Шинэ оросын ялалтын жагсаал

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Шинэ оросын ялалтын жагсаал

 

Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан орчин үеийн Оросын хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн парад Москва хотын зүрх болсон Улаан талбайд болж өнгөрлөө.  Монгол,Энэтхэг, Хятад, Туркмен, Казахстан, Армен, Серб, Киргиз, Белорусь, Азербайжан зэрэг арваад орны бүрэлдэхүүнтэй нийт 730 орчим цэрэг, дайчидтай парад анх удаагаа Улаан талбайд жагслаа. Парадын хөгжмийг Москвагийн гарнизоны оркестр  тоглосон бөгөөд 50 орчим марш аяыг тогложээ.

 

Парадын эхэнд  дайны 10 фронтын штандарт буюу сүлд-тугийг авч явлаа

 

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ  ДЭЭД КОМАНДЛАГЧ ВЛАДИМИР  ПУТИН ҮГ ХЭЛЛЭЭ

 

“Гитлерийн үйлдэл нь бүх дэлхийн хамтын нийгэмлэгт том сургамж болсон юм. Өнгөрсөн зууны 30-аад онуудад гэгээрсэн Европ нацизмын үзэл санааны аюулыг шууд харсангүй. 70 жилийн дараа буюу одоо ч биднийг сонор сэргэмжтэй байхыг түүх дахин сануулж байна. Үндэстний дээрэнгүй бодлого, онцгойрох санаа бодол нь хамгийн их цус урсгасан дайнд хүргэснийг бид мартах ёсгүй” гэж Путин хэлэв. Дэлхийн хүн амын 80 хувь дайнд татагдан орж, Европын олон орнууд эзлэгдэн боолчлогдож, Зөвлөлт холбоот улс дайсны хамгийн хүнд цохилтод өртсөнийг Оросын ерөнхийлөгч сануулав.

 

 

“Бид өнөөдөр бүх гадаадын төлөө­лөгчдөд баяр хүргэн мэндчилж байна. Нацизм, милитаризмтай тулалдсан орнуу­дын төлөөлөгч нарт онцгойлон талархлаа илэрхийлье. Улаан талбайгаар Оросын армийн­хантай хамт өөр арван орны жагсаа­лын бүрэлдэхүүн алхана” гэдгийг Путин мөн индэр дээрээс хэлсэн юм.

 

Улаан талбайд Монгол, Азербайжан, Армен, Белорусь, Киргиз, Казахстан, Таджикистаны зэвсэгт хүчний төлөөлөгч­дийн жагсаалын цуваа алхсан юм. “Зөвлөлт  холбоот улсын адил энэ дайнд олон сая хүнээ алдсан Хятадын төлөөлөгчид байна. Тэд Ази дахь милитаризмтай хийсэн тэмцлийн гол фронт байлаа. Нацистуудтай Энэтхэгийн цэргийнхэн зоригтой тулалдаж байлаа. Фашис­­­тууд­тай эвлэршгүй эсэргүүцлийг сербүүд үзүүлсэн юм” хэмээн Путин хэлэх­дээ, Орос орныг дайны бүхий л хугацаанд Монгол маш идэвхтэй дэмжиж ирснийг тэмдэглэв.

 

“Өнөөдөр, нэгдмэл парадын жагсаалд дайнд оролцсон дайчдын ач, зээ нар оролцож байгаа. Ялалтын өдөр бол бидний нийтийн баяр. Учир нь Агуу эх орны дайн хүн төрлөхтний ирээдүйн сайн сайхны төлөөх тулалдаан байсан юм. Бидний эцэг, өвгөд тэвчихийн аргагүй зовлон, хомсдол, гарзыг туулсан билээ. Тэд эцэж цуцан ажиллаж, хүчин мөхөсдөхийн хязгаарт байлаа. Тэд өөрийн амьдралыг үл хайрлан, хүний эрхэм дээд чанар жинхэнэ эх орончийн  жишээг харуулсан юм” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч онцлов.

 

Владимир Путин Агуу эх орны дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн минутын гашуудлыг анх удаагаа зарлав.

 

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу парадыг хүлээн авч мэндчилж байгаа нь.

 

 

Ялатын туг, Оросын төрийн далбааг Улаан талбайд залав

 

Монголын цэргийн төлөөл анх удаагаа Улаан талбайгаар алхав

 

Т-14 “Армата” дунд танк

 

Путин өөрийн эцгийн зургийг барин жагсаалд оролцжээ

 

ЯЛАЛТЫН  70  ЖИЛ ТООН БАРИМТААР

 

Оролцсон хүн, цэргийн техникийг үзүүл­сэн төрлийн тоогоор Оросын нэн шинэ түүхэнд томоохонд зүй ёсоор тооцогдох Гитлерийн Германыг ялсны 70 жилийн ойн цэргийн парад Москвад болж өнгөрлөө. Парадын дараа “Үхэшгүй мөнхийн хороо”  ажиллагаанд 300 мянган  хүн оролцон Улаан талбайгаар алхаж өнгөрөв.

 

 

Ялалтын парад 24 дэх удаагаа болж байна. Анхны парад нь 1945 оны зургадугаар сарын 24-нд Москвад болсон бөгөөд дараагийнх нь 1965 онд болжээ. Үүний дараа 20 жил завсарлав. Зөвлөтийн сүүлчийн парад нь 1990 онд болсон юм. ЗХУ задарснаас хойш 1995 онд ОХУ энэ уламж­лалаа сэргээжээ. 2008 оноос хойш ялалтын парадад цэргийн техник оролцох болжээ.

 

Ялалтын 70 жилийн ойн парад нэг цаг 19 минут үргэлжлэв. Харин өнгөрсөн онд ялалтын парад нэг цагийн турш үргэлжилсэн байна.

 

Оросын 26 хотод цэргийн  парад болов. Орон даяар энэхүү арга хэмжээнд  85 мянган цэргийн албан хаагч оролцсон гэж тэд мэдээлэв.

 

Улаан талбайн парадад 16 мянган цэргийн албан хаагч, 194 цэргийн техникийн хэрэгсэл, 143 онгоц, нисдэг тэрэг оролцлоо.

 

Албан ёсны мэдээгээр, аугаа эх орны дайны 2,3 мянган ахмад дайчид Москвагийн парадад уригдан очжээ.

 

Нөхөрсөг орнууд буюу хуучнаар Зөвлө­лийн холбоонд багтаж байсан орнуудын зэвсэгт хүний 10 анги Оросын нийслэлд болсон парадад оролцов.

 

Ялалтын баярын 70 жилийн ойд гадаад орнуудын 68  лидерийг урьсан ч барууны бүх орнуудын, эдний тоонд гитлерийн эсрэг эвслийн холбоотон орнуудын тэргүүн нар Украины хямралаас болоод арга хэмжээнд оролцохоос татгалзжээ.

 

Зөвлөлтийн холбооны орнуудаас гадна долоон орон буюу Гитлерийн Германтай байлдаж байсан Монгол, АНУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Серб  зэргээс дөрвөн орон цэргийн албан хаагчдаа Улаан армитай хамтран жагсаахаар ирүүлсэн байв.

 

430 сая хүртэлх рублийг Москвагийн эрх баригчид баярын өдрүүдэд үүл саринуулахад зарцуулжээ.

 

“Үхэшгүй мөнхийн хороо”  арга хэмжээнд Орос даяар 12 сая хүн оролцон дайнд  оролцогсдыг зургийг барин жагслаа.

 

Оросын тэтгэвэрийн сангийн мэдээгээр, 2014 оны дөрөвдүгээр сард Орост  2,2 сая орчим ахмад дайчид амьдарч байна. Тэдний 1,8 сая нь арын албаны хөдөлмөрчид,  200 мянга орчим нь дайнд оролцогсод, 140 мянга нь бүслэлтийнхэн байгаа гэнэ.

 

Гэхдээ Крымыг нэгтгэснээс хойш буюу 2015 оны гуравдугаар сард  ерөнхий сайдын орлогч Ольга Голодец “дайнд оролцогч 217 мянган хүн бий” гэсэн юм. Эх орны дайнд оролцогчидтай зэрэгцүүлэн авч үзэж байгаа концла­герийн хоригдлууд, арын албаны  хөдөл­мөр­чид, бүслэлтийг туулсан хүмүүс нийлээд 2,7 сая болдог ажээ.

