-Миний хувьд онгод хийморь,сайн сайхан,залуу нас,гэрэлт ирээдүй,анд нөхөр,хайр дурлал,аз жаргал, мөрөөдлөө мөнгө эд хогшилд бус яруу найрагт,утга зохиолд үлдээсэн маань туйлын аз-
МЗЭ-ийн шагналт,яруу найрагч,сэтгүүлч Д.Ган-Очирыг амралтын өдрийн ярилцлагынхаа хойморт урилаа.Тэрбээр саяхан яруу найргийн “Бясалгагч шүүдэр” шүлггийн түүвэр болон дууны шүлгийн боть ном “Дуурсахуй” –гаа хамтад нь хэвлүүлж уншигч олондоо өргөн бариад байна. Түүнийг би олон жилийн өмнөөс мэднэ. Ярихаасаа илүүтэй чимээгүй хийж бүтээж,нөхөрлөж,уулзаж явдаг нэгэн. Даруу, өөрийгөө уран бүтээлээрээ харуулахыг хичээдэг гэх энэ эрхмийг уншигч тантай уулзуулж байна.
-Хоёрын хоёр ном баринтаглаад уншигчдадаа өргөн барилаа. Ном бүтээхийн жаргалыг хэрхэн үнэлэх вэ. Ном бүтээж, уран бүтээл туурвиж үзээгүй хүн бол мэдэхгүй л дээ?
-Хүн хийе,бүтээе гэж оргилсон үедээ, дэвэрсэн их сэтгэлийн хөдлөлөө “юм” болгож байхгүй бол тэгж байгаад болно оо гэж хойш тавьсаар байтал олон ч сайхан цаг хугацааг алдсан юм уу даа гэж бодогддог. Номыг үйлдвэрлэдэг нэг хэсэг байхад зохиож бичдэг нь бас байх. Нэг хэсэг нь ашиг орлогын төлөө байдаг бол амьдралд үлдэхийн төлөө зорьдог ч нэг хэсэг байх. Ном бүтээж туурвихын зорилго чиглэл олон янз. Миний хувьд сүүлийн 20 гаруй жил Монголын утга зохиолын эд эс болон хөдөлмөрлөхдөө онгод хийморь,сайн сайхан,залуу нас,гэрэлт ирээдүй,анд нөхөр,хайр дурлал,аз жаргал, мөрөөдлөө мөнгө эд хогшилд бус яруу найрагт,утга зохиолд үлдээсэн маань туйлын аз бас зорилго болжээ.Ийм л учиртай хоёр номоо сарын зайтай гаргалаа. Гэхдээ энэ хоёр ном өнгөрсөн жилээс миний хувийн төлөвлөгөөнд орчихсон байсан.
-Номын нэрүүд чинь их сонин бас содон санагдлаа. Нууцыг нь тайлбал..?
-Соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа ах бол утга зохиолын том төлөөлөгч. Энэ хүнтэй нэгэн уулзалт дээр таарч хөөрөлдөх завшаан тохиосон юм. Тэрбээр намайг “Ган-Очир оо, чи одоо сэтгэлгээний хувьд зогсох гээд байна шүү, зэн буддизмын номууд уншаарай.Тэнд их гоё юм бий”гэж хэлсэн.Уншлаа,мэдэрлээ,ойлголоо. Миний хайж байсан бүх санаа бодлууд байна аа,байна.Бас дээрээс нь хуучин бүх бодлуудаасаа,санаа,бичлэг арга барилаасаа зугтлаа. Нэг ёсны уран бүтээлч хүн өөртөө дахин шинэчлэл хийж байхгүй бол өөрийгөө давтаад ирвэл өвгөрч буйн шинж.Эндээс л эхэлж шинээр дотоод ертөнцөө шинээр нээж бичсэн.
”Бясалгагч шүүдэр”гэдэг нэрийн хувьд гүн агуулга шингээсэн нэр. Энэ нэрэн дотор найман хэвлэлийн хуудас шүлгүүд бүрэн утгаараа багтаж байгаа. Дуун боть буюу ”Дуурсахуй”номын хувьд дууны уран бүтээл хийгээд бас л олон жил болжээ. 200 гаруй шүлгүүдээ нэгэн ном болгон баринтагласан. Яагаад эртнээс боть ном гэж нэрлэв гэхээр Монголын рок-поп урлаг маань залуу урлаг. Энэ урлагт 20 жил дууных нь шүлэг бичиж явна гэдэг бас ч үгүй хугацаа юмуу даа гэж бодсон хэрэг. Ер нь цаг хугацаанд өөрийгөө эмхэлж,цэгцэлж ном болгон тухайн үед нь үлдээж явбаас хожим уймраад сууж байхгүй амар юм биш үү. Ирээдүй хойчид миний ном дуурсагдаасай гэж ерөөн эмхэтгэн баринтагласан хэрэг.
-Яагаад бусад шиг тайлан тоглолт хийж болдоггүй юм бэ. Өөрийн чинь шүлгээр бүтсэн дуунууд хэдэн концерт болохоор юм шиг санагддаг?
-Хүмүүс дандаа л ингэж асуудаг.Камертон хамтлаг миний тоглолтонд ирж дуулж өгнө гэвэл концерт хийж болноо. Гэвч тэд чинь салж,нийлээд учир нь олдохгүй юм. Хэд хэдэн удаа санал тавиад дандаа цааргалсан хариу сонссон. “Гадаад явлаа” гэхчилэн олон шалтаг шалтгаан хэлээд дэмий юм билээ.Д.Болд,Г.Эрдэнэбат,Л.Ган-Эрдэнэ рүү ярьж үзсэн.Олон хүн гуйгаад хашраацан юм уу, хэцүү.Тэгээд заал,танхимын түрээс,орой нь хүлээн авалт гээд өчнөөн зардал.Над шиг лизенгийн байранд амьдарч байгаа хүнд ямар бололцоо байх вэ дээ.Ер нь хүний бүтээлээр амьдраад сайн сайханд хүрсэн бол бас эргээд бас найз нөхөр гэсэн хүнээ таньдаг, мэндтэй устай, тустай дэмтэй явмаар хүмүүс мэр сэр бий л дээ.Энэ болгоныг дахиад дурсаад байх хэрэгтэй ч юм уу,үгүй ч юм уу бүү мэд. Ер нь Монгол хүн их хэврэг болжээ л гэж дүгнэмээр санагддаг. Монгол хүмүүн өс бус тус санаж амьдарваас насан уртасна. Миний хувьд гомдоод ч байх хаашаа юм. Хүний мөн чанарыг ойлгохын хэрээр гомдол бол эр хүний сул тал буюу гэж бодох болсон учраас хойшдоо хүмүүс ийм асуулт надаас асуухаа боливол яасан юм бэ гэж хэлмээр санагдчихлаа.
-Монгол хүн хэврэг болжээ гэж юунаас болж бодох болов?
-Өглөө нүдээ нэээгээд л кино шиг баяжихын өвчин тусаж байна. Амьдрал кино биш шүү дээ. Алдар гавьяа,нэр төр,ашиг орлого гээд үүний төлөө хүнээ байж байгаа хүн чөтгөрүүд Монголд маш элбэг болж,арай ч ийм байгаагүй. Монгол хүний ханш, яг төгрөг шигээ уначихаж. Хүн чанар гэж ярих ч юм биш. Би энэ болгоныг яриад яахав дээ.Тэртээ тэрэнгүй төр засаг нь дампуурчихаад ард олон нь араатан шинжиндээ орчихоод байхад би өөрөө яаж хүн шиг байхаа л бодож, шүлгүүдээ бичиж өөрийгөө хүн яигээр нь хадгалж сайн сайхан үгээр гэр бүлээ дайлж л амьдран сууна.
-Одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?
-Төрийн албанд ажиллаж байтал бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас минь гаргачихсан. “Монголчууд” гэдэг танин мэдэхүй, уран сайхны сэтгүүл сар бүр гаргах гээд зүтгүүлж, өөрөө өөртөө ажлын байр гаргаад явж л байна.
-Ярианаас тань бухимдангуй өнгө аяс цухалзаад байх юм. Ингэх шалтгаан гараад байна уу?
-Уг нь улс төрийг хуульч,улс төрчид,хүн чанартай хүмүүс, эх орноо гэсэн хүмүүс хийх ёстой гэж боддог байсан. Нэг удаа намайг О.Дашбалбар ах “Чи улс төрд орохгүй, яахын гээд биеэ тоогоод байна уу, удахгүй чамаар улс төр оролдоно оо” гэж хэлж байсан одоо л орой руу орж байх шиг. Ирээдүйнхээ төлөө явахгүй бол горьгүй боллоо. Алийн болгон шүлэг,утга зохиол гээд гүйгээд байхав,би чинь иргэнийхээ үүргийг маш сайн ойлгодог хүн шүү.
-Тэгэхээр улс төрд хүч үзэх санаатай байгаа гэсэн үг үү?
-Өө яалаа гэж. Шударга үнэний талд л дуу хоолойгоо өргөх хүсэлтэйгээс бус улс төр гэх бохир ертөнц рүү өнгийх ч юм биш.
-Хоёул үндсэн сэдвээсээ нэлээд хадуурлаа. Улс төр багагүй ярилаа. Харин одоо эл,утга зохиолын талаар хэлэлцвэл ямар вэ?
-Монгол хэл даяаршлын давалгаанд алгуур бус маш хурдтай мөхөж байна шүү. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бараг 90 хувь нь ичгүүргүйгээр гадаад хэлийг импортолж байна. Солонгос хэмээх солонго шиг улсын үзэл суртал маш хүчтэй орж ирж байна. Америкийн бодлого ойлгомжтой. Дөнгөж саяхан гурван саяд хүрсэн цөөхөн монголчууд бид үнэндээ тарамдаж байна. Ганц Төрийн хэлний зөвлөл хүчрэхгүй л сууж байна. Утга зохиолд зүтгэх дараа үеийн хүрээ нь хумигдаж байна. Яагаад вэ гэвэл ажлын байр байхгүй. Мань мэт нь хувь заяагаараа учирчихсан хүмүүс учраас яаж ч чадахгүй хий агаар самардан, дуртайдаа л гүйж явна. Зохиолч,яруу найрагчдад хуучин мэргэжлийн зохиолчын цалин гэж өгөөд уран бүтээлээ хийдэг,улс номыг нь хэвлээд шагналыг өгдөг байсан.Одоо шууд гудамжинд. Гудамжинд гарсан хүмүүс яахав шууд архитай л нөхөрлөсөн гашуун түүх бий. Би л ил хэлж байгаа болохоос оюун санааны том зүтгэлтнүүд бүтээл туурвил,номоо гаргах гэж амьтан царайчлаад л явж байгаа нь зөндөө.
–Номынхоо тухай яриандаа эргээд орох уу?
-Номыг минь ивээн тэтгэсэн бүх хүмүүстээ баяраллаа. Аав ээжийн минь буян,хүмүүстэй сайхан нөхөрлөж явдгийн буянд өдий зэрэгтэй л явна. Хүн хүнээр дутдаг шүү гэдгийг би маш сайн ойлгосон. Монгол хэлний оройн дээд титэм нь яруу найраг гэдгийг л хэлмээр санагдана. Зарим хүмүүс алдар хүнд, албан тушаалын оройд гарахаар тэнгэрийн амьтан болчих юм. Ядаж ширээн дээрээ Монголын нууц товчоо,Я.Цэвэлийн ногоон толь бичиг тавьчихаад би монгол хүн гээд сууж байвал сайн сан.
-Ном хэзээ худалдаанд гарсан бэ?
-Хэдхээн хонож байна. Нутаг руугаа явж уран зохиолыг угжин зааж өгсөн багшдаа номынхоо дээжийг барина. Ах дүү нартайгаа уулзаж ном бэлэглэнэ. Дорнод руугаа удахгүй явах бодолтой байгаа. Д.Нацагдорж гуай “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэдэг шиг “Бясалгагч шүүдэр”яруу найргийн түүвэр,”Дуурсахуй” дуун ботио ачаалаад төрсөн нутагтаа очно доо. Намайг очихоор нутгийнхан хөл хөөрцөг болдогт би ихэд баясдаг. Нутгаа саначихсан очихоор бүүр ч их сэтгэл хөдөлнө. Нутгийнхаа овоо дээр гарч, хоёр номоо барина аа.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА
Монгол хэлээ магтахуй
Аялгуу сайхан монгол хэлний
Айзам хэмнэлийн ундрага нь
Адуундаа явсан аавын минь
Бодол дотор төгөлдөршиж
Уянгат монгол хэлний
Уран яруу булаг нь
Үнээндээ гарсан ээжийн минь
Бүүвэй бодолд нь зөөлөрдөг.
Санаанд нь чангарч
Бүүвэйнд нь эгшиж
Аман билгээр үржин
Амар амгалангаар тэлхэж
Уянгат монгол хэл минь
Уртын дуу шиг цартай
Ургаа хад шиг цултай
Уул ус шиг ариун буюу.
Үсэг амилуулж тодрох
Үйлийн барилдлагатай
Үг үгнийхээ цаана
Ухаан зөөж утгаших
Ярих нь хүртэл дуу шиг сонсогдох
Яригдах нь хүртэл сургааль шиг дуулдах
Ямагт тархинд тэлэх үгсийн арвин далай
Яруу монгол хэлээрээ
Яруу найраг бичиглэх
Ямар их хувь тавилан
Явуухан хорвоод заяагаа юм бол оо.
Хэлний минь аялага дөрвөн зүгтээ
Хэнтий,Хангай,Саяны өндөртэй.
Хэлний минь хэмнэл нь
Хэрлэн,Онон,Туулын чимээтэй.
Оюун билгээрээ баринтаглаж
Он онд өвлүүлэн нүүдэллэсэн
Орчлонгийн оройн билэгт мэргэд л
Ончирсон ухааныг сударлах увидастай.
Цэцэн билгээрээ цээжээн дүүргэж
Цэнгэг агаарт чөлөөтэй задлах
Миний Монгол хэл-Сансарын зайд ч нэршилтэй.
Миний Монгол хэл-Газрын үндсэнд ч ургаастай.
Дүрслэх ухааны түмэн шидийн хувиралтай-Монгол хэл мину
Дүүрэн санааг нилэд нь буулгах цаглашгүй-Монгол хэл мину
Эргэх цэнхэр гараг бүхлээрээ багтах
Энэ биенд бүхлээрээ нэвтэрсэн
Үгсийн далайн баялаг сан
Үүрдийн Монгол хэл минь
Хоосон бүхэнд хоосрошгүй
Хоосон дотор дүүрэн бөлгөө.
Зүүд цуглуулагч
Х.Лхагвасүрэн-д
Сайн, муу хоёр
Садан төрөл юм.
Арга, билэг хоёр
Ах дүүс юм
Эерэг, сөрөг хоёр.
Эгч дүүс юм.
Наран,саран хоёр
Найз нөхөд юм
Буруу, зөв хоёр
Бурхан чөтгөр юм.
Хар, цагаан хоёр
Хагацашгүй анд юм.
Байна, байхгүй хоёр
Барьцалдсан утга юм.
Хатуу,зөөлөн хоёр
Хамгийн зөв нь юм.
Халуун, хүйтэн хоёр
Эв эе юм.
Давс,чихэр хоёр
Дандаа цугтаа юм.
Унтах сэрэх хоёр
Угтаа нэг юм.
Дайсан, нөхөр хоёр
Дасах тавилан юм.
Учирахуй,хагацахуй хоёр
Уул ус юм.
Ядуу, баян хоёр
Ямагт зовлон юм.
Янаг, амраг хоёр
Явуулын хүн юм.
Өгөө , аваа хоёр
Өршөөл хилэн юм.
Хонзон, уучлал хоёр
Хойшдын хугацаа юм.
Дурсах, мартах хоёр
Хүмүүний сэтгэл юм.
Дуу, шүлэг хоёр
Дуусашгүй үргэлжлэл юм.
Эхлэл, төгсгөл хоёр
Энэ дэлхий юм.
Эргээд бүгдийг бодохоор
Хоёр туйлт ертөнц юм.
Хоёр туйлт ертөнц нь
Хоосон чанар болой.