Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг “Бритиш газ” компанид хэсэгчлэн шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ямар учраас “Бритиш газ”-д эрхийг шилжүүлж байна вэ?
-Английн томоохон “Бритиш газ” компани “Сентрал азиан петролеум корпорэйшн”-тай хэлэлцээ хийснээр манай зах зээлд орж ирж байна. Газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” хоёр талбай болох Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 орчим сумыг хамарсан хоёр блок бий. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Бритиш газ” компанид хэсэгчлэн шилжүүлсэн.
Хамтран ажиллах гэрээний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “Бритиш газ” компани, 22 хувийг “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанид үлдэж буй юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хэрвээ газрын тос гарсан тохиолдолд Монголын Засгийн газар 47 хувийг авахаар байгаа. Бид яагаад барууны өндөр мэргэшсэн “Бритиш газ”-ыг онцлоод байна вэ.
Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна”, “Синопек” зэрэг компани нь дэлхийн хэмжээнийх ч Монгол Улсад барууны компани орж ирж байгаа нь анх удаагийнх. Хоёрдугаарт, саяхан “Бритиш газ” компанийг худалдаж авах хэлэлцээ эхэлсэн. “Ройял датч шэлл” 70 тэрбумаар худалдаж авахаар хэлэлцэгдэж байна. Дэлхийд тэргүүлэх компани манай улсад орж ирж байгаа нь монголчуудын хэлдгээр “булган сүүлтэй” гэдэг шиг юм болох байх гэж бодож байна.
-Өнгөрсөн жил Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталсан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх учиртай гэдгийг гишүүд хэлж байсан шүү дээ. Тэгэхээр хууль эрхзүйн орчин сайжирч байгаа нь хөрөнгө оруулалт нэмэгдэх дохио гэж ойлгож болох уу?
-Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд батлагдсан. Энэ хууль маань хөрөнгө оруулагчдыг татсан сайн хууль болжээ. Өндөр эрсдэлтэй, их хөрөнгө мөнгө шаардаж, урт хугацаанд үр ашгаа өгдөг салбар руу орж ирнэ гэдэг нь том үзүүлэлт. “Бритиш газ” группын хувьд 5200 ажилтантай, дэлхийн 23 оронд үйл ажиллагаа явуулдаг.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дээрх групп сүүлийн 10 орчим жилд өндөр эрсдэлтэй 15 төсөл дээр ажилласан. Манай улсын энэ төсөл ч гэсэн геологийн тогтоцын хувьд эрсдэлтэй. Арабын орон болон далай дор байдаг шиг том бассейн байхгүй. Тус компанийн хувьд өндөр эрсдэлтэй 15 төслийн 14-ийг амжилттай хэрэгжүүлж, гүйцэтгээд байна.
Тэгэхээр ийм туршлагатай компани манай нөхцөл байдлыг судлаад орж ирж байгаа нь маш сайшаалтай асуудал. Үүнээс гадна хоёр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр Засгийн газраас гарсан. “Увс-I” талбайд “Увс петролиум”, “Хэрлэн тохой 28”-д Хонгконгийн “Хонгконг велпек” компани орж ирж буй юм. Удахгүй ажил эхэлнэ. “Увс-I” талбайд 847 сая ам.доллар, “Хэрлэн тохой 28”-д 81 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг найман жилийн хугацаанд хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төлөвлөөд байна.
-Газрын тосны салбар тухайн улсын эдийн засагт нөлөөлөлх гол салбаруудын нэг. Гадны туршлагатай компани орж ирж үйл ажиллагаа явуулах нь сайн ч нөгөө талаар бид өнөөдрийн Тавантолгой, Оюутолгой шиг асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол бий шүү дээ?
-Энэ асуудал дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг зүйл дээр тайлбар хийх ёстой юм байна. Энэ гэрээгээр манай улс ганц ч төгрөгийн эрсдэлгүй ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид ганц ч төгрөг гаргахгүй, тухайн компани хөрөнгөө гаргаж хайгуул судалгааны ажил хийнэ. Харин тос гарч ирэх юм бол тэр өдрөөс эхлэн бүтээгдэхүүнээ хуваана гэсэн үг.
Ерөөсөө газрын тосны салбар маань дэлхийд өндөр эрсдэлтэй салбарт ордог. Монголын жишээн дээр ярихад 1993 онд Тамсгийн сав газрын гэрээг “Соко интернэйшнл” компани анх байгуулж, 1997 онд анхны тос гарсан. Ингээд жижиг олборлолт хийгээд туршилтын борлуулалт хийсэн. Харин 2005 онд Хятадын “Петро Чайна” компанинд гэрээний эрх үүргээ 100 хувь шилжүүлсэн. Гэтэл 2005 оноос хойш 10 жилийн турш 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж сая үйлдвэрлэлийн олборлолтын төвшинд ирж, 2017 онд гэхэд олборлолт 1.7 сая тонн хүрэх төлөвлөгөөтэй байгаа.
Тэгэхээр маш их цаг хугацаа хөрөнгө хүч шаардсан ажил. Гэтэл манайхан хаа нэг газар газрын тос гараад ирэхээр л маргааш нь үйлдвэр байгуулаад нефть нэрээд явах юм шиг ойлгодог. Үүнээс гадна сонгууль дөхөхөөр улс төрийнхөн шоу хийж, тууз хайчилж боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо гэх ойлголтыг олонд өгдөг болсон. Тиймээс эрсдэл өндөртэй энэ ажилд төсвийн мөнгийг оруулахгүй, эрсдэлийг тухайн компанид үүрүүлж, тос гарч ирвэл хуваах зарчмаар БХГ байгуулж ажиллах нь оновчтой юм.
-Гадны компаниудын хөрөнгө оруулалт харилцан адилгүй байдаг. Дээр хэлсэнчлэн “Увс-I”, “Хэрлэн тохой-28” талбайн хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад ийм зөрүүтэй байгаа юм бэ?
-Мөнгөний тухайд яагаад их зөрүүтэй байна гэхээр “Увс-1”-тухайд хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай хамтад нь төлөвлөгөөгөө боловсруулсан. Харин нөгөө нь зөвхөн хайгуулын ажил. Ийнхүү хайгуулын үйл ажиллаагаа эрчимжиж байгаа нь олборлолтын талбай нэмэгдэх магадлал өндөр болж байна. Олборлолт нэмэгдсэнээр орлого нэмэгдэж цаашлаад боловсруулах үйлдвэртэй болно гэсэн үг.
-Манай улс боловсруулах үйлдвэр байгуулна гэж яриад удаж байна. Гэтэл өнөөг хүртэл ажил хэрэг болсон зүйл алга байна шүү дээ?
-Бидэнд найдвартай олборлолтын эх үүсвэр байхгүй байсан. Харин 2012 оны арванхоёрдугаар сараас хойш үйлдвэрлэлтийн олборлолтод шилжиж, олборлолтын хэмжээ 20-30 хувиар жил бүр нэмэгдээд явж байна. Энэ жилийн хувьд сая тонн гаруй газрын тос гаргана. Бидний хувьд 2-3 сая тоннын хүчин чадалтай боловсруулах үйлдвэр барина гэж байгаа. Үйлдвэрийг хэзээ байгуулдаг юм бэ гэхээр олборлолтын найдвартай эх үүсвэр үүссэн тохиолдолд байгуулана.
Харин энэ бүхний үндсэн суурь маш сайн тавигдаж байна гэж ойлгож болно. Боловсруулах үйлдвэрийн хувьд өөрсдийн олборлож байгаа газрын тосон дээр суурилж байгуулах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан байгаа. Боловсруулах үйлдвэрийн асуудал өмнө нь Уул уурхайн яаманд харьяалагдаж байсан бол одоо Аж үйлдвэрийн яаманд харьяалагдаж байна. Тухайн яаманд тодорхой тендерийг зарлаад байгаа. Манайд байгуулах боловсруулах үйлдвэр маань бага оврын үйлдвэрт орно. Ийм үйлдвэр техник технологийн хувьд өндөр ашигтай ажиллах магадлал багатай. Тиймээс мэдээж олон талаас нь харж нарийн тооцоо судалгаа хийх ёстой.
-Нэг хэсэг хувийн компаниуд боловсруулах үйлдвэр байгуулах тухай яригдаж байсан. Гэхдээ төр үүнийг дэмжихгүй байгаа гэсэн нь иргэдийн дунд боловсруулах үйлдвэр байгуулагдах хүлээлтийг бүр их үүсгэсэн гэж хэлж болно. Үнэхээр төрөөс дэмжээгүй юу. Аль эсвэл өөр шалтгаан байсан уу?
-Өнөөдөр бензин шатахууныг хувийн сектор л борлуулж, тарааж байна шүү дээ. Үүний нэгэн адил газрын тос боловсруулах үйлдвэрийг ер нь хувийн секторын хөрөнгөөр хийх ёстой асуудал. Зах зээлийн зарчимд шилжээд 20 гаруй жил боллоо. Үйлдвэрийн асуудал Уул уурхайн яаманд харьяалагддаг байхад 11 компани боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авсан.
Бид 2-3 жилийн өмнө ОХУ-аас өндөр үнээр нефть авдаг байхад үйлдвэр барих нь өндөр ашигтай харагдаж байсан байж магадгүй. Харин өнөөдөр Сингапурын биржийн үнэд тулгуурласан зарчмаар бүтээгдэхүүнээ авдаг болсноор ашгийн тооцоо өөр болсон. Ингээд компаниуд тооцоо судалгаагаа дахин хийх болсон. Тэгэхээр төр засаг асуудлыг хориод шийдэхгүй байгаа байхгүй. Энд эдийн засгийн үр өгөөжийн асуудал байгаа юм. Дээр хэлсэнчлэн техник технологийн хувьд жижиг боловсруулах үйлдвэр ашиг багатай гэж.
Бид тосоо нэрж 50 орчим хувийн тунгалаг бүтээгдэхүүн гарна. Үлдсэн 50 орчим нь хоёрдогч түүхий эдийг монголын зах зээлд шингээх газар байхгүй. Эргээд л экспортолно. Ингээд ирэхээр мазутаас эхлээд ямар үнээр гаргах уу гэх мэт түмэн асуудал үүснэ. Гэхдээ боловсруулах үйлдвэр байгуулж ажиллуулахад хамгийн гол зүйл нь түүхий эдийн нөөц, түүний тогтвортой олборлолт гэж хэлсэн. Одоо л энэ нөөц, олборлолт бий болж байна. Гэтэл цаг нь болоогүй байхад боловсруулах үйлдвэр байгуулна гэж яриад байсан нь нийгэмд хүлээлт үүсгээд байсан юм.
-Тэгэхээр бид боловсруулах үйлдвэр байгуулчихвал “Петро Чайна”-ийн Хятад улс руу гаргаж байгаа тосыг өөрийн үйлдвэрт нэрэх үү. Та үйлдвэр байгуулах хэмжээний нөөц бүрэлдэж байна гэлээ шүү дээ?
-Гэрээнд Монголд боловсруулах үйлдвэр байгуулсан тохиолдолд газрын тосыг тэргүүн ээлжинд нийлүүлнэ гэсэн байгаа. Тийм болохоор шууд боловсруулах үйлдвэр рүү тос очно гэсэн үг. Биднийг тосоо Хятад руу урсгаад байна гэх шүүмжлэл гардаг. Гэтэл тосоо зүгээр биш дэлхийн зах зээлийн хамгийн сайн үнээр зарж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Тэгэхээр энэ жил газрын тосны салбараас хэчнээн хэмжээний хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг вэ?
-Бид энэ жил нэг сая 50 мянган тонн тосыг олборлож, 286 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ орлогын биелэлт 30 орчим хувиар тасарч байгаа. Энэ бол цэвэр дэлхийн зах зээлийн тосны үнэтэй холбоотой. Харин биет байдлаар бид дээрх төлөвлөгөөгөө давуулан биеүүлнэ гэсэн бодолтой байгаа.
-Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар өсч буурдаг. Газрын тосны үнэ буурсан учраас шатахууны үнэ бууна гэсэн хүлээлт маш их байсан?
-Дэлхийн зах зээлд тосны үнэ унасантай холбоотойгоор шатахууны үнэ буух ёстой гэсэн хүлээлт нийгэмд байсан. Бидний хувьд өмнө нь тосны үнэ өндөр үед олон зохицуулалтыг хийсэн байсан. Тухайлбал, Монгол банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, татварын зохицуулалт хийх гэх мэт олон арга хэмжээг хийсэн. Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хүртэл арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд бид татваргүй бараа хэрэглэж байсан гэж хэлж болно.
Тиймээс бид тосны үнэ буусан энэ таатай нөхцлийг ашиглан бүх татвараа улсын төсөвт төвлөрүүлсэн. Ингэснээр өнөөдрийн борлуулж байгаа нэг литр шатахууны 500-530 төгрөг нь татвар болж, улсын төсөвт төвлөрсөн. Харин одоогоор эргээд тосны үнэ өсч байна. Мэдээж өссөн тохиолдолд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Гэхдээ өмнө нь ганцхан тал руугаа валютын урсгалтай байсан бол өнөөдөр газрын тосоо зарж валют оруулж ирдэг урсгалтай болсон.
Өөрөөр хэлбэл, бид хос морьтой болсон гэсэн үг. Нэг талаар гадна талаас худалдаж авах тосны үнэ нэмэгдсэнээр үнэ өсөх боловч бидний тосоо борлуулж байгаа орлого нөгөө талдаа нэмэгдэж байгаа юм. Ерөнхийдөө манай зах зээл тайван тогтвортой, салбарын эрхзүйн орчин сайжирсан гэдэг утгаараа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Бид тал талдаа гэрээгээ сайн хийсэн. Үүн дээр айх аюул алга. Нийлүүлэлт хэвийн ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт муу байна. Шатахууны нөөцийн сав дүүрэн байгаа.
-Таны хувьд шатахууны борлуулалт муу байна гэлээ. Өнөөдөр Монгол Улсад өдөр ирэх бүр машины тоо нэмэгдэж байгаа. Үүнийг харвал шатахууны борлуулалт улам нэмэгдэх биш үү. Ямар учраас борлуулалт муу байна гэж хэлээд байна вэ?
-Энэ сарын 5-ны байдлаар шатахууны 41 хоногийн нөөцтэй байна. А92 бензинийн тухайд борлуулалт их буураад байгаа зүйл байхгүй. Харин А80 бензиний хувьд борлуулалт буурсан. Манайд уг бензинийг хэрэглэдэг машины тоо цөөн, гадна талдаа А80-ын үйлдвэрлэл багассан. Мөн дизелийн түлшний борлуулалт бол маш муу байна. Энэ бол цэвэр уул уурхайтай холбоотой. Энэ жилийн дизелийн түлшний борлуулалт өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 16 орчим хувиар буурсан байгаа.
Э.ПАГМА
Эх сурвалж: www.mminfo.mn