Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2015.05.11/ өргөн барилаа.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргажээ. Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан тухай хууль санаачлагч танилцуулсан.

Дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна. Хуулийн төслийн боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн зэргийг нэгээс тав хүртэл байхаар тодорхой тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог шинээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж