Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Хямралын гоё тоонууд

2009-2012 он хүртэл Монголын эдийн засаг хэт таргалсан. Энгийнээр хэлбэл, 17 хувийн “хуурай” өсөлт эдийн засагт сөргөөр нөлөөлж, сүүлийн хоёр жил жин алдах процесс явагдсан нь бүхий л салбарыг хямраав.

Гадагшаа гаргадаг цөөн хэдэн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд 70 хувиар унаж, дотоодын зах зээлд худалдан авагчдынх нь эрэлт хэрэгцээ эрс буурав. Гадаадын хөрөнгө оруулалт 4-5 тэрбум доллараас хасах болтлоо унав. Шалтгааныг нь дахин, дахин нурших илүүц. Тэртээ тэргүй эдийн засаг юунаас болж өвчилснийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ, үүнийг өөр өнцгөөс нь харвал хямрал ч бас муугүйг сүүлийн үеийн тоон мэдээнүүд харуулах боллоо. Өөрөөр хэлбэл, хэт таргалалттай байсан эдийн засаг буцаад хэвийн хэмжээндээ орох боломж сүүлийн хоёр жил бүрдсэн байна.

Валют. Эдийн засагт бол чихэр шиг амттай зүйл. Ер нь, валютгүйгээр амьдарч болох уу? Валют орж ирэхээ байвал зардлаа танаж, хэрэгцээгээ багасгахаас өөр аргагүй. Тэр ч үүднээс өнгөрсөн хоёр жил монголчууд валютын хэрэглээгээ танасан шиг танаж, дараагийн валютын тогтвортой урсгалтай золготлоо ямар ч байсан дампуурчихсангүй. 2013 онд импорт долоон хувиар, 2014 онд 17 хувиар, 2015 оны эхний улиралд бүр 30 хувиар агшлаа. Эдийн засаг удааширч, бизнесийн идэвх суларч, импортын барааны хэмжээ эрс багаслаа. Одоо байгаа ханшин дээр валют худалдаж авах сонирхол буурав. Дагаад гаднаас бараа зөөх хэрэггүй болов.

Гурав, дөрөвхөн жилийн өмнө Монголын эдийн засаг импортын бараагаар хахаж байв. Эрээнээс авчирсан гутал зарахад л 3-4 дахин их ашиг хийдэг байсан юм. Сар болгон иргэддээ тараасан 80 тэрбум төгрөг тэр чигээрээ Эрээний хөгжил, цэцэглэлтэд зарцуулагдав. Харин одоо Эрээнээс гутал авчраад гурав дахин нугалах нь битгий хэл тээвэрлэлтийн зардлаа шингээгээд цөөхөн төгрөгийн ашиг олж байвал их юм болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, хямрал  монголчуудыг хямгадаж хураах, эдийн засагтаа хариуцлагатай ханддаг болгоход нь сургаж байна. Хэрэггүй бараанд мөнгө үрэх, дэмий тансаглах байдал ерөнхийдөө хумигдсан шүү дээ.

Үнэндээ хэт халуун байсан эдийн засагт бороо орох төдийд халуурах нь халуурч, ханиад хүрэх нь хүрч, өвдөх өвдсөн. Гэхдээ хямралаас болж үхсэн хүн сонсогдоогүй. Харин хямралаар “далимдуулан” илүүдэл өөхнөөсөө хагацсан, эрсдэлээ тооцдог болсон гээд монголчууд эдийн засагт илүү ухаалаг, хариуцлагатай хандаж сурчээ. Ямар ч гэсэн герман пивогүй, итали гуталгүй, япон машингүй, франц сүрчиггүй, европ тавилгагүйгээр амьдарч болно гэдгийг ойлгодог болж. Импортын бараа үнэтэй болсон нь “муухай” ч, ямар ч байсан монголчууд ходоод цатгалан, гэр орон нь бүрэн бүтэн, бас ажилтай хэвээрээ байна. Сүүлийн хоёр жилд орлого нь муудсан, эдийн засаг турсан, жин алдсан, үүнээс болоод улс төдийгүй аж ахуйн нэгж, иргэд жаахан ядарч зүдэрсэн байж болно. Гэхдээ ажлаа алдаагүй, амьдралаа гээгээгүй.

Ямартай ч эдийн засагт хямрал нүүрлэсэн 2013 онд монголчууд 2009 он шиг огцом “гар кардан” татаж, бүх нийтээрээ онхолдож үхсэнгүй гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Харин хурдаа аажим, аажим хассаар 2015 онтой золголоо. Эхний дөрвөн сарыг ардаа үдлээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв? Найдвар байна уу?

2012 оноос хойш есөн улирал өнгөрч, эдийн засагт сайн, муу олон мэдээ дуулдах болсон. Монголчуудын гаднаас авдаг бараа, гадагш зардаг бараа хоёрын цэвэр зөрүү хоёр тэрбум долларын хасахтай гардаг байсан бол өнөөдөр хагас тэрбум долларын нэмэхтэй гарч байна. Өөрөөр хэлбэл гадаад, худалдааны тэнцэлд 2.5 тэрбум долларын эерэг өөрчлөлт гарч байгаа нь эдийн засагт салхи эргэсний дохио. Өнөөдөр монгол хүний хэрэглээний барааны үнийн дундаж өсөлт 14 хувиас есөн хувь болж буурсан. Энэ нь дотоодын зах зээлд нефтийн үнэ болон бусад шалтгаанаар 1000 төгрөгийн бараа 1140 төгрөг болж өсдөг байсан бол одоо энэ өсөлт 90 төгрөгөөр буюу 1090 төгрөг болж байна гэсэн үг. Мэргэжилтнүүдийн хэлдгээр валютын эрэлтийг тодорхойлж байдаг суурь үзүүлэлт хэмээх урсгал дансны алдагдал хасах гурван тэрбум доллараас агшиж, одоо бүр нэмэх (+) утгатай болсон байна. Халууныг хэмжигч гэгддэг ханш тогтворжиж эхэлсэн. Мэдээж, бүгдийг биш ч оймс, хаалга, цемент, сүү, мах гээд чадах юмаа дотоодоо үйлдвэрлэе, түүнийгээ дэмжие гэсэн ойлголт үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрт хоёуланд нь сууж өглөө. Монголын эдийн засагт сүүлийн 20 гаруй жил оршин тогтнож байсан “гаднаас юм оруулж зарах, зөрүүгээр нь ашиг хийх, тэгээд баяжих” гэсэн бизнесийн модель үеэ өнгөрөөснийг ойлгодог болсон байна. Харин “дотооддоо хүн ажиллуулж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд экспортлох буюу дотоодын зах зээлд нийлүүлэх нь эдийн засагт илүү үр бүтээлтэй болохыг ойлгож.

Эдийн засгийн тэлэлт 17 хувиас 7.8 хувь болж саарч. Энэ ч аргагүй юм. Гэхдээ нөгөө талд цалингаасаа хуримтлал хийдэг айл өрхийн тоо 70 мянгад хүрсэн гэх бодит тоон үзүүлэлт байна. Зарим хүн эдийн засаг хямралтай байгааг ресторан, баар, үйлчилгээний газраар үйчлүүлдэг хүний тоо цөөрсөнтэй холбодог. Дэлгүүр хоршоо тэнэж, шоппинг хийдэг хүн цөөрсөн гэх. Гэхдээ хямралаас болсондоо биш хүмүүс эдийн засагт харьцангуй хариуцлагатай ханддаг болсон учраас тэр. Архи, тамхинд үрдэг мөнгөө орон байрныхаа зээлийн төлбөрт, болсон болоогүй зүйл худалдан авахаас илүү яг хэрэгцээтэй бараандаа мөнгө зарцуулдаг болсон учраас энэ юм. Тэгэхээр эдийн засагт нааштай эерэг өөрчлөлт гарч байгаа энэ үед идэвхжилийг нь нэмэгдүүлэх, эдийн засгаа хямралд өртүүлэхгүй байлгах, цаашлаад эрүүл хурдаар тэлэх ямар боломж байна вэ? Монголчуудад эдийн засгаа даруухан ч гэсэн (+) өсөлттэй байлгах ямар боломжууд байгааг сонирхуулъя.

Засгийн газар хуулийн хүрээнд төсвийн алдагдлаа нөхөх хангалттай хэмжээний, бага хүүтэй, урт хугацаатай гадаад валютын эх үүсвэр авах боломжтой болсон байгаа. Засгийн газар 600 сая долларын зээлэх чадамжтай болсон нь валютын захад ч эерэг дохио өгч, ханш тогтворжиход мөн сайнаар нөлөөлсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд “Ройтерс”, “Блүүмберг”-т гарсан мэдээгээр Худалдаа хөгжлийн банк 500 сая долларын бонд олон улсын зах зээлд гаргах болсон байна. Бусад банк ч гэсэн мөн адил Засгийн газрын баталгаатай, баталгаагүй 300-500 сая доллар энэ онд оруулж ирэх боломжтой гэж ярьж байна. Ямар ч гэсэн Тавантолгой, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэх эсэхээс үл хамаараад энэ онд эдийн засгийн өсөлтөө нэмэх (+)утгатай байлгах боломжууд байгааг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ мэдээж монголчуудын хувьд том төслүүд маань зөв л хөдлөөсэй, урт хугацааных нь хувь заяа сайн байгаасай, эдийн засагт дандаа эерэг нөлөөтэй байх зөв шийдлээ олоосой гэсэн хүлээлт бий. Хэдийгээр эдийн засагт эерэг боломж харагдаж байгаа ч  цаашдаа, урт удаан хугацаандаа доллар тогтвортой орж ирэх сувгийнхаа амсарыг нээх хэрэгтэй.

Энэ бүхнээс харахад эдийн засагт “нохойн дуу ойртжээ”. Өөрөөр хэлбэл, хямралыг хараар будах бас хэрэггүй нь бололтой.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж