АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сочи хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Украины асуудлаар уулзаж байна.
Жон Керри Украины хямрал эхэлснээс хойш Сергей Лавровтой олон удаа яриа хэлцэл хийж байсан ч ОХУ-д уулзаж байгаагүй юм. Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ОХУ-д хийж буй айлчлалыг хоёр улсын харилцааг хэвийн болгоход ач холбогдолтой хэмээн харж буй аж.
Түүнчлэн Жон Керри хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо түр амарч буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ч уулзаж магадгүй гэлцэж байна.
Украины Крымын хойг болон зүүн хязгаарт үүссэн нөхцөл байдлын улмаас ОХУ болон АНУ-ын харилцаа эрс муудсан билээ. Барууныхан ОХУ-ыг Украинд цэргээ оруулж, “өдөөн турхиралт” хийсэн хэмээн буруутгаж буй. Украины зүүн хязгаарт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 6000 гаруй хүн зөрчил мөргөлдөөнд амь үрэгдээд байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС