвэрлэгч томилох, нислэг гүйцэтгэх цэг нь Улаанбаатар, Минск хот байх, бусад улсын нутаг дэвсгэр дэх цэгийг нислэг гүйцэтгэх үед сонгож тохиролцох, борлуулалтын орлого болон нислэгийн үед хэрэглэх агаарын хөлгийн бүхээг дэх нөөц, сэлбэг, шатахууныг татвараас чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцээрээр олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхэд тавигдах нийтлэг шаардлага, зохицуулалтыг тодорхойлж аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтын шаардлагыг тохиролцжээ.

Төсвөөс санхүүждэг байгууллага хот дотор туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглолоо

Төрийн өмчит нийт 823 хуулийн этгээдэд 5259 автомашин бүртгэлтэй байна. Үүний 921 нь том оврын жип машин, 162 нь дунд оврын жип машин байгаа юм. 2014 онд автомашины зардалд 59 тэрбум төгрөг гаргасан нь суудлын автомашины ашиглалтад онцгой анхаарал хандуулж холбогдох шийдвэр гэргэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.  

Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын , хөдөө ажлын гэж ангилан тогтоож, “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг баталлаа.

Тогтоолын хавсралтын 1-1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, УИХ-аас байгуулдаг бусад байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагуудын хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын Автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан хотын дотор хуанлийн хоногт дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хот дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км, хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт оруулан баталж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Суудлын автомашины гүйлтийн лимитийн хэмжээг хэтрүүлсэн шатахууны зардлыг хэрэглэгч байгууллага, албан тушаалтнаар нөхөн төлүүлж байх журам гарган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

Төсвөөс санхүүждэг байгууллага хот доторхи ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглож, энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компани байгуулна

Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь их далайн баялагаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Зам тээврийн яамнаас ирүүлсэн саналын дагуу тус яамны харьяа Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай  Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө.


Товч мэдээ

-“Соёлын салбарт 2016-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд олгож, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

-“Малын эрүүл мэнд, сүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-“Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн төслийг хэлэлцэн санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-Монгол Улсын Батлан хамгаалах яаманд Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, үзэл баримтлалын төслийг хууль тогтоомжид нийцүүлэн батлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт зөвшөөрлөө.

-“Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшөлцөхөөр тогтов.

-Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Г.Ганчимэгийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж