Монголын анхдагч Дизайнер брэнд “ARIUNAA SURI” брэнд нь дахин нэг тэсрэлт хийж байгааг дуулгахад таатай байна. Саяхан өөрийн нэрийн дэлгүүр, урлангаа их хотын маань залуучуудын очих дуртай газар болсон “Viva city” хотхонд нээлтээ хийсэн “ARIUNAA SURI” брэнд дэлхийн тайзнаа дахин гарахаар боллоо. Тэрбээр Грац хотод болж буй тэмцээнд оролцох гэнэ. Дизайны соёлын маш урт түүхтэй Грац хот нь олон улсын дизайн, нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилд стратегийн арга хэрэгсэл болж, бүтээлч үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөн ажиллаж байна.
Грац хотод болж буй “Designmonth Graz 2015“ үйл ажиллагаа нь бүтэн нэг сарын турш үргэлжилж нийт 52 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Энэхүү үйл ажиллагааны оргил хэсэг болох “Аssembly–Тhe designfestival in Graz“ энэ сарын 28-31ний хооронд болох бөгөөд энэ удаад 14 улсын 60 гаруй сонгогдсон дизайнеруудын ур ухаанаа уралдуулан бэлдсэн цоо шинэ бүтээлүүд „Schlossbergbuehne“ ордоны тайзнаа дэлгэгдэнэ.
Уг фестивалийн дээд шагнал болох “Kastner & Oehler“ авардст 9 дизайнер үлдсэний нэг нь “ARIUNAA SURI” -ийн нэр шалгарсан тухай албан ёсны мэдэгдэл ирсэн аж. ”Аssembly“ фестивальд Итали, Болгар, Голланд, Унгар, Австри, Германи гэх мэт орнуудын дизайнерүүд оролцох ба анх удаа Монгол Улсаа төлөөлж ARIUNAA SURI баг хамт олон явах гэж байна. Мөн 75000 гаруй зочид гийчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирдэг билээ. Жилээс жилд рейтинг нь өсч яваа “Аssembly 2015“ фестивальд “ARIUNAA SURI” брэнд 2016 оны цоо шинэ коллекцынхоо эхлэлээр оролцох гэж байгаа аж.
Г.ТУУЛ