Монгол, Болгарын бизнес форум болно

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Монгол, Болгарын бизнес форум болно

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн. Мөн  эрхэмсэг Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга бараалхсан юм.  Болгар Улсын Ерөнхийлөгчийн хувьд манай улсад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буй.  Айлчлалын хүрээнд түүнийг дагалдан ирсэн эдийн засаг, бизнесийн салбарынхны төлөөлөл  оролцсон “Монгол Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд болох юм. Энэ форумаар хоёр улсын  бизнесийн салбарынхан  туршлага солилцож, Монгол Улсад хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцах юм.

Болгар Улсын Ерөнхийлөгч өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд  мэдээлэл хийх үеэр “Эмийн  үйлдвэрлэлийн салбарт Болгар улс  маш их туршлагатай. Тиймээс Монголд хамтарсан эмийн үйлдвэр байгуулахаар яригдаж байна. Энэ салбар ирээдүйтэй хөгжих боломжтой. Болгар улс нар, салхи, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрлэлийн салбарт  арвин туршлагатай.  Тиймээс хамтарсан үйлдвэр байгуулж Хятадын зах зээлд гарах  өргөн боломж байна гэж харж байна. Цаашлаад Батлан хамгаалахын үйлдвэрлэл дээр бид хамтарч болно” гэсэн юм.

Харин   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ямар учраас энэ айлчлал чухал вэ гэдэг дээр гурван зүйл хэлье. Манай хоёр улс уламжлалт эдийн засгийн харилцаатай байсан. Энэ харилцаа унтаа байдалд ороод олон  жил болж байгаа. Энэ унтаа харилцааг сэрээхэд энэ удаагийн айлчлал ихээхэн түлхэц болно.  Болгар улсын Ерөнхийлөгчийн айчлал  унтаа харилцааг сэрээж чадна гэдэгт  бүрэн итгэлтэй байна. Дээрээс нь манай хоёр улсад хоёуланд нь төрд мөнгө бага байгаа. Хувийн хэвшлийнхэнд мөнгө байгаа. Бас хамтран ажиллах сонирхол бий. Тиймээс энэ хоёрыг уулзуулж өгөх нь бидний үүрэг. Уулзуулснаар эндээс хамтарсан үйлдвэр, бизнесийн харилцаа үүснэ гэдэгт итгэж байгаа. Тийм боломж бий. Хоёрдугаарт Болгарын улсаас европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах боломж харагдаж байна. Удахгүй байнаа Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Болгарт  ажиллана. Энэ салбарт өөр шинэ боломж  байгааг харуулж чадна гэж бодож байна. Хотын Засаг дарга Э.Бат-Үүлийг Болгарт айлчлуулах талаар ярьж байна. Э.Өат-Үүл дарга хурдтай, өртөг бага, богино хугацаанд барьсан метрог үзэж, туршлага судална. Энэ салбарт цаашдаа маш их боломж харагдаж байгаа.   Мөн боловсрол, байгаль орчны салбарт хамтран ажиллана” хэмээн тодотгосон  юм.

Монгол Болгарын бизнес форум өнөөдөр болсноор Болгарын Ерөнхийлөгчийн албан ёсны  арга хэмжээ дуусч, маргааш нутаг буцах юм.  

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж