хөгжүүлэгчид 2.6.40 хувилбар дээр ид ажиллаж байхад Линус Торвалдс нэгэн
сонирхолтой санаа гаргав. Тэр нь одоо ажиллаж буй хувилбарыг 2.6.40 биш
2.8 эсвэл 3.0 гэж дугаарлах талаар юм. Энэ санаагаа баталгаажуулж ирэх хувилбарыг 3.0 гэж нэрлэх болсон талаараа саяхан зарлав. Яагаад ингэх болов?
Яагаад ч юм нээлттэй эхийн олон програмуудын хувилбар тэгш тоотой байвал
тогтвортой, сондгой байвал хөгжүүлэлтийн гэсэн ойлголт түгээмэл байдаг.
Жишээ нь, GNOME 2.31 гэж нэрлээд хөгжүүлж байгаад яг эцэслэн гаргахаар
болохоороо 2.32 гэж нэрлэдэг. Ингээд хэрэглэгчид хүрч буй хувилбарууд нь
2.32, 2.30, 2.28 гэх мэтээр тэгш тоотой, хөгжүүлэгчид сондгой тоотой
хувилбаруудыг ашигладаг. Линуксын цөм ч бас энэ жишгээр дугаарлаж байсан
бөгөөд 2.1 нь 2.2, 2.3 нь 2.4, 2.5 нь 2.6 хувилбаруудын туршилтын
хувилбар байсан юм. Гэвч 2.5 хувилбарыг хөгжүүлэх явцад өмнөх тогтвортой
хувилбар 2.4-ийн хооронд маш том зааг бий болсон, хөгжүүлэгчид 2.5 дээр
шинэ зүйлс нэмэхэд илүү анхаарсны улмаас 2.4 гэх тогтвортой хувилбар
дахь дийлэнх алдаанууд засагдахгүй байх, аль аль хувилбар нь хангалттай
тогтвортой, итгэл даахуйц биш гэх зэрэг олон бэрхшээлүүд тулгарч байсан
юм. Урт удаан ажилласны эцэст 2.5 хувилбарын төгсгөл болгож 2.6
хувилбарыг 7 жил хагасын өмнө эцэслэн гаргаж байсан байна. Мэдээж цоо
шинэ хувилбар болохоор тогтворжиж олны итгэлийг олох гэж багагүй хугацаа
зарцуулсан байдаг.
Линуксын хөгжүүлэгчид алдаанаасаа зарим нэг зүйлийг сурав… Тогтвортой
хувилбар байхад хөгжүүлэлтийн хувилбар гэж тусад нь салгах, үүгээр
хөгжүүлэгчдийн анхаарлыг хуваах хэрэггүй юм байна гэдгийг, бүх хувилбар
тогтвортой байх ёстойг, өөрчлөлтийг томоор бөөндөх биш бага багаар хийх
ёстой гэдгийг тэд маш сайн ойлгоцгоосон юм. Эцэст нь тэд хөгжүүлэлтийн
шинэ арга барилд суралцав. Ямар нэг хувилбарыг эцэслэн гаргана, үүний
дараах 14 хоногийн хугацаанд томоохон өөрчлөлтүүдийг Линус хүлээж авна,
дараагийн 2 сарын хугацаанд тэдгээр өөрчлөлтүүд нь найдвартай,
тогтвортой ажиллах талаар анхаарал тавьж ажиллана. Энэ маягаар 3-4 сар
бүр 1 шинэ хувилбар гарах юм. Энэ л аргачлалаараа тэд том хэмжээний
өөрчлөлтүүдийг хийж ирсний нэг 90% адилхан i386, amd64 гэсэн
архитектуруудыг нэгтгэж чадсан. Энэ нь ч ажилладаг, тэгэхээр 2.7
хувилбар гэж хэзээ ч байхгүй гэсэн үг. Нөгөө талаас 2.6.29 хувилбар дээр
илэрсэн алдааг засахад 2.6.29.1 гэх маягаар хувилбарууд хязгааргүй
үргэлжлээд байх хэрэг үү?
Үгүй. 2.6.40 гэсэн тоо утгаа алдаж байгаа талаар, цаашид ингэж болохгүй
талаар багагүй хугацаанд яригдсан ч одоо л тэд үүнийг өөрчлөхөөр
зоригтой алхам хийж байна. 3.0 гэдэг бол зүгээр л дугаарын өөрчлөлт. Энд
ямар нэг цоо шинэ эсвэл томоохон хэмжээний өөрчлөлт байхгүй. "Хэрэв
ямар нэг утга байх хэрэгтэй бол линукс анх бий болсноос хойш 20 жил
болжээ, тиймээс 3-р 10 жилийн эхлэл гээд л бодчих" гэж Линус хэлсэн. 3.0
дээр алдааг засахад 3.0.1 гээд арай л товч бас хялбар харагдаж байгаа
биз. Тэгэхээр бид 3.0 хувилбарыг 7-р сард хүлээж авах нь байна, гэхдээ
ямар нэг цоо шинэ зүйл хүлээх хэрэггүй гэдгийг дахин сануулах хэрэгтэй
болов уу.