УИХ-ын чуулганы хуралдаан ширүүн уур амьсгалд өрнөж байна. Нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г. Уянга хатуухан шүүмжлэл хэллээ. Тэрбээр “ С.Баярцогт сайд та бултах газаргүй болсон, буланд шахагдчихлаа. Та нар 25 жилд хоёр дахин их өр тавьлаа, өөр юу ч бүтээгээгүй. Та бүхэн ачаа үүрээгүй юм байна, хувааж идэж уусан юм байна гэдгийг ойлголоо. Энэ үгийг би бүх намынханд хандаж хэлж байна. Та нар улс орныг яаж нурааж болдогийг харууллаа. Харин манай үеийнхэн энэ ачааг үүрэх юм байна. Харамсалтай байна. Та улстөрийн ойлголцол хэрэгтэй гэлээ. Улстөрийн ойлголцол бол та бүхний 25 жилийн түүх. Одоо энэ түүхийг дуусгах талаар л ярина. Одоо дахиад юун ойлголцол хэрэгтэй гээд байгаа юм бэ. Асуудлыг шийдэхийн тулд та нар төсвөөс, тендерээр мөнгө идэхээ болих хэрэгтэй. Та нэмээд ухаад байя гээд байх юм. Уг нь өөрт оногдсоноо идчихсэн шүү дээ. Миний хүүхдүүд өл залгах хоол байна уу. Одоо энэ Үндсэн хуулиа хэлэлцэе. Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад л энэ парламентийг тараая” гэсэн юм.
Түүний хэлсэн энэхүү саналд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Үндсэн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гээд Ажлын хэсэг гаргаад төсөл бэлэн болж байгаа. Удахгүй орж ирэх байх. Таны хэлсэн саналуудыг хүлээж авахад хүнд байна. Та макро эдийн засгийн талаар их буруу ойлголттой явдаг юм байна. Бидэнд эдийн засгийн хямралыг даван туулсан сайн туршлага бий. Яагаад ингэж юмыг харлуулдаг юм бэ. Бид мөчлөгийн эсрэг эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж чадаагүй нь үнэн. Урд үеийнхэн руугаа гар буу шагайвал ирээдүй чинь их буугаар буудна гэдэг үг бий. Та дүгнэлтүүдээ бодолтой хэлээрэй. “Самурай”, “Чингис” бондын зарцуулалтыг тайлангаа ҮАБЗ-д, УИХ-ын гишүүдэд өгч байгаа. Таны үг хэлэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ буруу дүгнэлтүүдийг чинь байнга залруулахын төлөө байна” гэсэн юм.
С.ОТГОН