Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-“Мод тарих өдөр” өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Салбарын яамнаас 1 сая мод тарих санаачлага гаргасан, зорилгодоо хүрч чадсан уу. Мөн энэ жилийн “Мод тарих өдөр”-ийн онцлог юу байв?
-Энэ удаагийн 1 сая мод тарих аянд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага идэвхитэй оролцлоо. Урьдчилсан мэдээллээр “Мод тарих өдөр”-т 50 мянга гаруй иргэн, 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 600 мянган мод тарьсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж аймгуудаас Архангай, Дундговь өнөөдөр /өчигдөр/ нөхөж мод тарьж байна.
2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногт мод тарьдаг болсон нь үр дүнгээ өгч, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцдог болж, байгалиа хамгаалах үйлсэд идэвхитэй оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь энэ жил тарьсан мод бүрийг ургуулах уриалга гаргасан. Мөн мод тарих аяныг зөвхөн Улаанбаатар хотод өрнүүлээд зогссонгүй орон нутгийг бүхэлд нь хамруулж оролцуулах тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Аянд идэвхитэй оролцсон аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулах уралдаан мөн зарласан. Ирэх аравдугаар сард ажлыг нь дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, тавдугаар сард тарьсан модны суулгац хэр бодит ажил болсон юм бэ гэдгийг дүгнэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мод бүхнийг чиптэй болгох хөдөлгөөн өрнүүлэх санаачлага гаргасан. Тарьсан мод бүрийг цахим бүртгэлд оруулна, жишээ нь тухайн модыг хэн тарьсан, ургалт нь ямар байгаа, насжилт нь хэд вэ гээд энэ бүх мэдээлэл тодорхой болох юм. Нэг ёсны тарьсан мод бүрт хяналт тавих боломжтой болно гэсэн үг. Энэ ажлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хийнэ. Ийм байдлаар хяналт тавихгүй бол өмнөх жилүүдэд тарьсан модны 60 орчим хувь нь ургасан гэх судалгаа бий. Тийм учраас тарьсан мод бүрийг ургуулах нь бидний зорилго байх ёстой.
-Мод тарих ажилд далайцтай оролцох боломжтой хэсэг оюутнууд харагддаг. Сургуулиа төгсөхдөө мод тарьдаг байх ч юм уу, иймэрхүү үүрэгжүүлсэн зохицуулалт холбогдох хуульд байдаг уу?
-Ойн тухай хуульд 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих ёстой. Хэрвээ биеэр оролцож мод тарьж чадаагүй бол хандив өгөх. Нэг модыг 5000 төгрөгөөр тооцож, тухайн үед ханш тогтоосон байсан. Одоо харин зах зээлийнх нь ханшаар тооцоод мод тарих мөнгөө санд нь хуримтлуулчих юм бол ойг нөхөн сэргээхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно.
Ер нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх зэвсэг нь ой модоо хамгаалах, тарьж ургуулах гэж үздэг. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаарын бохирдол, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, тоосжилт аюулын харанга дэлдэж эхэлсэн нь хүн амд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад маш доогуур үзүүлэлттэй гарсан байсан.
Өнгөрсөн оны төвшинд авч үзэхэд, хот суурин газарт амьдрах нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дундаж нь 24 м2, гэтэл нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.2 м2 байгаа. Энэ бол дэлхийн дунджаас 7.5 дахин бага байгаа нь бид юм бодох цаг болсон, энэ бол хүнээс шалтгаалж байна гэдгийг анхааруулж байгаа том сануулга.
Эрдэмтэн судлаачдын судалгаагаар хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Үүнийг мөнгөн дүнгээр тооцож үзэх юм бол маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж маш их хэмжээний агаарыг цэвэршүүлж, экологийн тэнцвэрийг хадгалж, усыг эргэлтэд оруулж байгаа үнэт зүйл нь. Тийм учраас монгол хүн бүр байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхитэй оролцох нь чухал байна.
-Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд мод сүйтгэж байгаа тухай их ярих боллоо. Барилга барих газар нь мод байвал тайрдаг. Гэтэл хуучин социалист нийгмийн үед барилга барих газар нь мод байвал түүнийг өөр газарт суулгасны дараа барилгын ажлаа эхэлдэг байсан гэх. Ийм үүргийг барилгын компаниудад хүлээлгэж болох уу. Төрөөс ойн талаар баримтлах бодлогод энэ талын асуудал ямар байдлаар суусан бэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх зэвсэг нь ой модоо хамгаалах, тарьж ургуулах гэж үздэг. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод тоосжилт аюулын харанга дэлдэж эхэлсэн нь хүн амд ногдох ногоон байгууламжийн хэмжээ бага байгаагийнх.
-Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичигт ойн хөрс цэвдэгийг хамгаалах, усны горимыг зохицуулах, хүлэмжийн хийг шингээххүчилтөрөгчийг ялгаруулах зэрэг экологийн ач холбогдлыг нь чухалчлан авч үзэж бодлогуудаа суулгаж өгч байна. Энэхүү бодлоготой зэрэгцүүлээд Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрчлөлт оруулна. Хамгийн гол заалт нь хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Нэг мод авсан бол 10 мод тарьдаг байгаач ээ гэсэн өөрийн чинь хэлсэн зарчмыг хүн бүр мөрддөг байх.
Эрдэмтэнд судлаачид хэлсэн байдаг, зулзган мод тарихад 10 жил хэрэгтэй гэж… Харин зуд болоход жилийн дараа гамшиг арилж болдог. Гэтэл ой модыг шатаагаад, эсвэл тайраад оронд нь мод тарихад арчилж ургуулахад 10 жилийн дараа үр дүн нь гардаг. Тийм учраас мод тарихад, модыг хайрлаж хамгаалах ажилд хүн болгоны оролцоо, мэдлэг боловсрол сурталчилгаа чухал байгаа.
-Түймрийн уршгаар ойг нөхөн сэргээхэд асар их хугацаа шаардах болж байгааг мэргэжлийн хүмүүс сануулдаг ч өнгөрсөн дөрөвдүгээр сар хүнд байлаа. Хэдэн удаа түймэр гарчихав?
-Он гарснаас хойш 110 удаагийн ой хээрийн түймэр гарсан гэх мэдээ бий. Зарим аймгийн бэлчээрийн 80 хувь шатсан гэдэг харамсалтай дүн ч гарсан. Иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарч байна, хил дамнан түймэр орж ирж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хуурайшилт ихэсч, цөлжилт нэмэгдэж байна.
Жишээлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Энэний эсрэг хийж хэрэгжүүлэх ажил бол мод тарих. Энэ ажлыг хийж чадах юм бол байгалийн сөрөг үзэгдлийн эсрэг зогсож чадна. Бидний гараар хийж чадах, бүтээн байгуулж чадах ажил бол мод тарих. Тарьсан мод болгоноо ургуулж чадах юм бол ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлж үлдээж чадна.
Г.ДАРЬ