Ялалтыг тэмдэглэнгээ…

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Ялалтыг тэмдэглэнгээ…

-Дэлхий нийтэд бодитоор занал­хийлж байсан аюулыг хамтын хүчээр дарсан баярыг тэмдэглэхээс татгалз­­санаараа дэлхийд дахин өөр нэг аюул занал бий болгож байгаа биш үү гэсэн асуултыг зарим хэвлэл гаргаж тавьж байна-

Оросын ард түмэн фашист Германыг бут ниргэсний 70 жилийн ойгоо нижгэр тэмдэглэлээ.

Москвагийн төв Улаан талбайд ОХУ цэргийн сүр хүчээ дэлхий нийтэд гайхууллаа. Гитлерийн Германыг ялсан нь яах аргагүй өнгөрсөн зууны хамгийн том, хамгийн ач холбогдол бүхий үйл явдал. Энэ үйл явдал дэлхийн хүн амын дараагийн зуун жилийн хөгжлийг тодорхойлсон. Дэлхийн II дайнаас өмнөх болон хойших дэлхийн улс орнуудын газрын зураг, хөгжлийн чиг хандлагыг харахад л энэ үйл явдлын ач холбогдол товойн харагддаг.

1939-1945 онд үргэлжилсэн дэлхийн II дайнд дэлхийн 61 улс татагдан орсон нь тухайн үедээ дэлхийн хүн амын 80 хувь байсан юм. Энэ дайныг өдөөгч хамгийн гол хүчин болсон Гитлерийн Германы дэлхийг эзэгнэх санаархлыг тас­лан зогсоож чадсан агуу ялалт бол Оросын ард түмнийх. Оросын ард түмэн энэ ялалтыг хэдэн сая хүнийхээ амь, амьдралыг золин байж авчирсан. Гитлерийг ялахын тулд АНУ, Их Британи, Франц тэргүүтэй орнууд фашизмын эсрэг холбоо үүсгэн ялалтын авчирсан гэдэг ч оросууд ялж, германчууд ялагдах нь тодорхой болсон мөчид л тусалсныг түүх гэрчилнэ. Хэдийгээр Гитлерийн эсрэг холбоо үүсгэсэн ч магадгүй дэлхийн социализмын түшиц болсон ЗХУ-ыг Гитлер мөхөөгөөд өгчихвөл хэн хэнийх нь хувьд хэзээ нэгэн цагт алдагдсан газар нутгийг буцаан авч үүнийг даган ирэх эдийн засгийн ашиг хонжоог тооцоолж байсан. Тиймээс ч дайн эхэлсний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн “Хэрвээ Герман ялах шинжтэй бол бид ЗХУ-д тусална, харин ЗХУ ялах шинжтэй бол бид Германд тусална, тэр болтол хоорондоо алалдаж л байг” хэмээн хэлсэн байдаг. Барууны холбоотнууд хоёрдугаар фронтыг Сталинд амласан ёсоор 1942 онд биш харин 1944 онд нээж, Францын Нормандад анхны десантаа буулгаж байсан.

Дэлхийн II дайны ялалтын ойг улс төрийн зорилгоор ашиглах, мушгин гуйвуулах, өөр өөрийн нөхцөл байдалд тохируулан тайлбарлах явдал гарч байгаад ихэд эмзэглэж байгаагаа, энэ нь алсдаа хор уршигтай байж болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын баярын хэлсэн үгэндээ ч, мөн үүнээс өмнө нь ч нэг биш удаа хэлж байгаа.

Харин дайны эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл ЗХУ-д ганц үнэнч холбоо­тон байсан нь Монгол. Дайны жилүүдэд монголчууд хэдийгээр өөрсдөө элбэг ханга­луун байгаагүй ч унааны ганц морь, цайны ганц үнээгээ оросын ард түмэнд сэтгэл харамгүй өргөж байсан. Германчууд ЗХУ-ын газар нутаг руу довтолсон өдөр буюу 1941 оны зур­гадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөлийн тэр­гүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэр­гүү­­­лэгчид хамтарсан тогтоол гаргаж, Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжиж, “Зөвлөлтийн ард түмэнтэй эвдэрш­гүй бат найрамдалтай манай эрх чөлөөг эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бүх ард түмэн фашистын Герман ийнхүү итгэл эвдэн халдсаныг туйлаас буруу­шааж, Зөвлөлт, Монголын ард түмний найрамдлыг бүх талаар бэхжүүлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан “Харилцан туслах тухай Гэрээ”-гээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байх болно» гэдгээ илэрхийлсэн юм. МАХН-ын Төв Хороо, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулсан тусгай комисс Зөвлөлтийн ард түмэнд туслах аяныг орон даяар өрнүүлж, Монголын ард түмэн дайны горимоор амьдарч байсан. Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон ажлын өдрийн цагаа 10 цаг болгож, амралтын өдрүүдээр илүү цагаар ажиллаж, фронтын дайч­дад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёж бэлтгэж байжээ. Цэргийн дулаан нэхий дээл, эсгий гутал, хөвөнтэй бээ­лий, малын мах, ангийн мах, ангийн арьс, ноосон цам, оймс, алт үнэт эдлэлээ хүртэл бэлэглэж байсан. Монголчуудын бэлгийн цуваанд хамгийн хүндтэй байрыг эзэл­дэг нь танкийн “Хувьсгалт Монгол” бри­гад, “Монгол ард улс” нисэх эскадриль юм.

Монголчуудын энэ сэтгэлийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын баярыг нээж хэлсэн үгэндээ онцолсныг бид мэднэ. Холбоотон гэдгийг ч нотолж Монголын армийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн бямба гаригт ялалтын парадад хөл тавихыг монголчууд харсан. 2010 онд тэмдэг­лэсэн их ялалтын 65 жилийн ойгоор фашизмын эсрэг холбоотон орнуу­дын цэргийн бие бүрэлдэхүүн анх удаа ялалтын парадад оролцсон. 2010 онд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас гадна АНУ, Франц, Их Британи, Польшийн бие бүрэлдэхүүн энэ жилийн адил 75 хүнтэй оролцож байсан билээ. Харин 2010 онд Монголын бие бүрэлдэхүүнийг оролцуулах манай талын хүсэлтэд оросууд эцсийн мөчид татгалзсан хариу өгч байсан юм.

Тавдугаар сарын 8-нд Москвад очихоос татгалзсан улс орнууд нийлэн Польшийн Гданьск хотноо ижил арга хэмжээ зохион байгуулсаныг ВВС мэдээлж байна. Энэ арга хэмжээнд Болгар, Чех, Эстон, Литва, Румын болон Украины төрийн тэргүүнүүд оролцжээ. Мөн энэ арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун оролцсон байна.

Дэлхийн II дайны ялалтын ойг улс төрийн зорилгоор ашиглах, мушгин гуйвуулах, өөр өөрийн нөхцөл байдалд тохируулан тайлбарлах явдал гарч байгаад ихэд эмзэглэж байгаагаа, энэ нь алсдаа хор уршигтай байж болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын баярын хэлсэн үгэндээ ч, мөн үүнээс өмнө нь ч нэг биш удаа хэлж байгаа.

Ялалтын баярын мэдээтэй давхцан энэ баярт оролцохоос татгалзсан барууны орнуу­дын шийдвэр зөв байсан эсэх талаар маргаан барууны хэвлэлүүдээр өрнөж байна. Дэлхий нийтэд бодитоор занал­хийлж байсан аюулыг хамтын хүчээр дарсан баярыг тэмдэглэхээс татгалз­­санаараа дэлхийд дахин өөр нэг аюул занал бий болгож байгаа биш үү гэсэн асуултыг зарим хэвлэл гаргаж тавьж байна.

Ирэх есдүгээр сард манай урд хөрш Хятад улс дэлхийн II дайны ялалтыг мөн өргөн тэмдэглэхээ зарлаад байгаа. Энэ ойн үеэр ч ийм  маргаан дэгдэх нь ойлгомжтой. Учир нь, Улаан талбайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар шиг зузаан анд нөхөд байхгүй байгааг дэлхий нийт харсан.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж