Улаанбурханы нэмэлт вакцинд хүүхдүүдээ хамруулаарай

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Улаанбурханы нэмэлт вакцинд хүүхдүүдээ хамруулаарай

Энэ оны гуравдугаар сараас эхлэн улс даяар улаанбурхан өвчин дахин дэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн турш огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчин дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байгаа билээ. Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр улаанбурхан болох нь батлагдсан байна.

Дэгдэлт одоо ч үргэлжилж байна. Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг  тавдугаар сарын 15-25-ны хооронд зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдэд болжээ. Улсын хэмжээнд дээрх насны ангиалалд багтах бүх хүүхдэд улаанбурханы эсрэг вакцин тарина. Урьдчилж авсан судалгаагаар 370,000 хүүхэд байгаа тооцоо гарчээ. Тиймээс төдий тооны вакциныг захиалан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын тусламжтайгаар эх орондоо авчраад байгаа юм байна.  Нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, вакцин хариуцсан эмч нарын 2-3 өдрийн сургалтыг ЭМСЯ, НҮБХС, ДЭМБ, ХӨСҮТ, ЭМХТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэ сургалтанд оролцсон хүмүүс орон нутагтаа очоод сум, өрхийн эрүүл мэндийн төвийн  вакцин гардаж хийх эмч, сувилагч нарт сургалт явуулах ажээ.

Тавдугаар сарын 15-ны өдөр бүх аймаг, нийслэл дүүрэгт нэгдсэн журмаар нэмэлт вакццины нээлт хийж, вакцинжуулалтыг эхлүүлнэ. Тиймээс зургаан сараас тав хүртэлх насны хүүхэдтэй айл өрх, эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй байгааг эмч мэргэжилтнүүд сануулав. Энэхүү  вакцин нь 10 хүн тунгаар савлагдсан, вакцин юм байна. Нэг сав вакциныг задалж, найруулснаас хойш зургаан  цагийн дотор тарьж дуусгах ёстой. Хэрэв задалснаас хойш зургаан  цагаас хэтэрвэл  устгах ёстой. Ийм учраас аль болох хаягдал, хорогдолгүйгээр хүүхдүүддээ тарьж, цаашид өвчлөхөөс хамгаалахад анхаарах нь зүйтэй байгааг ч мөн ярилцжээ.

Вакцин тарихдаа эмч заавал үзлэг хийнэ. Тарьж болохгүй заалттай байвал зөвлөгөө өгч, шалтгаан нь арилсаны дараа заавал нөхөн вакцинжуулах учиртай юм байна. Сүүлийн 1-2 сарын дотор улаанбурханаар өвчилсөн нь оношлогдож эмчлүлсэн бол вакцин тарихгүй. Вакцин тарихад хоцрох эрсдэлтэй явуулын болон айлд тавиул, түр оршин суугаа, алслагдсан отор нүүдлийн нутагт байгаа, тодорхой оршин суух хаяггүй, гэр оронгүй, өвчин эмгэгийн учир чөлөөлөгдөж хоцордог хүүхдүүдийг заавал вакцинд хамруулахад онцгой анхаарах шаардлагатайг ЭМСЯ-наас анхаарууллаа.  Цэцэрлэгийн хүүхдийг цэцэрлэг дээр нь тарина. Тарих үед цэцэрлэгтээ ирээгүй байсан бол нөхөн тарицлах ёстой юм байна шүү.  Хэрэв танайх зургаан сартайгаас таван  настай хүүхэдтэй бол, улаанбурханаас сэргийлэх нэмэлт  вакцин заавал  тариулаарай.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж