Улаанчулуут. Энэ нэрийг нийслэлчүүд хогийн цэгийн байршил гэдгээр илүү сайн мэднэ. Гэхдээ үүнийг бас мэдэхгүй нэгэн байгаа. Нийслэлийн зургаан дүүргээс өдөр бүр гарсан хог хаягдал Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах Улаанчулуутын хог цэг дээр ирдэг аж. Улаанчулуутынхан гэж нэрлэгдсэн энэ газраас олон мянган иргэд амьдралаа залгуулж байна. Гэр бүлээрээ, эсвэл ах дүүсээрээ гээд хог түүж, өдөр хоногийг өнгөрүүлж буй олон иргэд энэ орчимд аж төрсөөр удаж байгаа. Тиймээс Улаанчулуутынханд туслах аян өрнөсөөр байдаг.
Нийслэлд зургаан салбартай “Амила” цэцэрлэгийн хамт олноос өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах "Нарны хүүхэд" цэцэрлэг, "Зүрх бидний төлөө" төслөөр баригдсан сургалтын төвд хандив өргөсөн юм.
2006 оноос эхлэн Улаанчулуутад амьдрах иргэдэд тусалж байгаа А.Баасандорж гэх залуу энэ бүх үйл ажиллагааг эхлүүлжээ. "Нарны хүүхдүүд" цэцэрлэгийг Канадын хөрөнгө оруулалтаар, "Зүрх бүхний төлөө" аяны хүрээнд Гавьяат жүжигчин И.Одончимэгийн санаачлагаар Мобиком корпораци ивээн тэтгэж, хүүхдийн сургалтын төвийг барьсан байна.
Одоогоор "Нарны хүүхдүүд" цэцэрлэгт зорилтот бүлгийн болон Улаанчулуут хогийн цэг дээр ажилладаг иргэдийн хүүхдүүд болох 125 хүүхэд үнэ төлбөргүй хүмүүжиж байна. Мөн 6-14 насны багачуудад боловсрол олгох сургалтын төвд ч олон хүүхэд хамрагдаж, хичээлийн хоцрогдол болон өөрийгөө хөгжүүлэх ангид хичээллэдэг аж.
Ингээд Нийслэлийн хувийн хэвшлийн тэргүүний “Амила” цэцэрлэгийн ерөнхий менежер Ж.Тунгалагтай ярилцлаа.
-Яагаад та бүхэн Улаанчулуутын дэргэдэх цэцэрлэг, сургалтын төвийг онцлох болов?
– "Амила" цэцэрлэг дөрөв дэх жилдээ сайн санааны үйлсийг зохион байгуулж байна. Манай хамт олон эцэг, эхтэйгээ хамтраад хоёрдахь жилдээ хийж байна. Энэ жил бид Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн дэргэдэх цэцэрлэг, сургалтын төвийг сонголоо. Гол нь энэхүү цэцэрлэг, сургалтын төвийг энд байгуулах санааг гаргаж, хэрэгжүүлж байгаа А.Баасандорж гэдэг залуутай холбогдож, туслахаар шийдсэн. Тэрээр өөрөө эмзэг бүлгийн амьдралыг туулсан хүн юм билээ. Тиймээс түүний сайн үйлсийг хараад бид тусламж хүргэхээр шийдсэн юм. Энэ удаа “Амила” цэцэрлэгийн зургаан салбарын 500 гаруй хүүхэд, тэдний эцэг эх, 80 гаруй багш ажилчид энэхүү сайн санааны аянд нэгдлээ. Бид хандиваа хувцас, хүнс, хичээлийн хэрэглэл, бичиг хэрэг гэсэн сэдвээр бэлтгэсэн.
-Та нар энэхүү хандиваараа нэг байшинг янзалж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлээч.
-Бид цэцэрлэг, сургалтын төвд хувцас, хичээлийн хэрэгслэлээс гадна юу хэрэгтэй байгааг лавлаж асуусан байгаа. Бодит хөрөнгө оруулалт хийе гэж үзээд энд байгаа байшинг тохижуулан өгөхөөр болсон. Сургалтын төвийн хажууд нэг хоосон байшин бий. Уг төвийнхэн энэхүү байшинг худалдаж авсан ч тохижуулж амжаагүй байсан юм билээ. Хүүхдийн боловсролд анхаараад зогсохгүй гэр өнжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа энэ хамт олонд "Амила" цэцэрлэгийн хамт олноос тохижуулан өгч байна. Хүүхдүүдийн цай хоолыг бэлтгэдэг эгчтэй ярихад боорцог хайрч өгвөл амар байдаг гэсэн. Магадгүй цаашид энэхүү байшин хүүхдүүд цай, хоолоо иддэг сайхан тохилог орчин болоосой гэж хүсэж байна.
-Та бүхэн дөрөв дэх жилдээ энэхүү сайн үйлсийг аянг хийж байна гэлээ. Урьд жилүүдэд ямар сайн үйлсийг хийж байв?
-Энэ жилийн сайн үйлсийн аян маань Улаанчулуутын хажууд байрлах цэцэрлэг, сургалтын төвийн үйл ажиллагаанд туслах зорилгоор үргэлжиллээ. Харин өмнөх жилүүдэд н.Тунгалаг захиралтай асрамжийн 53-р цэцэрлэгт багш, ажилчид, хүүхдүүдтэйгээ хамтраад үйл ажиллагаа явуулж байсан. Мөн хөл болон нүүрэндээ хавдартай хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлсэн байгаа.
-Өнөөдөр(өчигдөр) та бүгдийг энд ирэхэд хүүхүүд яаж хүлээж авч байна. Цэцэрлэг, сургалтын төвийн үйл ажиллагаанд их олон хүн оролцож байгаа харагдлаа.
-Бид энд ирэхээсээ өмнө хүүхдүүдтэй уулзсан. Тэр үед хичээлд хамрагдаад олуулаа байсан. Харин өнөөдөр хичээл тарсан хойно хүрээд ирлээ. Мөн унтлагын цаг таарчихлаа. Хүүхдүүд баяртай байна. Алслагдсан тэр дундаа Улаанчулуутын хогийн цэгийнхэн гэж өсөхөөсөө эхлээд нэрлэгдсэн эдгээр хүүхдүүдийн боловсролд анхаараад энд багшилж байгаа багш нарт талархаж байна. Багш гэсэн тэр хүний сэтгэлээр өвөл, зунгүй хуваарьт хичээл орж, хүүхдийн боловсролд анхаарч байгаа тэднээр бахархаж байна. Цэцэрлэг, сургалтын бүх хамт олонд “Амила” цэцэрлэгийн хамт олноос хүүхдийн төлөө хийж байгаа энэхүү сайхан ажилд нь улам их амжилт хүсье. Бид зургаан салбарынхаа эцэг, эхийн төлөөлөлтэй ирсэн. Тэд бас гэр хорооллын амьдралтай бага ч болов танилцлаа. Цаашид энд улам их сайхан үйлс болж, хог түүдэг хүүхэд бүү байгаасай гэж хүсэж байна.
ХОГ ТҮҮЖ ОРЛОГОТОЙ БОЛНО ГЭЭД ХИЧЭЭЛЭЭ ТАСЛАХ ХҮҮХДҮҮД ОЛОН
“Зүрх бүхийн төлөө” аяны хүрээнд Гавьяат жүжигчин И.Одончимэгийн санаачилгаар “Мобиком” корпорацийн санхүүжилтээр ивээн тэтгэж энэхүү сургалтын төвийг 2014 онд байгуулжээ. Тус төвөөр хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгах, шинэ зүйл сурах, мөн огт сургуульд суугаагүй хүүхдүүд бичиг үсэг заах гээд үйл ажиллагаа явуулж байна. Мөн боловсролын түвшин тааруу эцэг, эх ч хамрагддаг байна.
Тус төвд багшилдаг Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн багш Х.Дэлгэрцэцэг, Б.Доржнамжил нарын сэтгэгдлийг сонслоо. Тэд “Бидний хувьд монгол хэл, физикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа ордог. 2014 оны 11-р сараас эхлэн 1, 5 дахь өдрүүдэд зааж байна. Энэ хугацаанд харж байхад сурах сонирхолтой маш олон хүүхэд байна. Мөн сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй, бичиж дадлагажаагүй хүүхдүүд ч байна. Ерөнхий боловсролын сургуульд яваад давхар сургалтад хамрагдаж, цааш улам сайн суралцах эрмэлзэлтэй олон хүүхдүүд бий. Мөн насанд хүрсэн ч хүн ирнэ. Зарим хүүхдүүдийн хувьд хичээл хийхээсээ илүүтэй хог дээр очиж мөнгөн олох хүсэлтэй байдаг бололтой. Одоо урин дулаан цаг болоод ч тэрүү сургалтад ирэх нь багасаад хог түүж, мөнгө олно гэсэн хүүхдүүд их байна. Бидний хувьд аль болох хүүхдүүдэд сурах хүсэл эрмэлзлийг төрүүлж, эрдэм номтой болж, тэр хогийн цэг рүү бүү яваасай гэж л хүсэж байна." гэсэн юм.
ХҮҮХДҮҮД ХАЙРЫГ АВАХЫН ТУЛД ГЭР БҮЛД ИРДЭГ
“Харилцааны хөгжил төв” болон “Нарны хүүхдүүд” Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Алгаагийн Баасандоржтой ярилцлаа. Тэрээр бусдад тусалсан, аз жаргал бэлэглэсэн, амь насыг нь аварсан сайн үйлсийнхээ төлөө хэзээ ч хариу нэхдэггүй ард түмний баатруудыг тодруулдаг “Энэ цагийн эгэл баатар-2014”-ийн эзнээр тодорч байжээ.
-Сургалтын төв, цэцэрлэгийн үйл ажиллагааг Улаанчулуутын хажууд барихад амаргүй. Магадгүй та төрөөс санхүүжилт авалгүй энэ бүгдийг хийжээ. Эндээс яриагаа эхлэх үү.
-Би өөрөө их хүнд амьдралаас өсч гарсан хүн. Амьдралын их бараан түүхүүдийг мэднэ. 2006 оноос эхлэн сайн дурын үйл ажиллагааг хийж байна. Тухайн үед Дэлхийн зөн олон улсын байгууллагад сайн дурын ажилтан хийж байсан. Бид 2006 онд Улаанчулуутад хоёр машин будаа тарааж байсан юм. Тэгсэн бидний тооцоолж байснаас илүү олон хүн ирээд будаа маань хүрэлцээгүй. Гэтэл нэг 60 гаруй насны эмгэн миний толгой руу цохиод “надад будаа хүрсэнгүй” гэж билээ. Энэ үгийг сонсоод миний зүрх сэтгэл энд байгаа хүмүүст цаашид туслах хэрэгтэй юм байна гэсэн тэмүүлэлтэй болсон. Тэгээд анх гэр цэцэрлэгийг барьж, энэ маань улам сайхан өргөжөөд 2013 онд хоёр давхар байшинтай боллоо. Энэ бүх сайхан сэтгэлтэй хүн бүгдийн тусламж юм шүү.
-Мэдээж энэ бүгдийг олон хүний сэтгэлийн хандиваар босгосон байна. Таныг энэхүү төвийг байгуулахад ямар компани, хүмүүс тусалж байв?
-Хүүхдүүд хайрыг авахын тулд гэр бүлд ирдэг. Гэтэл цэцэрлэг, сургуульд явж чадахгүй маш олон хүүхэд тэрхүү хогийн цэг рүү явахаас аргагүй болж байна. Хүүхдийг тэр зүг рүү явуулахыг хүсээгүй. Бас хүүхдүүдэд цэцэрлэгийн хүмүүжлийг олгох хүсэл маань биелэсэн. Энэхүү хоёр давхар цэцэрлэгийн барилгыг Канадын хөрөнгө оруулалтаар 2013 онд барьж өгсөн. Харин цэцэрлэгийн төвийн халаалтыг шийдэхэд Монгол ТВ-ийн захирал Ч.Номин 15 сая төгрөгийг гаргаж, тусламж хүргэсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааг англи хэлний багш Канадын иргэн Жулия багш удирдан явуулдаг. Мөн энэхүү цэцэрлэг, сургалтын үйл ажиллагааг явуулахад СХД-ийн 21-р хорооны Засаг дарга Төмөрбаатар, дүүргийн ИТХ-ын дарга Нямбаатар гээд маш олон хүний дэмжлэг бий. Энд маш олон хүн зүрх сэтгэлээрээ хандаж байгаа болохоор манай төвийн үйл ажиллагаа улам гэгээлэг сайхан байна. Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас нэг эмээс хоёр шуудай боорцог хайрах шар тостой хүртэл ирж байхыг харахад үнэхээр сайхан байсан.
-Цэцэрлэг болон сургалтын төвд хичнээн хүүхдүүд явж байна вэ?
-"Нарны хүүхдүүд" цэцэрлэг үнэ төлбөргүйгээр 125 хүүхдийг авч хүмүүжүүлж байна. Одоогоор цэцэрлэгт бүртгэлтэй 1000-аад хүүхэд бий. Гэхдээ бид амьдралын боломж тааруу, эцэг, эх нь хогийн цэг дээр ажилладаг хүмүүсийн хүүхдүүдийг сонгож авсан. Улсаас 50 хүүхдийн зардлаар хувьсах зардал орж ирдэг. Гэхдээ энэ бол хүрэлцэхгүй. Тиймээс бид тусламжийг хайдаг. Тэр хэрээр ард түмний зүрх сэтгэлээр ажил маань урагштай явж байна. Мөн үүний зохих хувийг Жулия багш маань гаргадаг. Мэдээж хүүхэд бүрийг тав тухтай орчинг мэдрүүлэх гэж багш маань их хөдөлмөр зарж байна. Энэхүү цэцэрлэг, сургалтын төв маань маш олон хүмүүсийн дэмжлэг, тусламжаар бүтэж байгаа болохоор их үр дүнтэй. Гол нь хогийн цэгээс гэртээ ирэхэд хүүхэд нь инээд хөөртэй угтсан тэр л мэдрэмжийг хүмүүст өгөх зорилготой юм.
-Сургалтын төвийн үйл ажиллагааны талаар илүү тайлбар юу?
– 2014 онд “Зүрх бүхний төлөө” аяны хүрээнд Гавьяат жүжигчин И.Одончимэгийн санаачлагаар Мобиком корпораци ивээн тэтгэж, энэхүү сургалтын төвийг байгуулсан. Одоо ч бид И.Одончимэг жүжигтэнтэй байнга холбоотой байдаг. Мэдээж тэр хүний дэмжлэгээр энэхүү төв баригдсан. Тэр хүн маш их санаа тавьдаг. Энэхүү төв Улаанчулуутад байгаа 6-14 насны хүүхдүүдэд цаашид өөрийгөө хөгжүүлж, сурахад нь тусалж байна. Энд 10 жилийн боловсролыг үнэгүй олгодог. Саяхан Хөдөлмөрийн биржээс 10 хүүхдийг сургаж, барилгын дотоод засал чимэглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй болголоо. Мөн англи хэл, компьютер, шатар, даам гээд төрөл бүрийн дугуйлан ажиллаж байна. Цаашдаа спорт цогцолбор зэрэг илүү том зүйлийг хийх хүсэлтэй байна. Энд байгаа 14-ээс дээш насны хүүхдүүд архинд орох, гэмт хэрэгт холбогдох болон биеэ үнэлэх охид хүртэл байдаг. Тиймээс бид хүүхдийг тийм зүйлд оруулахгүйн тулд цэцэрлэг болон сургалтын төвийн үйл ажиллагааг явуулж, цаашид улам сайн өргөжүүлэх бодолтой байна.
-“Амила” цэцэрлэгийн талаар юу гэж хэлэх вэ?
-Улаанчулуутын дэргэд байгаа цэцэрлэг, сургалтын төвийг сонгож ирсэн энэ хамт олонд бэлэг авсан хүүхэд бүрийнхээ эцэг, эхийн өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна. “Амила” цэцэрлэгийн эрхлэгч надруу утасдаад бид маш олон газар сайн үйлсийн аянг хийж байсан. Энэ удаа зургаан салбарынхаа эцэг, эхтэй хамтраад танай хамт олонд туслахыг хүслээ гэсэн юм. Би үүнийг маш баяртайгаар хүлээж авсан. Тэр олон эцэг, эх, ажилчид, хүүхдийн бэлгийг өнөөдөр хүүхдүүд маань аваад баяртай байна. Хогийн цэгээс орой гэртээ харихад хүүхэд нь баяр хөөртэй, шинэ бэлэгтэй угтаж байхад тэр эцэг, эхэд ч гэсэн сайхан мэдрэмж төрнө шүү дээ. Маш олон гайхамшигтай зүйлс болоосой. Монголын нэгээхэн хэсэгт хүрэх зүйл нь эзэндээ очоосой. Хүүхэд бүр гэрэл гэгээтэй, аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.
ГАШУУН ҮНЭН Ч ХОГ ТҮҮДЭГ БАЙСАН
Энэ үеэр “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаа Б.Сүнжидмаагийн сэтгэгдлийг сонслоо. Түүний хувьд хогийн цэг дээр 10-аад жил хог түүхдээ хань ижлээ алдаж, дөрвөн хүүхэдтэй үлдэж байсан нэгэн. Б.Сүнжидмаа эгч "Нарны хүүхдүүд” Төрийн бус байгууллагаас явуулсан цэцэрлэгийн багшийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болж, тус төвдөө багшилж байна.
-Би Улаанчулуутад 2004 онд суурьшсан. 2013 оноос энэ цэцэрлэгт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байна. Энэ цэцэрлэгийг гэр цэцэрлэг байхаас мэднэ. Одоо хоёр давхар болоод улам их олон хүүхэд хүмүүжиж байна. Тэдний дунд миний ач яваа. Би үүнд үргэлж талархаж байдагийн. Яагаад гэхээр Улаанчулуутад маш олон хүүхэд хэцүү байдалтай байна. Мөн цэцэрлэгийн өмнөх боловсрол эзэмшиж чадаагүйгээс олон хүүхэд сургуульд орох нь хүнд болж байна. Хүүхдүүд эндээс маш их зүйлийг сурч байна. Эдгээр хүүхдүүд зөв хүмүүжилтэй болж, сайхан зүйлд хүрээсэй гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Би дөрвөн хүүхэдтэй. Амьдралын хатуу зовлонг туулсан. Үнэндээ би ч гэсэн энэ хогийн цэг дээрээс амьдралаас залгуулж байсан. 2008 онд гэр бүлийн хүн маань өвчнөөр нас барж, өрх толгойлсон надад амьдрал улам хэцүү болж ирэх үед Улаанчулуут руу явдаг байлаа. Өвөл, зунгүй л тэр цэг дээрээс амьдралаа залгуулсан. Одоо охид маань асрамжийн газар байдаг. Харин хөвгүүд маань надтай хамт байна. Гэхдээ өнөөдөр хоёр хүү маань тэр хогийн цэг рүү явж байна. Үнэхээр хүүхдээ боловсрол эзэмшүүлж чадаагүй эцэг, эх бидний буруу их бий. Яалт ч үгүй амьдрал хэцүү байсан. Тиймээс би өнөөдөр энд ажиллаж байгаараа их бахархаж байна. Өнөөдөр энд ажиллаад багш гэдэг эрхэм сайхан албанд зүтгэж байгаадаа баяртай байна. Одоо хогийн цэг дээр хамт ажиллаж байсан хүмүүс надтай таараад гайхдаг. Би үнэхээр сайхан хамт олонтой боллоо. Мөн ач маань миний дэргэд байна. Энд олон хүүхэд хэцүү тэр замаас салж ирээсэй. Цэцэрлэг улам өргөжиж том болоосой, мөн сэтгэлийн бэлэг өгч байгаа та бүхэнд бас баярлалаа гэж хэлмээр байна" гэсэн юм.
Энэхүү сайн үйлсийн аяныг санаачилж, тусалж дэмжсэн нийслэлд зургаан салбартай “Амила” цэцэрлэгийн хамт олны эцэг, эхийн төлөөлөл ирсэн байлаа.
“Амила” цэцэрлэгийн 3-р салбарыг төлөөлөн Ундармаагийн ээж М.Сарантуяа, эгч Д.Буянжаргал нар хэлэхдээ "Бид 3-р салбараа төлөөлөн ирлээ. Энэ удаагийн сайн үйлсийн аянг 6-р салбар хариуцан ажиллаж байгаа юм байна. Маш олон сайн үйлсын аянг хүмүүс хийдэг. Харин эзнээ олсон үйлс хэр олон байдаг бол гэж бодож байна. Энэ хамт олон бол үнэхээр тэр хүсээд байсан тусламжийг эздэд нь хүргэж чадаж байгаа нь харагдлаа. Хичнээн богино зам байлаа ч ядарч, зүдэрч яваа тэр хүмүүст зам нь хүртэл бартаатай байдаг юм байна. Энэ хогийн цэгийн хүүхдүүдэд санаа тавьж, сэтгэл гаргаж, энэ бүгдийг хийж байгаа А.Баасандорж гэдэг залууд талархаж байна. Сургалтын төв, цэцэрлэг гээд төрөөс дэмжлэг авалгүй энэ бүгдийг хийж байгаад нь бахархаж байна. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ядарсан, гудамжны хүүхэд замбараагүй, эрээ цээргүй гэж явган яриа байдаг. Гэтэл бидний харсан тэр хүүхдүүд дунд тийм хүүхэд харагдсангүй. “Амила” цэцэрлэгийн хамт олондоо үнэхээр баярлалаа. Үнэхээр нүдээ олсон тусламжийг бид эздэд нь хүргэж өглөө. Тэр олон эцэг эхийн өмнөөс талархаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна" гэсэн юм.
Ч.БОЛОРЧУЛУУН