Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид хойд хөршид зочилж байгаа. Монголын Зэвсэгт хүчний дайчид ялалтын парадад оролцож буй гээд бахархах зүйлс олон. Энэ жилийн ялалтын сүрт жагсаалд 200 гаруй цэргийн тээврийн хэрэгсэл, 150 нисэх онгоц, 14 мянган цэргийн албан хаагч оролцож байгаагийн дотор гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчид Ялалтын баярын жагсаалд оролцоно гэсэн мэдээ байна. Нийт 63 орны төрийн тэргүүнд урилга илгээснээс 27 орны төрийн тэргүүн Москвад очоод байгаа гэхчилэн олон сайхан мэдээлэл ирээд байна. Товчхондоо бол дэлхий нийт тэр чигээрээ Москвагийн зүг ширтээстэй энэ өдөр Оросууд зочиддоо ямар сюрприз барих бол гэсэн хүлээлт ч байна.
Таван жилийн өмнө буюу ялалтын 65 жилийн ойн баяраар оросууд зочдоо фронтын нормоор дайлсан юм. Ойн баярт оролцож буй Төрийн тэргүүнүүд болон хэвлэл мэдээллийнхэн, зочид төлөөлөгчдөд 100 гр водка, гахайн өөх, нэг зүсэм хар талхыг дашмаг хэлбэрт тавган дээр тавьж өгсөн нь фронтын дайчдын норм байжээ. Эх орныхоо төлөө тэмцэж явсан дайчдын нэг өдрийн нормыг Москвад очсон хүн бүр амссан гэдэг. Харин 70 жилийн ойн баяраар ямархан бэлэг хүлээж байгаа бол…
М.СУРА