Монгол Улс тун хошин байдалд оржээ. Газрын тосны нөөцтэй ч түүнийгээ урд хөрш рүүгээ түүхийгээр нь шууд гаргачихдаг. Тэгээд хойд хөршөөсөө бүх төрлийн нефть бүтээгдэхүүнээ 100 хувь импртоор авна. Нэг ижил барааг нэгэнд нь экспортлоод, нөгөөгөөс нь импортлоод. Үүний зөрүүд нь иргэд өндөр үнэтэй нефть бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо бүр хэрэглэх ч эрхгүй болж орхижээ. Олон улсын зах зээл болон ОХУ-ын дотоодод үүссэн нөхцөл байдлаас улбаалж монголчууд дизель түлш авч чадахаа больсон нь энэ юм. Сайд, дарга нар ирэх долоо хоногт түлшний хомсдол арилна гэж худлаа ярьсаар сарын нүүр үзэж байна. Ямар сайндаа л томоохон нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа саатаж, нийтийн тээврийн хэрэгслийг цөөлж, зам барилгын компаниуд ажлаа зогсоон, төмөр замын тээврийн зарим маршрут зогсоход хүрэх вэ дээ.
Өчигдрөөс нийтийн тээврийн хэдэн компани тасалбарын үнээ нэмлээ. Том хүн 300, хүүхэд 100 төгрөг байсан үнэ 400, 200 болж, 100 төгрөгөөр өсчээ. Яагаад тасалбарын үнэ нэмэгдэв гэсэн асуултад “нэмэх ёсны байсан, нэмсэн хүнд нь хариуцлага тооцно” гэсэн хариулт дуулдав. Уг нь Монгол улс чөлөөт эдийн засагтай улс. Төвлөрсөн төлөвлөгөөт, социалист нийгэм бишсэн. Нэгэнт л нийтийн тээврийн компаниудыг хэрэгцээтэй түлшээр, хэлсэн үнээрээ хангаж чадахгүй байгаа бол тэдний үнийг барьж яах вэ.
Шатахуун импортлогч компаниуд үнээ мөн нэмжээ. Засгийн газар онцгой албан татварын орчноор зохицуулалт хийж зарим хил дээр тэглэсэн нь ч бий. Гэхдээ энэ зохицуулалт импортлогчдод нэмэр болоогүй бололтой. Ховордоод буй дизель түлш литр нь 1690 төгрөг болж, бусад бүх төрлийн шатахууны үнэ тус бүр 50 төгрөгөөр өслөө. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас үнэ өөрчлөхгүй гэсэн яалаа гэж асуухаар “Уг нь татварын орчноор зохицуулалт хийж үнэ өөрчлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа” гэх хөшүүн хариулт өгч байх юм. Харин компаниуд үнэ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарлаж байна. Засгийн газар, компаниудын хоорондын үл ойлголцлын зөрүүнд өнөө л хэдэн ядуу ард түмний түрийвчин дэх хэдэн бор төгрөг хорогдсоор. Шатахууны үнийн өсөлтийг дагасан бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болж ирэв. Юутай ч чөлөөт зах зээлийн энэ үед төр, хувийн хэвшил хоёрын үнэ барих ажил лав зам нийлэхээ больсон нь түлшний хомсдлоор илэрч байна уу гэлтэй. Үнэ барих гэж оролдсон Засгийн газрын хяналтаас бүх юм гарч байна. Компаниудтай үнэ барих тохироо хийсэн ч тэд хэлсэндээ хүрсэнгүй, салбарын сайдыг урд, хойд хөршөөсөө нефть бүтээгдэхүүн гуйж явах зуур тэд үнээ нэмчихлээ. Аанай л эцэг эх нь эзгүй айлын хүүхдүүд шиг хэрэглэгчид нэмэгдсэн үнээр нь арга буюу худалдан авч байна. Засгийн газар түлш авчирч байгаа, нааш ачуулж байгаа, үнээ нэмэхгүй гэсэн шүү дээ гээд хэчнээн хэлж, санууллаа ч нэмэр алга. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх сүржин нэртэй ядруухан байгууллага ч энэ үед таг чиг.
Ардчилсан улсад бол энэ нь хошин үзэгдэл л дээ. Засгийн газар нь хувийн хэвшлийнхний өмнөөс явж тэдний зарах барааны үнэ, хэмжээг хоёр улсын хувийн компаниудтай тохиролцоно. Тэгснээ бэлэн хэлэлцээрийн дагуу импортлогч компаниуд нефть бүтээгдэхүүн ачиж авчраад хэрэглэгчдэд борлуулна. Бизнесийн хувьд гол ашгаа гаргаж авч байгаа компаниуд ямар ч эрсдэл хүлээхгүй. Орос түншүүд үнээ нэмэхэд Засгийн газар татвараа буулгачихна. Тэдний ашиг ч буурахгүй, ямар ч эрсдэл үүрэхгүй. Монголын нефть импортлогчид ийм байдлаар сүүлийн жилүүдийг элээж Засгийн газрыг өмнөө сөхрүүлсээр. Тэгснээ “Роснефть” үнээ нэмлээ гээд шууд нэмдэг. Гэтэл 7, 14 хоногийн өмнө хямд байхад нь оруулж ирсэн бензинээ нэмэгдсэн үнээр зарж байдаг. Харин “Роснефть” үнээ буулгахаар буулгадагггүй, 7,14 хоногийн өмнө үнэтэй байсан бензинээ зарж байна гэх гажиг хариулт барьдаг.
Зах зээлд үнэ барихын оронд шударга өрсөлдөөнийг бий болгож байж үнийг хямдруулдаг бичигдээгүй хуультай шүү дээ. Нефть импортлогчдын дунд шударга өрсөлдөөн бий болгож, үгсэн хуйвалдаж, нэгэн зэрэг дуугаар үнэ нэмдгийг нь таслан зогсооё. Засгийн газар үнэ барих гэж оролдсон энэ аргаараа нийтийн тээвэр, нүүрсний уурхай болон цахилгааны үнийг барьсаар хэр удаан дэнжигнэх вэ. Чөлөөт эдийн засаг дахь энэ болхи аргыг халъя. Үнийг зах зээлийнх жамд, чөлөөт өрсөлдөөн дунд орхивол яасан юм бэ. Хувийн бизнест хошуу дүрж, гурил талхны үнэд оролцдогоо боль, Засгийн газар аа. Ердөө шударга өрсөлдөөн л тогтоогоод өгчих.