Монголчуудын уг дээд эх нь чоно гэдэг амьтан байсан мэтээр махчилж ойлгох явдал байсаар байдаг нь ихэвчлэн гадаадын судлаачдын бүтээлүүдэд тааралддаг боловч хожмын зарим монголчууд ч ингэж ойлгох нь түгээмэл болсныг Ерөнхий сайд асан М.Энхсайхан гуайн төсөрхөн “Өдрийн сонин”-д бичсэн “Чонон сүлд ба хятадын үндэсний үзэл” гэх бичлэгээс харахад илэрхий байна.
Бөртэ чоно, Гуа марал гэдэг нь чоно, буга хэмээх хоёр амьтан эвцэлдээд монголчуудын дээд удмын анхны хүнийг бий болгосон гэж хэлж байгаа хэрэг биш тийм нэртэй эр, эм хоёр хүн байсан гэж ойлговол үнэнд ойртоно. Өдгөө ч хүүхдээ амьтдын нэрээр нэрлэх нь ганц Монгол гэхгүй бүхий л улс үндэстэнд уламжлагдсаар байна.
Хүн төрөлхтөн үр хүүхэддээ нэр өгөхдөө аль болох сайн сайхан аз жаргалтай амьдрахыг бэлгэдэж Азжаргал, Энхсайхан, Жаргалсайхан гэх мэт нэр хайрладгаас гадна өөрсдийн шүтэн биширдэг зүйлсээ бодож чухамдаа тиймэрхүү л хүч чадал, од хийморьтой байгаасай гэсэндээ Баавгай, Бүргэд, Харцага, Арслан гэх мэт хүчирхэг амьтадын нэрээр нэрлэх, мөн Буддын шашин дэлгэрснээс хойш Санги, Санжаа, Бадамжунай гэх мэт төвд хэлээр боловч мөн л сайн сайхныг бэлгэдэн бурхадын нэрээр нэрлэх болсон нь одоо бараг монгол нэр мэт санагддаг болжээ. Мөн нэрний хүндлэл, бахархал өдгөө монголын үндэсний бөхийн цол дээр ч уламжлагдаж байна.
Тиймээс Бөртэ чоно гэдгийг жинхэнэ чоно байсан гэж ойлгох нь том эндүүрлээс гадна цаг тооллын бэлгэдэл арван хоёр амьтдыг ч бас амьдчилж шууд утгаар нь ойлгож болохгүй юм. Тиймээс хонийг амьдрах чадваргүй сул дорой, чоныг ухаалаг овсгоотой амьтан гэж харьцуулсны төлөө хонь жилтэй хүн бүр М.Энхсайхан гуай шиг өөрийг хонь гэж хэлсэн мэт хонийг өмөөрч чоныг үзэн ядаж болохгүй ээ.
Монголчууд яагаад чоныг дээдлэн шүтэж хангайн амьтан, тэнгэрийн нохой, хээрийн боохой гэх мэт нэрийг нь ч цээрлэн дууддаг вэ гэхээр чоно бол аймшигт араатнаас эерүү зөөлөн эх нь болох гэх мэт олон янзын ааш аягаар хүнтэй харьцаж чаддагаараа онцгой амьтан юм. Чухамдаа Хятадын зохиолч Зян Рун гуайн бичсэнээр монголчууд чонотой харьцдагаараа баатарлаг дайчин байсан байх. Монголчууд зэрлэг амьтдын дотроос чонотой хамгийн их харьцаатай байдаг нь мөнөөх “Хэрэв чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэгтэй агаар нэгэн юм. Чонотой харьцахгүй баймаар байхад чоно өөрөө харьцах нөхцөл байдлыг үүсгэдэг гэсэн үг юм.
Зян Рун гуайн монголчуудыг чонотой зүйрлэсэн нь биднийг зэрлэг гэлээ гэж зэмлэхийн оронд бага ч гэсэн баярлах хэрэгтэй нь дэлхийн 32 хэлэнд хөрвүүлэгдэн олон сая уншигчийн хүртээл болоод байгаа “Чонон сүлд” роман нь монголчуудыг чонотой харьцуулснаараа зэрлэг араатан гэх биш өвөг дээдсээсээ байгалиа шүтэж, зүй зохистой ашиглаж, хамгаалж, хайр гамтай хандаж ирсэн нь чоно мэт ухаалаг ард түмэн бөгөөд харин ч дэлхий нийтийг тэр дундаа Хятадыг монголчуудын байгалиа хамгаалах арга ухаан хийгээд чоно мэт дасан зохицох чадвараас суралцаасай билээ гэснийх бусуу.
Байгалиа хамгаалах уламжлалт арга ухаан, зан заншил, уламжлал ёсоо дээдлэн хадгалж, хойч үедээ өвлүүлэх тухай далан жилийн турш хэлэх ярих ч эрхгүй болж самуурснаас тэр ёс жаягыг дамжуулах шижим тасарч энэ талаарх мэдлэгийг уламжлалаа ухаж сэргээх гэж мунгинаж байснаас мөнгө зарж гаднаас суралцах нь дээр гэж дуугарах нь бидний дунд бараг олонхи болж байх шиг байна.
Монголчууд морийг сайн хань нөхрөөс өөрцгүйгээр үзэж байснаас биш сүлд шүтээнээ болгож байсан түүх байхгүй. Харин социализмын чиг баримжаатай болсноос хойш буюу 1924 оны Үндсэн хуулиар Монгол улсын төрийн сүлдийг соёмбо, 1940 оны Үндсэн хуулиас эхлэн амьжиргааны гол эх үүсвэр болсон морь, тэмээ,үхэр, адуу, хонь, ямааг Коминтерний улаан таван хошуутай адилтган таван хошуу мал гэж нэрлэн төрийн сүлдэнд оруулсан бөгөөд одоогийн модон морь ч үүнээс улбаатай юм. Тэнгэрт халин нисэх шонхор шувуу, дүрэлзсэн галын дөл тэргүүнтэй соёмбо үсгэн төрийн сүлдтэй байснаа амийг нь тасалж иддэг морь мал бүүр сүүлдээ түүнийгээ модоор хийсэн мэт сүлдтэй байх нь яаж л өөдтэй байхыг бэлгэдэв гэж гэмээр санагддаг юм.
Зохиогчийн тухайд бол харин туулсан амьдрал, залуу насаа дурссан дурсамжаа баяжуулж уран зохиолын хэлбэрт оруулж бичсэн, бас дээр нь бизнесийн асуудал л байгаа юу гэхээс өөр санаа байхгүй байхаа. Харин хэрхэн хэрэглэхийг нь хэрэглэгчид л мэднэ биздээ. Хутгыг яаж ашиглахаа хэрэглэх хүн нь л мэддэг биздээ. Харин монгол чонын тухайд бол орчин цагт харин ч хурдан буу, машин тэргэндээ дулдуйдан амьтан алахын хэнээ туссан хүмүүс олширсний улмаас чоно цөөрч үлийн цагаан оготоноор газар нутгаа цөлжүүлээд дуусч байгаа бусуу. Үнэндээ техникт л дулдуйдаж байгаагаас бус хүн чоно хоёр халз тулвал чононы хажууд хүн хэн билээ. Хонь л биздээ.