Гадаад хэргийн яам өнөөдөр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээг нээсэн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, баатарлаг гавьяаг нэхэн дурсаж, дайны хүнд жилүүдэд монгол хүн бүр “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн нэгэн уриан доор нэгдэж Зөвлөлтийн ард түмэн, Улаан армийн найдвартай ар тал болж байсан” хэмээн онцолсон байна.
Арга хэмжээний үеэр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” нэртэй түүхэн гэрэл зургийн цомог, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киноны нээлт боллоо. Дэлхий даяар 60 гаруй сая хүний алтан амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, бүтээсэн гавьяаг харуулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” нэртэй түүхэн гэрэл зургийн цомгийг ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Үндэсний архивын ерөнхий газрын хамт олон бүтээсэн бол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Сэмүүн студи бүтээжээ. Эдгээр бүтээлүүд нь Аугаа Эх орны дайны ялалтын үнэ цэнийг залуу хойч үедээ сурталчлан таниулах дорвитой бүтээл болжээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Агуу их эх орны дайнд гар бие оролцсон ахмад дайчид, манай улсад үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын соёл урлаг, сургууль, бизнесийн байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүндэт зочид урилгаар оролцсон байна.
С.СҮРЭН