Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийж нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан байна. Шалгалтад нийт 50 хувийн дунд сургууль, 90 цэцэрлэг гээд нийт 140 аж ахуйн нэгж байгууллагаас 125 нь хамрагджээ.
Шалгалтын явцад нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлдөггүй, багш нарын цалинд нэмэгдэл хөлсүүдийг олгодоггүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн гэдгийг албаныхан онцолж байна. Мөн байгууллагын дотоод журамд багш нарын нийгмийн баталгааг хангах талаар тодорхой асуудал тусгаагүй, хуульд заасан бүрэн бүтцээр ажилладаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Дээрх зөрчил илэрсэн сургуулиудаас дурдвал “Лусын дагина”, “Лидер”, “Номч”, “Сейнт поул”, “Одод звезда” зэрэг сургуулиудыг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болсон байна. Мөн “Гүүр”, “Шинэ хотхон”, “Номуун”, “Маамуу нааш ир”, “Бяцхан ертөнц сургууль” зэрэг сургуулиудын үйл ажиллагаанд акт тогтоож, албан шаардлага хүргүүлжээ.
Мөн шалгалт хийсэн улсын байцаагчдын мэдээлснээр“Хувийн сургууль, цэцэрлэгийн ажиллагсдын цалин хөлс нь тухайн байгууллагын хувьсах зардал, сургалтын төлбөрөөс хамааран харилцан адилгүй байдаг. Гэвч шалгалтанд хамрагдсан байгууллагуудын 65 хувь нь боловсролын салбарт ажиллагсдыг цалингийн сүлжээний үндсэн цалингаар цалинжуулж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан нэмэгдлүүдийг олгодоггүй зэрэг зөрчлүүд зонхилж байна” гэж мөн мэдэгдэж байлаа.
Д.ЖАРГАЛ