 

Засгийн газрынх нь мэдээлснээр, ахмад дайчдын дундаж тэтгэвэр нь 30 мянган рубль   болж байна.

 

Дайнд оролцогч 13 мянган ахмад дайчин өнөөг хүртэл орон сууц хүссэн жагсаалтад байгаа ажээ. Тэдний 1,9 мянга нь дайнд шууд оролцож байсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм.

 

Ойролцоогоор 1500 хүн, 30 нэгж техник Донецкийн парадад оролцов.

 

Москвад “Үхэшгүй мөнхий хороо” арга хэмжээнд  300 мянган хүн оролцсон бөгөөд тэдний дунд ерөнхийлөгч Путин дайнд оролцсон эцгийнхээ зургийг барин явж байлаа.

 

Ялалтын баярын өдөр 7:0 харьцаатайгаар Оросын хоккейчид белорусьчуудын ялжээ.

 

“Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээ гадаадын 15 онд болж, ахмад дайчдаа  дурссан байна. Орост энэ арга хэмжээг 2012 онд анх Томск хотод санаачлан явуулсан юм.

 

Батлан хамгаалах яамнаас баярын өмнө тодруулсан баримтаар улаан армийн 8 668 400 цэрэг дайнд амь үрэгдсэн  байв. Энэ нь өмнө нь гаргасан цэргийн хохирлын тооноос 1,5 саяар их байна.

 

“АУГАА ПАРАД”-ЫН ТУХАЙ ГАДААДЫН УНШИГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС

 

“Аугаа парад. Хэрэв НАТО Оростой үзэлцэнэ гэвэл Наполеон, Гитлер зэргийг ялагдагчдыг санаад тэр бодлоосоо ухрах хэрэгтэй” хэмээн Рожер Хадсон гэдэг англи хүн өгүүлсэн байна.

 

Америк, Британийн эрх баригчдын ялалтын парадад оролцохгүй гэсэн шийдвэрийг “Ёстой ичгүүр явдал” хэмээн Bigbrotherwatcher  сайтын хэрэглэгч эсэргүүцжээ.

 

“1945 оны тавдугаар сарын 8 хүртэл Зөвлөлтийн ард түмний асар их хувь нэмэр, гарз байгаагүй бол Европ дайнд хэзээ ч ялахгүй байсан” гэж Telegraph сонины уншигч бичжээ.

 

“Оросуудын хувьд энэ парад асар чухал. Энэ нь аюул, заналхийлэл биш гэдэгт би найдаж байна. Тийм биш бол Путиныг “энхийг бүтээгч” гэсэн миний эерэг санааг баллах юм” хэмээн All.Sch  сайтын хэрэглэгч Die Zeit сонины өгүүлэгт бичсэн сэтгэгдэлдээ хэлжээ.

 

“Ялалтын өдрийн ойг тэмдэглэхэд Обама ямар зүтгэл гаргав? Хятадын ажлын хямд хүчний буянаар шаахай үйлдвэрлэдэг Nike компанийн төв байранд зочлох шив дээ” гэж Дерек Смоллс ууртайгаар сэтгэгдлээ бичжээ.

 

“Тэнэг, ядмаг барууны лидерүүд. Тэднийг бурхан өршөөг” хэмээн Франк AFP агентлагт сэтгэгдлээ ирүүлжээ.

 

“Барууны лидерүүдийн бойкот нь Баруун Европын өчүүхэн орнуудыг аврахаар амиа алдсан 25 сая хүний дурсгалыг доромжилсон хэрэг юм” гэж нэг хэрэглэгч өгүүлэв.

 

“Улаан армийн алдар бадартугай! Хорлонтой тэмцэж байсан бүгдийн алдар бадар­тугай!”  Рейтер агентлагийн сайтын хэрэг­­лэгч сэтгэдлээ бичжээ.

 

УЛААНБААТАРТ ЯЛАЛТЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ

 

Тавдугаар сарын 9-нд Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубарович, Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга Ц.Бямбажав, цэргийн албаны ажилтан, албан хаагчид, Орос дайчдын үр хүүхэд, гэр бүлийнхэн, ОХУ, Монгол Улсын иргэд оролцлоо.

 

 

Бэлтгэсэн: Ш.МЯГМАРСАМБУУ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж