Иен хүүг ой хүрээгүй байхад нь бөөрний хорт хавдар гэсэн онош тавьсан бөгөөд бэрсүүт жүржийн хэмжээтэй хавдрыг гэдсэн дээр нь дараад тэмтэрч болохоор байсныг хожим ээж нь дурсан ярина. Химийн эмчилгээний хэд хэдэн курсийн дараа түүнийг хагалгаанд оруулж, хавдартай бөөрийг нь авчээ. Бүх л насаараа диализ хийлгэнэ гэсэн эмч нарын үг биеллээ олсонгүй, тэрбээр бусдын л адил амьдарч байна. Энэ бол Ираны жирийн нэг залуугийн амьдралд тохиолдсон явдал.
1990-ээд оны эхээр, нэг бөөртэй хүн энгийн амьдралаар амьдарч болно гэдгийг хүмүүс төдийлэн мэддэггүй байсан. Эрүүл мэндэд нь асуудал тулгарахад хүрвэл нэг бөөртэй, хоёр бөөртэйн ялгаа энд нэг их үгүй. Гэхдээ хүн бүрт бөөр хэрэгтэй. Хамгийн багаар бодоход нэг.
Зөвхөн АНУ-д л гэхэд 100 мянга гаруй хүн донорын бөөр хүлээжн өдөр хоногийг өнгөрүүлж байна. Харин донор олдох, шилжүүлэн суулгахыг хүлээж чадалгүй нас барж буй хүний тоо өдөрт 14-өөр хэмжигдэнэ гэсэн статистик бий. Гэхдээ энэ нь АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, тус салбарын үйлчилгээний чанартай холбоогүй. Шилжүүлэх суулгах бөөр нь л хүрэлцдэггүй гэсэн үг.
ДЭМБ, олон улсын эрүүл мэндийн судалгааны байгууллагуудын анхааруулж буйгаар, чихрийн шижин өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэдэнд шилжүүлэн суулгах бөөр хэрэгтэй. Магадгүй, нас дээр гарсан хүмүүс бол “Шилжүүлэн суулгах ч яамай, диализ хийлгээд хэдэн жил амьдарчихвал барав” гэж бодож болох ч бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн дийлэнх нь залуу, хийж бүтээх, амьдрах хүсэлтэй хүмүүс байдаг.
Одоогийн байдлаар, дэлхийн олон оронд эрхтний донор болоход мөнгө төлөх, авахыг хориглодог. Хэрэв мөнгө аваад бөөрөө, эсвэл өөр нэг эрхтнээ өвчтөнд шилжүүлэн суулгахыг хуулиар зөвшөөрчихвөл нийгэмд олон асуудал гарч ирнэ гэсэн болгоомжлолтой энэ бүхэн холбоотой. Тухайлбал, буурай орнуудын иргэдийг олноор авчирч, эрхтнийг нь үнэ цохин аваад буцаачих бүлэглэл, тогтолцоо бий болох магадлалтай.
Харин сайн дурын донорууд эрхтнээ шаналж буй хүмүүст өгөхийг олонх оронд хүлээн зөвшөөрдөг. Гэвч сайн дураараа, өрөөл бусдын тусын тулд ийм шийдвэр гаргах хүн төдий л олон биш. Тэр тусмаа, цөөнгүй оронд донор эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлөх ёстой гэсэн хууль бий. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын өмнө ба дараа донор эмчилгээ хийлгэж, дэглэм сахих хэрэгтэй. “Надад бөөрөө өгөөд мэс заслын дараа 6000 ам.долларын үнэтэй эмчилгээ өөртөө хийлгээч” гэдэг санал тавибал бидний хэд нь “Тэгье” гэж хариулах вэ?
Гэхдээ мөнгө болоод хүсэл байсан цагт шийдэл үргэлж олддог. Олон улсыг холбосон эрхтний хар захаас филиппин, пакистан, энэтхэг эсвэл өөр нэг орны хүний бөөрийг худалдан авч болно. Мэдээж хууль бус, дээр нь энгийн иргэд төлж чадахааргүй өндөр үнэтэй. Харин Иранд энэ асуудлыг арай өөрөөр шийддэг аж. Донорын эрхтэн солилцох гайхалтай тогтолцоог бий болгосныг нь мөнөөх л суртал ухуулгын сөрөг нөлөөнөөс болоод хүмүүс төдийлэн мэддэггүй ажээ. Бөөрний донорын тогтолцоог төлбөртэй болгосон бөгөөд хэдэн зуун байгууллага энд оролцдог. Тэрхүү байгууллагууд хэн нэгний бизнес биш. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөн, донор хоёрын хооронд холбоо тогтоож, гэрээ байгуулан, эрүүл мэндийн даатгалд аль алиныг хамруулдаг тогтолцооны ачаар хэдэн мянган хүний амийг аварсаар байгааг эрхтэн хууль бусаар наймаалахтай тэмцэгч Сигрид Фрай-Ривир онцолжээ. Энэ бүх үйл явцад гарах зардлыг гурван тал хариуцан гаргадаг бөгөөд донороос эрхтэн авч байгаа хүн хамгийн их буюу дунджаар 20 мянган ам.доллар төлнө. Бусад зардлыг төр, буяны сангаас гаргана.
Гэхдээ Иранд эрүүл мэндийн салбарын санхүүжилт бага тул зарим эмнэлгүүд нь эрхтэн шилжүүлэн суулгах нөхөцл муутай, тоног төхөөрөмж нь хуучирсныг тэрбээр мөн хэлж байна. Хамгийн гол нь тэнд бөөрөө бусдад өгөх хүсэлтэй олон олон хүн байдаг. Магадгүй, ийм л тогтолцоо одоогийн байдлаар хамгийн аюулгүй, ашиг тусаа өгнө гэж шинжээчид үзэж буй юм. Нөгөө талаас, зөвхөн мөнгө авахын төлөө биш бусдын тусын тулд бөөрөө өгдөг донорууд тэнд олон. “Бусдад тус хүргэх нь буян” гэдэг ойлголт иранчуудын хувьд чухал хэвээр байгаа тул мөнгөнөөс илүү сэтгэлээрээ ханддаг гэнэ. Тиймээс л бөөр авсан, бөөрөө өгсөн хүмүүс хоорондоо танилцаж, заримдаа найз нөхөд болцгоох нь олонтаа. Бөөрөө өгч буй хүмүүсийн хувьд авсан мөнгөөрөө үр хүүхдээ сургах, амьдралаа дээшлүүлэх нь цөөнгүй тул товчхондоо тэд бие биедээ харилцан тусалдаг болж таарна.
Иранд хурим хийх өндөр өртөгтэй тул залуу хосууд гэрлэх ёслолоо сайхан хийх, гэр бүлдээ зориулан байшин барихад шаардлагатай мөнгө олох гэж бөөрний донор болох нь эрс нэмэгджээ.
Ираны эрхтэн шилжүүлэн суулгах эл тогтолоцооны тухай Сигрид Фрай-Ривир ном бичсэн бөгөөд энэ тухайгаа анагаах ухааны сэтгүүлүүдэд хэсэгчлэн хэвлүүлжээ. Хэдийгээр хүмүүс өөр өөрийн хүсэл, шаардлагаар донор болдог ч тэдний дунд сэтгэл хөдлөм, энэрэл нинж, хайрыг илэрхийлсэн түүх ч таарна.
Эхнэр нөхөр хоёр автомашинтай явж байгаад осолд орж. Бүсгүй гэмтэл авч, хараагүй болсон бөгөөд нөхөр нь өр тавьж, хувийн эмнэлэгт өндөр зардлаар хагалгаа хийлгээд ч тусыг эс олов. ХБНГУ-д хагалгаанд орох хувилбар үлдсэн бөгөөд залуу эхнэрийнхээ төлөө бөөрөө зарсан байна. Эгчиийнхээ гурван өнчин охиныг асран халамжилдаг залуу тэдэнд боловсрол эзэмшүүлэх, сайн сургуульд сургахын тулд бас бөөрний донор болжээ.
Ираны донорын эл тогтолцоог эхэндээ хүмүүс шүүмжилж, эсэргүүцэж байсан ч тэд зориглов. Харин гаднын иргэд тэндээс бөөрний донор олохгүй. Гадаадуудад бөөрөө зарахыг хуулиар хориглосон. Хэрэв гадаадын иргэдэд бөөр зарахыг зөвшөөрвөл эрхтний наймааны сүлжээ тэнд хөл тавьж, үүнийг дагаад хууль бус үйлдлүүд, хүний хулгай газар авна гэсэн болгоомжлолтой энэ нь холбоотой аж.
Х.ИНГА
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл