Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн дүнд Монгол Улс зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд татваргүй экспортлох боломж бүрдээд байгаа. Энэ асуудлаар өнөөдөр сайд Д.Эрдэнэбат салбарынханд тодорхой мэдээлэл өгч, ирэх зургадугаар сард болох Япон, Монголын төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад ноолуурын салбарынхныг идэвхитэй оролцохыг уриалав. Мөн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэгчдэд зээл олгоно. Зээл олгохдоо үйлдвэрлэгч бүртэй гэрээ байгуулна, түүнийгээ энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд дүгнэнэ гэлээ. Зээлийг үйлдвэрлэлийнхээ техник технологийг шинэчилж, бүтээгдэхүүний дизайн, чанарын сайжруулахад ашиглах ёстой гэдгийг сайд Д.Эрдэнэбат хэллээ.
Эдийн засгийн өсөлтөөрөө, мөн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг Япон улсад Монгол Улс бүтээгдэхүүнээ экспортолсноор хоёр орны худалдааны салбарт дэвшил гарах юм.
Г.ДАРЬ