Aвтобус Архангай аймгийн нутаг дэвсгэрт осолджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Aвтобус Архангай аймгийн нутаг дэвсгэрт осолджээ

“Автобусанд явсан зорчигчид гэмтэж бэртээгүй”

c Осол өнгөрөгч баасан гаригт /V.08/ гарсан бөгөөд автобус замын хажуу руу унасан гэх мэдээлэл байна. Энэ талаар Архангай аймгийн онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Автобусны ослын шалтгаан тодорсон уу?

-Завхан аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан шугамын автобус Архангай аймгийн Их тамир сумын нутагт явж байхдаа замын хажуу руу унасан. Цас ихтэй байсан тул замын хажуу руу гулгаж орсон байна. Азаар автобусанд явсан 39 зорчигч бэртэж гэмтээгүй.

-Танай хэлтэст дуудлага хэзээ ирсэн бэ?

-Баасан гаригийн өглөөний 09.00 цагт дуудлага ирсэн. Дуудлагын дагуу манай Архангай аймгийн онцгой байдлын хэлтсээс тус газарт очсон. Эхлээд зорчигчдыг ойролцоох Их тамир сум руу хүргээд, автобусыг цаснаас гаргасныхаа дараа зорчигчдыг суулгасан. Автобус Улаанбаатар руу хэвийн явж хүрсэнгэсэн.

-Цагаан даваанд цас их орсон гэж байсан. Одоо ямар байгаа вэ?

-Цас их орсон тул хэсэг хугацаанд шугамын автобус, шуудангийн үйлчилгээг зогсоосон. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хэвийн болсон учраас зам, давааг нээсэн байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр цас их орсон тул онцгой байдал тогтоолоо гэж мэдээлсэн байсан. Энэ буруу мэдээлэл гэдгийг дашрамд хэлэх нь зүйтэй байх. Онцгой байдлыг Ерөнхийлөгч зарладаг гэдгийг ойлгож, ялгаж салгах хэрэгтэй.

Б.ЗОЛЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж