Анзаарагдамгүй алдагдал

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Анзаарагдамгүй алдагдал

-315 саяар нэгэн зуны настай цэцэг тарьж биш, олон наст мод ургамал ургуулж чимбэл яасан юм бэ. Эдийн засаг хүнд байна, хэцүү байна гэх хэрнээ нэг наст ургамалд өдий төдий мөнгө зарцуулсныг хараад хүмүүс стрессээ тайлах биш харин ч  хамаг мөнгөө үргүй зарж буйд харамсан бухимдах л болов уу даа-

Алдагдал аймшигтай. Эдийн засаг эвгүйтсэн энэ цаг үед алдагдал хүлээхээс хүн бүр л  айдаг. Гэтэл та биднийг огт анзааргагүй явах зуур улс, нийслэл, дүүргийн хөрөнгийг үргүй зүйлд зарцуулж, тэр хэрээр татвар төлөгч та бидэнд алдагдлыг үүрүүлсээр байгаа нь харамсалтай. Дээгүүрээ Оюутолгой, Тавантолгойг  булаалдаж, дундаж давхаргынхан нь цалин мөнгөө нэмүүлнэ хэмээн хэмлэлдэж байх зуур өдий төдий мөнгө үр ашгаар маруухан, алиа балай зүйлд зарцуулагдсаар байна. Улаанбаатар хотод л гэхэд зуу зуун саяар үргүй зардал гаргаж, алдагдалд оруулсан хэдхэн жишээг дурдъя.

 

Баримт 1.ТАМХИ ТАТАХ ЦЭГ

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараахан нийслэлд хэд хэдэн газарт “Тамхи татах цэг” бий болсон. Шөнийн цэнгээний газар, автобусны буудал, баар ресторан, үйлчилгээний төвийн гадна талд нэг л өдөр бий болсон “Тамхи татах цэг” өнөөг хүртэл зориулалтын дагуу ажиллахгүй хаалга үүд нь цоожтой байна. “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх автобусны буудал, Бөхийн өргөөний өмнө, Халдвар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо гэхчилэн газруудад байрлуулсан энэхүү “шилэн хорго”-ыг чухам хэн хэзээ байрлуулсныг зэргэлдээх байгууллагууд нь ч мэдэхгүй байгаа юм. Манай сэтгүүлчийн эрэн сурвалжилж тогтоосноор тамхины цэг нь “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” гэх татан буугдсан газрын “бизнес” ч байж мэдэх нь. Угтаа бол тамхи татах цэг байгуулах хөрөнгө мөнгийг харъяа дүүргийн төсвөөс шийдвэрлэж, байршлыг нь тодорхойлохоор хуульд тусгагдсан. Гэтэл “Тамхи татах цэг” байгуулах шийдвэр гарахаас бараг жилийн өмнө “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийнхөн төсвийг нь шийдээд захиалгаар хийлгэчихсэн байх жишээтэй. Тус бүр нь 14 сая төгрөгийн өртөг бүхий 20 цэгийг одоогоор байрлуулсан гэсэн тоо байна. Тооцоод үзвэл 280 сая төгрөг. Байршуулаагүй хэд байгааг мэдэхгүй. Яг үнэндээ 3*4-ийн хэмжээтэй энэ цэг 14 сая төгрөгийн өртөгтэй босно гэдэг ч хуудуутай. Багагүй төсвөөр бий болсон “Тамхины цэг”-ийн үйлдвэрлэл, ашигалалтын талаар нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн удирдлага, Улаанбаатар нэгтгэлийнхэн огт мэдэхгүй байгаа нь ч асуудал дагуулж байгаа юм.

 

Баримт 2. БОЛЗОХ ЦЭГ

Болзох цэг гэхээр болзоот залууст зориулсан газар мэт ойлгогдоно. Ер нь бол энэ цэг яаралтай тусламжийн дуудлага өгсөн хүмүүс болон 101,102,103,105-ынхны уулзах цэг юм. Гэр хорооллын мухар гудамж, нарийн замд хаяг адрессгүй айл өрхийг олж очиж тусламж үзүүлнэ гэдэг өвснөөс зүү хайхтай ижил. Үүнээс болж хэд хэчнээн хүн тусламж авч амжилгүй хорвоогоос хальсныг таашгүй. Чухам тиймээс л “Болзох цэг”-ийг байгуулах мэргэн санаа хэн нэгэнд төрсөн байж таарна. Энэхүү болзох цэгийн санаа нь зөв ч арга нь бас л буруудаж эхэлсэн юм. Нийслэлд 16 газарт байгуулсан гэх “Болзох цэг”-т Азийн сангаас 41.4 сая төгрөг, нийслэлийн хөрөнгөөс 68.8 сая төгрөг, нийт 100 сая төгрөг зарцуулжээ. Хаягжилт тодорхойгүй айлууд яаралтай тусламж дуудахдаа гэртээ хамгийн ойр байрлах “Болзох цэг”-ээ заагаад өгөхөд хангалттай гэж санаачлагчид үзжээ.  Гэвч нийслэлийн зарим хороонд байгаа “Болзох цэг” зориулалтаараа ашиглагдахгүй байна. “Болзох цэг” байгуулахаар тохижуулсан газарт орой үдшийн цагаар архидан согтуурч, ойр орчмын айлуудынхаа амгалан тайван байдлыг алдагдуулах болсныг саяхан бид мэдээлсэн. Чухамдаа бол болзох цэг нэртэй 16 ширхэг саравч барьж, хүний өөрийн нийлсэн 100 сая төгрөг үргүй зарж байхаар зам харгуй хааж буусан айлуудыг нүүлгэх, нарийн гудамжийг өргөтгөхөд зарцуулсан бол илүү үр дүнтэй байж мэдэх юм.

 

Баримт 3. ЗУНЫ НАСТАЙ ЦЭЦЭГНҮҮД

Манай нийслэлд ногоон байгууламж хэрэгтэй юү гэвэл хэн бүхэн тийм гэж хариулна. Тиймээс цэцэрлэгчид хотоо ногооруулах ажилдаа хэдийнээ оржээ. Хаана л бол хаана мод сөөг суулгаж, үр үрсэлгээ барьсан ногоон өмсгөлтнүүд тааралдаж байна. Харин нэгэн зуны настай цэцгэнд өдий төдий зуун сая төгрөг бүү зараасай гэж иргэдийн олонх нь хүсч байна. Өнгөрсөн хоёр зун нийслэл хотыг өнгө өнгийн цэцгээр гоёхын тулд хагас тэрбум давсан хөрөнгө мөнгө зарсан. Нэг л зунд зөвхөн цэцгэнд 315 сая төгрөг зарцуулна гэдэг бүсээ чангалсан цаг үед арай л хэтийдсэн хэмжээ. Гэтэл нийслэлийн тохижилт соёлжилтыг хариуцсан Улаанбаатар нэгтгэлийн удирдах албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жил 315 гаруй сая төгрөгийг  цэцгэнд зарцуулсан. Сая гаруй хүн амтай хотод тэр байтугай л мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Яахав дээ, 315 сая төгрөг зарцуулаад хотын төвөө цэцэгжүүлэх бол нэг их асуудал биш. Хүмүүсийг баярлуулж байна шүү дээ. Тэгээд ч энэ цэцэгсийн нийгмийн ач холбогдол нь их өндөр. Хүмүүс тэр цэцгийг хараад тайвширна, стрессээ тайлна. Цаашлаад бүр нарийн тооцох юм бол тэр цэцэг чинь Монголын эдийн засагт 315 сая төгрөгөөсөө илүү их ач холбогдолтой юм билээ” хэмээн айлджээ. Цэцэгнээс эдийн засгийн үр ашиг гарах нь юү л бол. Харин дотооддоо тарьж ургуулсан бол Соёолж мэтийн цөөн хэдэн компанийн хэтэвч чамгүй хэмжээгээр зузаарсан л байх. Хотоо гоёж, чимж болно. Гэхдээ 315 саяар нэгэн зуны настай цэцэг тарьж биш, олон наст мод ургамал ургуулж чимбэл яасан юм бэ. Эдийн засаг хүнд байна, хэцүү байна гэх хэрнээ нэг наст ургамалд өдий төдий мөнгө зарцуулсныг хараад хүмүүс стрессээ тайлах биш харин ч хамаг мөнгөө үргүй зарж буйд харамсан бухимдах л болов уу даа.

Ердөө гуравхан жишээ татахад ийм байна. Нийслэлийн хувьд шүү дээ. Харин хөдөөд бол “Шинэ сум” төслөөс эхлээд үргүй зардал, анзаарагдамгүй алдагдал зөндөө бий. Хэрвээ эдийн засгийн өгөөж, хүмүүсийн ахуй амьдралын эерэг нөлөөг нь бодсон бол уг төслийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад биш нийслэлийн ойролцоох сумдад хэрэгжүүлэх байсан биз. Тэгж гэмээн дөрвөн уулын дундаа багтаж ядсан зарим нь шинэ сумыг зорих байлаа. Аятайхан харагдахыг нь тооцсон бол гадныхан байнга зорьдог Хөвсгөлийн Хатгал, Ханхад хэрэгжүүлэх байсан. Гэвч эрх мэдэлтнүүдэд эдийн засгийн өгөөж, ард олны амьдрал огтын хамаагүй болохоор яалтай.

Д.ЦЭЭНЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж