Дэвжээн дээр хүлээгээгүй ялагдал… Тэр хамгийн гашуун

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Дэвжээн дээр хүлээгээгүй ялагдал… Тэр хамгийн гашуун

2014 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс /ААШТ/ нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр II байр эзэлж байсан Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг энэ удаагийн тивийн аваргаас нэг алт, гурван хүрэл медаль зүүж, багийн дүнгээр дөрөвт бичигдлээ. Эрэгтэй чөлөөт бөхийн сэргэж байсан амжилт хойш татагдсаны шалт­гаан нь мэдээж гурвын гурван тамирчнаа визны асуудлаас болж хил нэвтрүүлж чадаагүй явдал.

Болсон явдлын талаар эргэн сануулъя.

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Катарын Доха хотод болох ААШТ-д оролцохоор тавдугаар сарын 3-нд Улаанбаатараас хөдөлжээ. Гэтэл гур­ван тамирчин, нэг дасгалжуулагч Эмиратаас цааш нисч чадахгүй болж, Дубайн онгоцны буудалд саатуу­­лагдсан юм. Шигшээ багийн дасгал­­жуулагч Б.Баяраа, тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөх байсан Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нарыг визний зөрчилтэй хэмээн хил нэвтрүүлээгүй гэх мэдээл­лийг тамирчид өөрсдийн цахим хууд­саар дамжуулан мэдэгдсэн бөгөөд хамгийн харамсалтай нь тэднийг саатуулсан шалтгаан явсаар визний зөрчил бус тамирчдад хуурамч виз өгсөн асуудал болж хувирсан юм.

Тамирчид Дубай, Бээжингийн онгоц­ны буудалд саатуулагдаж явсаар тавдугаар сарын 8-нд Улаан­баатарт ирсэн. Нэгэнт тэмцээнд орол­цох боломжгүй болсон тамирч­­дыг хүлээх дөрөв хоногийн хуга­цаанд Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос болсон явдлын учир шалт­гааны талаар тайлбар авах гэсэн боловч хэн ч хариулт өгсөнгүй, “Холбооны ерөнхийлөгчөө ирэхээр мэдээлэл хийнэ” гэсэн албан бус тайлбар өгсөөр байв.


Б.БАЯРАА: ЭЛЕКТРОН ВИЗИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ГЭЖ БУРУУТГАСАН

Дасгалжуулагч Б.Баярааг тамирч­дын хамт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буухад нь уул­заж ярилцав. Тэрбээр,

-Бид визний зөрчил ч биш бүр хуурамч визний асуудалд орооцолд­сон. Тийм ч учраас Дубайд биднийг маш хатуу шалгаж, хатуу шаардлага тавьж, 36 цагийн хугацаанд саатуул­лаа. Холбогдох хүмүүс “Хуурамч визийг хэн бүрдүүлсэн”, “Ямар байгуул­лага, хэн гэдэг албан тушаал­тан хариуцаж мэдүүлсэн”, “Ямар байгууллагаар дамжсан” гээд нарийн мэдээлэл биднээс шаард­сан. Бидэнтэй энгийн бус байдлаар, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт харилцсан. Цэргийн хүмүүсээр хамгаалуулж хорьсон. Бид хэлэх ёстой зүйлүүдээ бүгдийг нь мэдүүл­сэн. Миний хувьд, визний зөрчил байгаагүй. Харин намайг эхлээд саатуулахдаа хуучин паспорт шаард­сан. Хуучин паспортны хуулгыг авч явсан тул түүнийг шалгаад, хил нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэвч би гурван тамирчнаа хүний нутагт орхиод, цаашаа явах боломж бай­гаагүй. Биднийг өөрсдөөс шалт­гаа­­лахгүй асуудалд орж, маш ноцтой буюу хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдож байхад манай холбоог төлөөлж юм уу, бидний төлөө санаа тавьж нэг ч хүн, нэг ч албан тушаалтан холбоо барих арга хайгаагүйд, санаа зовоогүйд үнэхээр гомдолтой байна. Холбооны ерөнхийлөгч биднийг Бээжин рүү ниссэн гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан байсан тэр хугацаанд нь бид Дубайд хоригдож л байсан. Бээжинд ч бас хоригдож, саатуулагдаж байгаад арай гэж Элчин сайдын яамны бараа харсан. Дубайд саатуулагдаж байхад манай холбооны удирдлагууд тэр үед Катарын Дохад оччихсон байсан. Тэр хоёрын хооронд нэг цагийн л нислэгтэй. Гурван тамирчныхаа араас нэг цаг нисээд ирж болох бай­сан. Гэтэл хэн ч тэгсэнгүй. Дубайд байх хугацаанд фэйсбүүк, твийтерт бичсэн гээд байгаа шиг Кувейтийн Элчин сайдын яамыг төлөөлж бидэнтэй хэн ч ирж уулзаагүй. Бид үнэхээр гомдолтой байна” гэх мэдээл­лийг өгсөн юм.

Тамирчин, дасгалжуулагчдын ярьс­­наар тэд­нийг нисэх өглөө МЧБХ-ноос электрон визийг бич­гийн цаасан дээр хэвлэж өгсөн бөгөөд Дубайн хил дээр визний бар код зөрж, өөр хүмүүсийн нэр гарч ирсэн тул виз хуурамчаар үйлдэж, хил нэвтрэхийг завдсан гэж манай тамирчдыг буруутгажээ.


Ц.ЦОГТБАЯР: МОНГОЛЫН БАГ БУСАД УЛСЫН ӨМНӨ ДООГ ТОХУУ БОЛЛОО

ААШТ-д оролцсон эрэгтэй шиг­шээ багийн тамирчин, дасгал­жуу­лагчид ням гаригт /V.10/ Улаанбаатарт ирсэн юм. Энэ үеэр эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгал­­жуулагч Ц.Цогтбаяр нар бүрэн бүрэл­дэ­хүү­нээрээ тэмцээнд оролцож чадаа­гүй­дээ маш харамсалтай байгаа талаар илэрхийлээд, “Холбооны удирд­­лагын зүгээс тамирчдад тулгар­­сан асуудал, ямар зөрчил гар­сан, тэднийг яаж буцаасан талаар албан ёсоор шигшээ багийнханд мэдээлэл өгч, хуралдаж, ярьсан зүйл байгаагүй. Тамирчид маань олон өдөр саатуулагдсан тухай нарийн мэдээллийг Монголд буугаад мэдлээ. Бид маш их сандарч, балмагдсан.

Их спортод маш том эрсдэл гаргаж, тамирчдын амжилтыг хойш татаж, олон улсад визаны маргаан дэгдээж, багш нараа барилдуулах дээрээ тулж байгаа ийм холбоонд 2016 оны олимпийн бэлтгэл сургуулилтыг даал­гах итгэл алдрахад ойрхон байна. Та бүхэнд одоо дахиж алдах эрх үлдээгүй.

Гурван жиндээ Дэлхийн аваргад тамирч­даа оруулах боломжгүй бол­лоо гэж айсан. Холбооны ерөнхий­лөгч “Бүгдийг бол­гоно, энэ тэмцээнээс шалтгаалахгүй Дэлхийн аваргад бүтэн багаараа явна” гэж ярихаар нь бага зэрэг тайвширсан. Барилдахгүй байсан ч болох юм байна гэж ойлгож байсан. Гэтэл байдал бишдсэн тул арга буюу багш нар бид ярилцаад өөрсдөө дэвжээнд гарах шийдвэр гаргасан. Энэ бол үнэхээр ичгүүртэй явдал. Дөч гарсан багш нар нь дэвжээнд гарна гэдэг бол шившигтэй зүйл. Хэдийгээр бид тамирч­даа дэлхийн аваргад оролцуулах болз­лыг биелүүлэхийн тулд ийм алхам хийж, боломжтой хувилбартай үлдэж чадсан ч бусад улс орны өмнө доог тохуу болсон хэрэг. Бүхэл бүтэн шигшээ багаа ийм байдалд хүргэсэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах бүрэлдэхүүн удаа дараагийн энэ мэт ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой” гэсэн мэдэгдлийг хийлээ.


Тийм ээ. Шигшээ багийн багш нарын хэлж байгаа зөв. Тавьж байгаа шаардлага үнэн. Монголын чөлөөт бөхийн холбоог өдгөө Монголын цуут бөх, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж удирдаж байгаа. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар О.Баянмөнх, нарийн бичгийн даргаар Ц.Сэрээтэр нар ажилладаг. Хуурамч виз, визний зөрчлийн талаар, яг ямар алдаа гарсан тухайд энэ хоёр хүн олон нийтэд бодит хариултыг хэлэх үүрэгтэй.

Энд нэг зүйлийг дурьдахад, Д.Дагвадорж ерөнхийлөгчийг хол­бооны дүрэм, журмын дагуу хурал­даж сонгоогүй, өмнөх удирдлага байсан Л.Чинбат тамга, тэмдгээ шил­жүүлж өгсөн гэдэг. МЧБХ ерөнхий­лөгчөө ямар хурлаас яаж сонгодог талаар тодруулъя гэхэд тус холбооны албан ёсны цахим хуудсанд яг ерөнхийлөгч сонгох тухай дүрмийн заалттай хэсэг нь байдаггүй юм. За яах вэ, энэ тусдаа асуудал гэж бодъё. Гэхдээ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Асашёорюү хууль ёсны ерөнхийлөгч мөн үү, биш үү гэдгээс МЧБХ өөрсдийнхөө алдаа, оноог ярилцаж эхлэх ёстой байж мэдэх юм.

Азийн аваргад гурван тамирчин оролцоо­гүйн улмаас чөлөөт бөхийн шигшээ багт сая ноцтой асуудал үүсч болохоор байлаа. Чөлөө­тийнх­ний хувьд, 2016 оны олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн 2015 оны есдүгээр сарын 8-13-нд АНУ-ын Лас-Вегас хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд тэнд өрсөлдөхийн тулд тухайн улсын тамирчид 2015 оны тивийнхээ  аваргад бүтэн багаар орол­цох болзолтой. Хэрэв саяын тохиолдолд гурван багш тамирчдынхаа оронд дэвжээнд гарч барилдаагүй бол ирэх намар болох ДАШТ-ий 74, 97, 125 кг-ын жинд Монголын бөх­чүүд барилдахгүй байх эрсдэл тун ойрхон байлаа.

Асуудал ганц энэ удаагийн алдаанд байгаа юм биш. Хэдхэн сарын өмнө МЧБХ-ны  Гадаад харил­цаа хариуцсан дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатартай холбоотой авлига авсан, барилдааны шүүлт дээр үгсэн хуйвалдсан, тэр байтугай эмэгтэйчүүдийг хил дамнуулан биеэ үнэлэхэд зуучилсан гээд спортын хүн хийсэн, үйлдсэн гэхэд итгэмгүй мэдээллүүд хэвлэлээр гарсан. МЧБХ-ны Гадаад харилцаа хариуцсан хамгийн чухал хүнтэй нь холбоотой энэ мэдээлэл үнэн, худал эсэхэд одоог хүртэл тайлбар өгөөгүй байгаа. Энэ мэдээллийн үнэн, худлыг нотлоход холбоо үүрэгтэй оролцох ёстой байх. Энэ мэтчилэн хэлбэл, олон асуудал их аваргын удирдаж буй Чөлөөт бөхийн холбоонд хуримтлагджээ.

Монголчууд сүмо сайн мэдэхгүй байж болно. Харин чөлөөт бөхийг бол голтой мэднэ. Мэддэг шигээ энэ спортод эмзэг, хатуу, анхааралтай хандаж ирсэн. “Монголын чөлөөт бөх амь үрэгдлээ” гэж халаглан бичиж байсан нь хайрладаг хүмүүс олон болоод тэр юм. “Эрчүүд их спортдоо эргэн ирлээ” гэж итгэх болсон нь энэ цаг үед бүрдсэн шиг­шээ багт найдсаных юм.

Заавал их аваргын юм уу, энэ холбоог удирдаж байгаа хэн нэгэн хүмүүсийн мууг үзэх гэснийх биш. Их спортод маш том эрсдэл гаргаж, тамирчдын амжилтыг хойш татаж, олон улсад визаны маргаан дэгдээж, багш нараа барилдуулах дээрээ тулж байгаа ийм холбоонд 2016 оны олимпийн бэлтгэл сургуулилтыг даал­гах итгэл алдрахад ойрхон байна. Та бүхэнд одоо дахиж алдах эрх үлдээгүй.

Үнэндээ, Асашёорюү олон зүйлд ааг омгоо өмнөө барьдаг. Сая ч гэсэн тамирчдын визний зөрчлийн талаар мэдээлсэн хэвлэлүүд рүү цахим сүл­жээгээр давшилсан. Тэр байг гэхэд тамир­чин, дасгал­жуулагчидтай зүй бус харилцдаг, эрэгтэй-эмэгтэй шиг­шээ багт алагчлалтай ханддаг тухай чөлөө­тийнхөн ил, далд олонтаа ярих болсон. Дасгалжуулагч нар энэ талаар ярьж эхэлжээ.

Асашёорюү алдар нэр, авар­гын­хаа сүр хүчээр асуудлыг шийддэг, заримдаа энэ нь олны талархал хүлээдэг, холбоондоо ач холбогдол авчирдаг л байх. Үүнийг үгүйсгэхгүй. Түүний оносон нь илүү тоотой байж болно. Гэлээ гэхдээ авч яваа энэ том айлыг удирдуулахаар бүрдүүлсэн баг нь ойр ойрхон бүдэрсээр байгааг тэр одоо уужуу ухаант тамирчин хүний ёсоор ухрааж бодох нь чухал. Дэвжээн дээр гараад ялж, ялагдах нэг хэрэг. Дэвжээнд гарахгүйгээр ялагдах бол тэвчихэд хамгийн хэцүү ялагдал. Тэр өөрөө тамирчин хүн. Үүнийг хамгийн сайн мэднэ.

Б.БАДАМГАРАВ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж