“ОУВС-ийн хөтөлбөрийг авах хувилбар байгаа”

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

“ОУВС-ийн хөтөлбөрийг авах хувилбар байгаа”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд  хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Үндсэн чиглэлийг боловсруулахад   тоомжиргүй  хандсан өнгө аяс байна. Макро түвшинд үүссэн нөхцөл байдал микро түвшинд нөлөөлж байгаад Монголбанк хариуцлага хүлээдэггүй юмуу. Засгийн газар Монголбанкийг хаацайлаад суугаад байна уу. Хариуцлага хүлээлгэх цаг болсон юм биш үү?

УИХ-ын гишүүн С.Баярцогт: 2016 оны Үндсэн чиглэл төсөв санхүүгийн байдалтайгаа уялдаж гарсан. Нарийвчилсан тооцоог Сангийн яам гаргасан. Үндсэн чиглэлтэй зэрэгцээд Төсвийн хүрээний мэдэгдэл  яригдана.  Өнгөрсөн  хоёр дахь өдөр ҮАБЗ дээр эдийн  засгийн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн хурал болсон. Ирэх баасан гаригт Ерөнхий сайд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Монголбанк УИХ-ын бүтцийн байгууллага учраас  Засгийн газар хариулт өгөх боломжгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үндсэн чиглэлийг батлахад Монголбанкныхан оролцоогүй гэж байнгын хорооны хурал дээр хэлсэн. Уг асуудлаар байнгын хороон дээр хэлэлцэх эсэхээ шийдээд Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг маань  Засгийн газар, яамдуудтай тулж ажиллаж эдийн засагтайгаа уялдуулах шаардлагатай гэж үзсэн. Зарим гишүүд хариуцлагагүй боловсруулж оруулж ирсэн нь дүр эсгэсэн байдлаар хандсан  гэж шүүмжилж байгаа.  

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  Намуудын мөрийн  хөтөлбөрийг хэр тусгасан бэ. Амлалтаа мартсан байна. Ялангуяа уул уурхайн чиглэлээр олон амлалт гарсан. Гэтэл үүнийхээ эсрэг зүйлийг хамтарсан Засгийн газар хийсэн. Битүүний өдөр хар хууль баталсан. Энэ бол цаашдаа эдийн засгаар дамжиж улс орны тусгаар тогтнолд аюул учрах хууль.  Үндсэн чиглэлийг боловсруулахад  Монголбанк  оролцоогүй бол  хэлэлцэх хэрэг байна уу?

УИХ-ын гишүүн С.Баярцогт: 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахад сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярих шаардлагагүй. Харин Засгийн газрын 2012-2016 оны  мөрийн хөтөлбөрийг баталсан. Шинээр засаг байгуулагдаж   МАН засагт  орж ажилласантай холбоотойгоор  эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө, дунд хугацааны хөтөлбөр гаргахаар болсон.  Одоогийн   Үндсэн чиглэл   олон баримт бичиг дээр суурилж байгаа учир намуудын мөрийн хөтөлбөр тусгалаа олсон гэж хэлж болно. Үндсэн чиглэл дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үндсэн чиглэлийн  зорилт, төсвийн хүрээний мэдэгдлийг хамтад нь хэлэлцэх санал гаргасан.  Хэрэгжүүлэх   үүрэг нь Монголбанк ,Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газарт бий.  Монголбанк оролцоогүй гэдэг асуудлыг Байнгын хороон дээр шийдэх байх.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:  Монголбанк  Үндсэн чиглэлийг боловсруулах   шатанд оролцоогүй гэж хэлсэн учраас энэ асуудлыг  гаргаж тавьж байна. Одоо ч Монголбанкнаас төлөөлөл ирээгүй байна. Монголбанкнаас хуулиараа санал авч, татаж оролцуулж, өргөн барьсан байх ёстой гэж манай гишүүд хэлсэн.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Үндсэн чиглэлийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхэд л   үндэслэлгүй баримт бичиг  юм байна гэдгийг ойлгосон. Ийм чухал баримт бичгийг УИХ-д гол гол байгууллагууд нь  хамтарч оруулж ирж болдоггүй юмуу. Нэг, нэгэндээ томордог юмуу. Тоогоо нэгтгээгүй гээд сууж байдаг. Хүнд байна, улам хүнд болно гэдгийг ч хэлж байна. Урсгал зардлыг  санхүүжүүлэхэд хэцүү байна гэж ярьж байна. Одоо Засгийн газарт  гарц  байна уу. Тавантолгой тодорхойгүй болчихлоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр цоглог дуугараад байсан, одоо таг болчихсон уу. Эсвэл тэр ОУВС-ийн хөтөлбөрийг авах юм биш үү?

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Гадаадын хөрөнгө  оруулалт 2015 он гарсаар хасах гарсан. Тиймээс одоо экспорт нэмэгдүүлэх, гаднаас зээл авах гэсэн сонголт байгаа.  Эдийн засгийн энэхүү нөхцөл байдал  ганцхан энэ  Засгийн газрын асуудал биш.  Эдийн засаг өсөлттэй байсан жилүүдэд  Монгол Улс мөчлөг сөрсөн эдийн засгийн  бодлого явуулаагүйтэй холбоотой. Бас мөнгөний бодлого сул, эдийн засгаа хэт тэлсэнтэй  холбоотой.  ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх нэг хувилбар байгаа.   Эдийн засаг маш их хэмжээгээр томорсон, уул уурхайн хамаарал их байгаа зэрэг хүндрэлүүд байгаа. Давхар хямралын шинж бүрдчихээд байгаа. Бие биеэ шүүмжлэхээс илүү  намуудын харилцан ойлголцол нэгдэл чухал. 2008 оны хямралыг давахдаа улстөрийн зөвшилцөл байсан. Тиймээс богино хугацаанд гарч чадсан. ОУВС-ийн хөтөлбөр авна гэдэг бодлогын сонголт. Энэ бодлогын сонголтыг Засгийн газар хийх ёстой. Одоо хөтөлбөрийн нөхцөл уян хатан болсон.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  3.8 их наяд төгрөг  шаардсан  Үндсэн чиглэл батлах гээд байна. Энэ мөнгө чинь босч чадах юмуу. Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө гээд баталчихсан шүү дээ.  УИХ-ын тогтоол ч бий.  Үндсэн чиглэл чинь хямралаас гарахад чиглэсэн баймаар байна. Ийм  зүйл харагдахгүй байна. Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх ёстой байгууллага нь Үндсэн чиглэл боловсруулахад оролцоогүй гэхээр  Засгийн газар хариуцлагагүй байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Үндсэн чиглэлийн тоог зөвхөн Сангийн яамны тоон дээр үндэслэдэггүй. Олон улсын байгууллагуудын судалгааг харгалздаг. Эдийн  засгийн өсөлтийг  дунджаар 5 хувь гэж оруулж ирж байгаа. Анализын хувьд  зөрүүтэй зүйл байхгүй. Одоо харин төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэчихээд байна. Энэ үед ямар сонголт хийх вэ гэдэг бодлогын сонголт болоод байна.  Тогтворжуулах  хөтөлбөр буюу ОУВС-ийн хатуу хувилбар яригдаж байгаа.  3.1 их наяд төгрөгийн хөрөнгө  оруулалт гэдэг  ерөнхий тоо. Төсөв талдаа бол шинээр эхлэх боломж хязгаарлагдмал байна. Урсгал  зардлаа ч танана.  ОУВС-ийн хөтөлбөр авах  нь нэг сонголт байгаа.  Эцсийн   шийдвэрийг  Сангийн яам, Монголбанкны санал дээр тулгуурлаж Засгийн газар гаргана.

Хуралдаан үргэлжилж байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж